dobu.mndobu

Review: “Үгсийн дотор амьсгалагч” 

Review: “Үгсийн дотор амьсгалагч” 

"Болор цом-2023" наадмын тусгай байрын шагналт яруу найрагч, сэтгүүлч М.Дэвээжаргал. Магадгүй тэр ингэж хэлүүлсэндээ хүртэл ичээд “устга” гэж хэлж ч мэдэх даруухан нэгэн. Гэхдээ тэр хэзээд гудамжинд таарсан шигээ даруухан шүлэг бичдэггүй. Эсвэл баярлан инээж байгаа шигээ жаргалтай шүлэг бичдэггүй ч байж мэднэ. Ямартай ч олон гэхэд дэндүү олон тал руу дайвалзан хөдлөгч хүний сэтгэлийн аяс, хөндүүр бүхнийг мэдэрч бичдэг залуу үеийн тод төлөөлөл. 


Энэ удаад түүний яруу найргийн хоёр дахь түүвэр “Ужиг хүслийн тэмдэг” номын тухай сэтгэгдлээ хүргэхээр бэлтгэлээ. Гэхдээ үүний өмнө цөөн хэдэн мөр нэмэрлэхгүй бол сэтгүүлч миний бие танд олигтой сэтгэгдэл төрүүлэхгүй ч байж мэднэ. 


2018 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэр “... Энэ хотод гуниг хүртэл сэтгэлд жаргал нэмдэг юм байна” хэмээн хэлж байж. Үнэхээр саарал тэнгэртэй энэ бүүдгэр хотын сүүдрээс эхлээд сэрүү татсан бүхэн түүнд жаргал мэдрүүлэм хэрэг үү. Магадгүй сүүдрийн нөгөө талд нар ээж байдгийг л харж, мэдэрч өссөн хүний үг байх. Тиймдээ ч “Уулзахыг хүссэн хүнтэйгээ хаа нэгтээ таарах юм шиг учралын совин төрөхгүй” хэмээн түүний ном эхэлдэг. “Таарах” үеийн догдлол мэдрэмж шиг гэгээн зүйлд “совин төрөхгүй” гэх дүйнгэ оргисон хоосон мэдрэмж нөмрүүлжээ. Ингээд л гуниг үүрч алхах хэн нэгний гутлын мөр цаснаа үлдэж, маргааш нар мандахад бүдгэрсэн байх энэ хотын гуниг бас жаргалыг “үг”-ээрээ нүдэн дотор зурчхаж байгаа юм. 

... Одоо л чи ороод өнгөрсөн бороо шиг мартагдаасай
Одоо л чи огт ороогүй бороо шиг санагдаасай”


Энэ мөртүүд хайр гэгчийн тухай, хүсэл гэгчийн тухай нэг тийм шууд хэлчхэж чадахгүй хэр нь нүдээ анихад хүргэх мэдрэмжийг төрүүлнэ. Ингээд цаг хугацааны хэсэгхэн зуурт эргүүлж байсан номоо үг бүрээр нь унших шуналд автсан билээ. Бас гадаа үдшээр цас хаялж байсныг ч хэлэх үү шууд хаагаад цааш хураах бодол огт төрөөгүй юм.


Дээр дурдсан ярилцлагыг хэсгийг анх эш татахад тухайн үед оюутан болж ирээд бүхнийг ажин суугаа хүн шиг байжээ гэж сэтгэнэ. Харин өдгөө түүний шүлгүүдээс эгц хясаан дээрээс нэгэнтээ бэргэн үсэрсэн ангаахай эргээд улам дээш нисэх жигүүртэн болсон мэт хурц, шулуун, зориг дүүрэн мэдрэмж үлдэх аж. Үүнийгээ ч илтгэх мэт тайзан дээрээс шүлгээ дуудахдаа тэр үгийн дотроос цухуйх илч гэрлийг нь улам мэдрүүлэх мэт зоримог уншдаг.  Үүнд яруу найргийн сонсголонт хийгээд бодолд автуулах гүн чанар агуулагдаж буй мэт. 


Зангираад байгаа сэтгэлийг
Задгайлан алхахад хань болдог
Дуу шиг хүний үр болоорой, та


Санааны манан сарниад ирэхээр
Салхины нурууг даган бөхийдөг
Намар шиг хүний үр болоорой, та


Дагжим ч гэлээ, амьдралд хайртай
Дахиад төрсөн ч харамсахгүй гэдэг
Хавар шиг хүний үр болоорой, та


Дуу мэт
Намар мэт
Хавар мэт хүн болоход минь
Та миний үр болоорой

 

“Ужиг хүслийн тэмдэг” гэх нэрийн тухай задлан шинжлэхийг оролдож, уншигч танд ямар нэгэн бодол төрүүлэх зориг энэ удаад төрсөнгүй. Ямартай ч шүлгүүдэд шингэсэн мэдрэмжүүдийг нь хүртэл хуваалцаж үнэхээр л энэ “хүслийн”-х нь тэмдэг, илэрхийлэл мэт, өөрийнх нь гэрэл сүүдэр мэт юм гэдгийг мэдэрч уншлаа. 

Зүүдэлж буй ертөнцийн 
Зүрхийг тойрч алхана...


Ертөнц хэдийнээ зүүдэнд автахуй, түүний дэргэдүүр зөөлөн гишгэлэх бүсгүйн юу бодож байгаа тухай асуумаар санагдана. Гэхдээ энэ мэт үгсийн утгыг ухаж тайлах гэж оролдох нь бас л тэнэг хэрэг.  Хахирган цаг шувтарч моддын цан уярч байна. Бидэнд амсхийх, юмсыг тайвшраад ажих хором хэрэгтэй. Ийм л үед тань хань болох, жигүүр болох, хүсэл болох ном гэж “Ужиг хүслийн тэмдэг”-ийг нэрлэмээр байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.