1
Жилд давхардсан тоогоор 40,000 орчим хүүхэд хурдан морь унадаг. Унаач хүүхдүүдийн дийлэнх нь 7-10 насны хүүхдүүд байна.
Эдгээр унаач хүүхдүүд юу ярьсан талаар Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаанд дурдсан мэдээллийг хүргэе.
"Өвөл уралдаанаар морь унах болгонд 20,000 төгрөг өгдөг"
Хурдан морь унадаг 9 настай хүүхдүүд ийн ярьжээ.
-6 настайгаасаа уралдаанд оролцож эхэлсэн. Өвөл уралдаанаар морь унах болгонд 20,000 төгрөг өгдөг. Хорин мянгаа задлуулаад арван мянгыг нь уяач ахдаа өгөөд үлдсэнийг нь хадгалаад энэ жил 220,000 төгрөгтэй болсон.
-Үүрийн зургаан цагт босоод ус, тэжээл өгөөд, өдөр жүчээндээ байлгана, орой бас морины ажлаа хийгээд их оройтож гэртээ ордог. Тэр хооронд зав гарахаар л тоглодог.
"Морь унахаа болиод гэртээ байдаг ажил хийх юм сан гэж боддог"
Улаанбаатар хотод амьдардаг унаач хүүхэд:
-Өглөө эрт босдог, орой 23 цаг гээд амардаг. Уралдааны үед үүрээр босдог. Морь унахаа болиод гэртээ байдаг ажил хийх юм сан гэж боддог. Унаач хүүхдүүд бүгд ижил завгүй. Морь унадаг эмэгтэй хүүхдүүдийн хувьд ялгаа бага ч тэд гүү, үнээ саахад тусалдаг. Морио услах, байраа цэвэрлэх хоол хийх гээд ижил ажил хийдэг. Эрэгтэй хүүхдүүд малд явах, мал ялгах зэрэгт нэмж тусалдаг.
"Морь унахгүй гэртээ ажил хийх юм сан"
12 хүртэлх насны унаач хүүхдүүдийн яриа:
-Багаасаа өөр айлын морь унадаг байсан. Манай хамаатны ах намайг ирээд булаагаад аваад явсан. Би зугтаагаад явахад дахиж ирээд авсан. Жаахан байхад хэний морийг унахаа өөрөө сонгох боломжгүй байдаг.
-Гэр лүүгээ явна гээд гутлаа бариад хөл нүцгэн зугтаахад туслах уяач араас барьж аваад сугандаа хийж хавчаад гэрт оруулаад хүлээд хонуулсан.
-Том хүнтэй харьцахад заримдаа хэцүү байдаг. Тийм үед бид жалганд очоод нуугдчихдаг. Хааяа нүх ухаж нуугддаг. Архи уухаараа ноолох, элдвээр хэлээд байх нь хэцүү байдаг.
-Уяач, туслахууд жаахан хүүхдийг шоглоод байдаг. Уяач айлынх нь хүүхдүүд нь бас дээрэлхэнэ. Уяачийн надаас ах нэг хүүхэд намайг байнга дээрэлхдэг байсан
-Бидэнд заримдаа зөвлөгөө авах хэрэгцээ байдаг. Хэнд хандахаа мэдэхгүй байна. Хандвал цаашдаа яах бол гэж айдаг, морь унахгүй гэртээ ажил хийх юм сан.
"Цалингаа авч чадахгүй муриулж байсан. Айгаад цагдаа, шүүхэд хандаагүй"
Хурдан морь унадаг 13-аас дээш насны хүүхдүүдийн яриа:
-Уяачид, тэдний туслахуудад зодуулахаар морь унахаа болих юм сан гэж боддог. Зоддоггүй айл гэж хаа нэг байх болов уу. Алгадна, өшиглөнө, цохино, элдэв юмаар цохих үе ч байдаг. Морины ажил буруу хийх, ажлаас зугтаагаад мэдэгдэх тохиолдолд зодуулдаг.
-Хамгийн хэцүү нь ажил маш их байдаг. Дээрээс нь бас морио унаад уралдаад явдаг. Би цаашид уяач болохгүй. Хотод очиж банканд ажилладаг хүн болно.
-Цалингаа авч чадахгүй муриулж байсан. Гэхдээ цагдаа, шүүхэд хандаагүй. Том хүн болохоор яаж ийгээд аргалаад өнгөрөх байх гэж бодоод айгаад өнгөрсөн. Намайг хамгаалах хүн байхгүй.
Туслах уяач, унаач 14 настай хүү:
-Ажил маш ихтэй. Ер нь 6, 7 дугаар ангид байхдаа л жаахан зав гардаг, тоглож нааддаг байсан тэрнээс хойш унаач хүүхдүүд уяачийн туслахтай адилхан өдөр шөнөгүй ажилладаг. Дээрээс нь бас морио унаж уралддаг. Ер нь 13-аас дээш настай унаач хүүхдүүдийн хувьд өглөө эрт ус зөөж, морио услаад, тэжээлийг нь зуурч тавьж өгөх, өдрийн цагаар морио алхуулж байгаад ..., Өвөл, хавартаа уралдаан цөөнтэй бол сургуульдаа яваад бага ч гэсэн зав гарна. Харин зун, намрын цагт зав гарна гэж бараг байхгүй. Уяачийн, туслах уяачийн хийдэг бүх ажлыг унаач хүүхэд хийгээд явдаг болохоор ажил үнэхээр ихтэй
"Хүүхдүүд жүжигчилсэн тоглолтондоо унаач хүүхдэд өсөлт зогсоох эм өгч байгааг дүрсэлж байсан"
... аймгийн ГБХЗХГ-ын ажилтан:
-Үнэн, худлыг нь мэдэхгүй хүүхдийн өсөлтийг зогсоох зүйл өгдөг гэж сонссон.
... аймгийн ЗДТГ, ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд:
-Хүүхдүүд жүжигчилсэн тоглолтондоо унаач хүүхдэд өсөлт зогсоох эм өгч байгаа үйл явцыг дүрсэлсэн байсан. Ам дамжсан ийм яриа байдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй.
... аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч:
Айлд байгаа унаач хүүхдүүд гөлийчихсөн байдаг. Ар гэрийг нь асуухад зарим нь шууд уйлна эсвэл нулимс нь цийлгэнээд гэрээ санасан гэдэг. Малчин айлынхан боловсрол багатай хүмүүс байдаг болохоор элдэв янзаар хандана. Зарц байдалтай харьцаад шийтгэнэ. Ийм асуудал бол гарч байсан.
"Зөвхөн зун уралдаад, өвөл хавар хичээлдээ явж байвал зүгээр" гэж унаач хүүхдүүдийн дийлэнх нь үзэж байна
2016 онд UNICEF буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангаас “Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх” сэдвээр судалгаа хийжээ. Ингэхдээ хурдан морины уралдаанч 529 хүүхдийг хамруулж, асуулт асуусан байгаа юм.
Судалгаагаанд оролцсон хүүхдүүдээс, "Ер нь хавар уралдаан хийхгүй, зөвхөн зун уралддаг бол ямар вэ" гэж асуухад
Зөвхөн зун уралдаад, өвөл хавар хичээлдээ явж байвал зүгээр гэж 299 нь буюу 56.5 хувь нь, хавар уралдах гоё гэж 227 буюу 42.9 хувь нь хариулсан байна.
Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 71.6 хувь нь бэртэл гэмтэл хамгийн их гардаг улирлаар хаврыг, 81.6 хувь нь хурдан морь унахад хамгийн муухай хэцүү улирлаар өвөл цастайд гэж хариулжээ.
"Хаврын уралдааны үед болон уралдааны бэлтгэлийн үед хамгийн их бэртэл гэмтэл гардаг шалтгааныг дурдана уу" гэж асуухад,
Уралдааны зам гэж – 158 хүүхэд,
Дагаж байгаа машины тоос гэж – 129 хүүхэд,
Уралдааны үед бие биенийгээ гэмтээдэг гэж – 106 хүүхэд,
Бороо, цас, салхи гэж 104 хүүхэд хариулсан байна.
"Хаврын уралдааны үед болон уралдааны бэлтгэлийн үед бэртэж гэмтсэн даруй эмнэлгийн тусламж авч байсан уу" гэсэн асуултад 44.8 хувь нь үгүй, 33.1 хувь нь заримдаа, 22.6 хувь нь тийм гэжээ.
Хурдан морины уралдаанч хүүхдэд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэлүүдийг мөн тооцсон байгаа бөгөөд үүнд дараах гэмтлүүд багтаж байна. Тодруулбал,
-Толгой болон мөчдийн гэмтэл,
-Ясны хугаралт,
-Хөлдөлт, осголт,
-Амьсгалын замын өвчин,
-Дотор эрхтэний доргилт, өвчлөлт,
-Нүд,
-Сэтгэлзүйн эрүүл мэндийн эрсдэл,
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.