dobu.mndobu

48 нэр дэвшигч ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогджээ

48 нэр дэвшигч ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчсөн нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд төрийн албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд хамаарч хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргахаас гадна нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн тохиолдолд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянаж АТГ-аас тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаарх дүгнэлтийг гарган, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг.

Энэ хүрээнд 2024 онд нийт 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг тус газраас хянаж хариуг хүргүүлжээ. Үүнээс албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдсон 48, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүйг анхааруулсан 1265 нэр дэвшигч байжээ.

Хяналт шалгалтаар ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. Нэр дэвшигч нь тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах ижил үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүтцэд бүртгэлтэй, өөрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй албан үүргийн хувьд шууд захирагдах буюу хяналт тавих нэгжид хамт ажиллахаар нэр дэвшсэн, мөн Төрийн албаны тухай хуульд заасан болон албан тушаалын тодорхойлолт дахь шалгуур, шаардлагыг хангаагүй этгээдийг нэр дэвшүүлэн томилох зэрэг зөрчлүүд гарч байна.

Мөн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад удирдах албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарладаггүй, боловсрол, мэргэжил, ажлын туршлага зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг томилох, улмаар тухайн албанд томилогдсон албан тушаалтнууд нь хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгох явдал гарсаар байгаа аж.

Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарлах, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа хууль бус зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй байх талаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.