dobu.mndobu

УЕПГ: "Патрол" маркийн автомашины жолоочид буруу байхгүй

УЕПГ: "Патрол" маркийн автомашины жолоочид буруу байхгүй

УЕПГ-аас Прокурорын байгууллагын 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа:

-Манай газар дагнасан чиг үүрэгтэй мөрдөх байгууллагуудаас шалгаж байгаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл болон эрүүгийн хэрэгт хяналт тавьдаг прокурорын нэгж байгууллага. Өнгөрсөн 2024 онд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт хэргийн 56.1 хувийг цагдаагийн байгууллагын дагнасан чиг үүрэгтэй мөрдөх байгууллагад, 40.9 хувийг АТГ-аас, 0.1 хувийг ТЕГ-аас мөрдөн шалгажээ. Нийт 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс 13 хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн зарим хэргээс дурдвал, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын холбогдсон ногоон автобусны гэх хэрэг, Нийслэлийн түргэн тусламжийн дарга С.Ариунболд нарын 24 хүнд холбогдох бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарт холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хахууль авсан гэх хэрэг, Дорноговь аймагт 12 настай охины амь насыг хохироосон Г.Гантулгад холбогдох хэрэг, 2024 оны хоёрдугаар сард хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нохойд идүүлсэн гэх хэрэг, газ дэлбэрэлтийн хэрэгт холбогдсон "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Баатаржав, ажилтан Ч.Ренцэндорж нарын хэрэг, Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд газар усны нэр өөрчилсөн гэх хэрэг, нэр бүхий хүмүүс гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр "Дашваанжил" ХХК-ийн том оврын хэрэгсэл "Патрол" маркийн машинтай мөргөлдсөний улмаас газ дэлбэрч,  улмаар долоон иргэний амь нас хохирсон. Үүнтэй холбогдуулан 2024 оны нэгдүгээр сарын 24-нд ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, мөн Улсын ерөнхий прокурорын тушаалаар хэрэгт хяналт тавих ажлын хэсэг байгуулан ажилласан. Мөрдөн шалгах ажиллагааг улсын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дагнан явуулсан. Цугларсан нотлох баримтын хүрээнд "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Баатаржав, тухайн компанийн жолооч Ч.Ренцэндорж нар нь хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэргийн акт зөрчсөний улмаас тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан жирийн дөрвөн иргэн, онцгой байдлын гурван албан хаагчийн амь нас хохироосон. Мөн таван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүнд хүндэвтэр хохирол учирсан. Иргэд, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдож, тус компанийн хоёр албан тушаалтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйл буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, мөн хуулийн тусгай ангийн 11.3 зүйлд хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр  хүнд хохирол учруулах, 11.5 зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 18.8 тэрбум төгрөг тогтоогдсон. Шүүхээр хэргийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт найман төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гаргасан. Осолтой холбоотой техникийн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Хавтаст хэрэгт цугларсан таван шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтад тулгуурлан энэ  осол гарахад "Патрол" маркийн автомашины жолооч буруутай үйл ажиллагаа байхгүй байна. Харин "Дашваанжил" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой осол гарсан байна гэх дүгнэлтэд хүрсэн. Энэ хэргээр хоёр хүнийг яллагдагчаар татах шийдвэрийг прокуророос гаргаж, шүүхэд шилжүүлсэн гэв.


Прокурорын байгууллага 2024 онд 3 сая 325 мянга 634 зөрчлийн, 74 мянга 438 эргүүгийн хэрэг, 28 мянга 543 мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бол 15 мянга 969 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэн ажилласан байна. Хорих ял эдэлж байгаа 7200 гаруй, цагдан хоригдсон 5300 орчим, зөрчлийн тухай хуульд заасны дагуу баривчлах шийтгэл авсан 1700, хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр шийтгүүлсэн 26 мянга 246 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгохоор 36 мянга 823, өөрчлөлт оруулахаар 10 мянга 666 дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлэхэд зөрчигдсөн эрхийг нь тус тус сэргээсэн байна. Мөн эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн тухай гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, үндэслэлгүй 3114 шийдвэрийг хүчингүй болгожээ. 

Прокуророос хүний зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох, эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 157.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилтийг хязгаарласан. 304 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж ажиллажээ. 

Цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээний тухайд, өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувиар буурсан байна. Тодруулбал, 2024 онд Эрүүгийн хэрэгт холбогдсон яллагдагчаар татагдсан 18 мянга 909 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсны 6.7 хувь буюу 1268 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1386 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 85.9 хувь буюу 16 мянга 255 хүнд бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 520 хүнийг сэжигтнээр баривчилсан байна.

Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учирсан 206.6 сая төгрөг, гэмт хэрэг зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 330.3 сая, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 603.4 сая, Засгийн газрын тусгай сангуудад олгосон 2.5 тэрбум төгрөг, татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй холбоотой 28.4 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг гаргуулахаар иргэний хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. 

Хуваалцах:

|
Ихэнх газар агаар "хэвийн" байна

Ихэнх газар агаар "хэвийн" байна

15 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна

15 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.