dobu.mndobu

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

...Дэлхийн дулаахан энгэр Монголын уудам говь дундуур салхи татуулж яваа зам
Дээрх гүн тэнгэр, эрхэс оддын чөлөөгөөр дуу татуулж яваа зам
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх цорын ганц тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа.
Арлааны ЭРДЭНЭ-ОЧИР
Арлааны Эрдэнэ-Очир... Түүнийг энхрийлэн санаж, хайрлан хүндэлж, дээдлэн биширч, элгэмсэн дотносож явдаг хүн бүхний дурсамжийн салхи сэвэлзэх өдөр 11-р сарын 15.- Энэ өдөр тэрбээр нарт орчлонд эрдэнэт хүмүүний биеийг олж мэндэлжээ.


Тэрбээр 1990 оны 03-р сарын 20-нд оюутан байхдаа:
" Цагийн хүрд тойрон эргэх дөрвөн улирал
Цаг цагийн алинд ч хүн орчлон хоёрын учрал
Урт ч юм шиг, богино ч юм шиг өдөр хоног
Учрал ч юм шиг, хагацал ч юм шиг амьдралын тэнхлэг
Энэ бүхэн зөвхөн миний үйлдэл
Энэхэн хорвоог би бүтээсэн шиг ээ
Онож төрсөн, ойчиж боссон энэ газар шороон дээр
Орчлон намайг бүтээгээд гээчихсэн шиг ээ
Бидэн хоёр бие биенээсээ бүрэлдэж
Би өөрөө орчлонд эх үрийн сэтгэлээр амьдарч
Цаг хугацаа, орон зайг нөхөж яваа
Цаг хугацаа, орон зайгаар зайгаа нөхүүлнэ" хэмээн бичиж байжээ. Бие биенээсээ бүрэлдсэн билгүүн цэнхэр орчлон учир эрхэм журмын нөхөр минь чи одоо ч амьд юм байна.
"Яруу найрагчийн амьдрал
Төрсөн төгссөн хоёр оныхоо хооронд багтдаггүй юм.
Яруу найрагчийн амьдрал
Төөлсөн төнхсөн хорон үгэнд холторч хордоггүй юм" (Л.Мягмарсүрэн)
Мийгаа ахын энэхүү шүлгийн санаа шиг л Ээгий маань хайртай дотно хүмүүсийнхээ зүрх сэтгэлд үргэлжлэн амьдарсаар ажээ.


Түүнийг одоо гаднаа чимээгүй ч дотроо нурж бэтгэрэн санах элэг зүрхний олон хүн байгаа гэж санахуй цас бурзаганан манарах урд Богд уул улам хөгширчихсөн юм шиг харагдав. "...Өдийд амьд байсан бол" гээд бодохын төдийд дотор үймрүүлээд тун чиг уйтгартай болгочихно.


Яг л амьд байгаа юм шиг санах нь бий. Одоо ингээд цүнхээ үүрсээр ороод ирэх юм шиг...Асар гүнзгий болоод ихийн их уй гашуу нам гүм оршдог гэж юутай үнэн бэ?
Энэхүү дурсамжийг бичих гээд бодож байхдаа, бичиж байхдаа би сэтгэлийн олон олон л үелзэлд байлаа."Хөндүүр байна, хөндүүрхэн л байна..." гэдэг өөрийнх нь шүлэг шиг л...
Би Ээгийтэй оюутан байхдаа танилцсан юм. Оюутны(МУИС) гуравдугаар байранд Шатарын Энхбаяртай цуг амьдарч байсан маань танилцан нөхөрлөх шалтгаан минь юм аа. Шатарын Энхбаяр, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Арлааны Эрдэнэ-Очир гурав Сайншанд хотын нэгдүгээр 10 жилийн нэг ангид хамт суралцаж байхдаа "Бэхэн цэнхэр өдрүүд" нэртэй яруу найргийн ном хэвлүүлж байжээ.


Оюутан насны хөгжилтэй, гэнэн, хэзээ ч үл мартагдах дурсамж бий бий. Гэхдээ Эрдэнэ-Очиртой надаас илүү ойр дотно нөхөрлөж, үй зайгүй явсан олон хүн бий.
Дэргэд нь байгаад л баймаар, тийм нөмөр дулаахан хүн юм чинь аргагүй ээ
Нэгэн үед оюутан байж, бичсэн шүлгээ бие биедээ дуудалцаж гэмгүй сайхан нөхөрлөж явсан алтан дурсамж сэдэрнэм. Танилцсан цагаасаа л би Ээгийг "онцгой" гэж боддог байлаа. Түүнд хүнийг татах нэг тийм онцгой увдис, нандин энерги байсан даа.Ёстой л "гараа ээгээ л суугаад баймаар" хүн байжээ.
Эрдэнэ-Очирт хүмүүс үнэхээр хайртай байсан шиг хүмүүст Ээгий хайртай байж, өнөөх л халуун дулаан сэтгэлээ дэлгэж байсан даа.Үерхэл нөхөрлөлдөө үнэнч нандин явсан тэрбээр ийнхүү шүлэглэнэм.


ХОЁР ЗАЛУУХАН ДУУЧ
Цогдоржийн Бавуудоржид
Цэцэг өхөөрдсөн
Цэлмэгхэн салхитай тунгалаг шөнө
Цээжний үгсээ хэлэлцэн хоёр залуухан дууч
Цэнгэн жаргаж голын эрэгт суув аа.
Шугуйн зүгээс цэнхэрхэн анир сэвэлзэж
Шувууд унтаад модод зүүрмэглэх цагаар
Нартын амьдрал, гэгээн алсын тухай
Намуухан дуулаад хатуу дарсыг уув аа.
Мөчир тасхийхэд гөрөөс үргэсэн гэж тайвшраад
Мөнхийн эх орон, хойч ирээдүйн төлөө
Мөнгөн хоёр хундага жинхийн харшуулаад
Тулгаад хөнтөрсөн дарс нь сарны амттай байв аа.
Хайрлаж дурласан минь алдаа биш гэж ярилцаад
Хажуу тийш харахад цэцэгс дохиж байлаа.
Зүрх сэтгэл дундуур шувуучлан нисэж ирээд
Зүүн зүгийн хоёр бүсгүй нэг нэг дуу болов оо. 1997-06-26 
хэмээсэн байхад 
Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн БАВУУДОРЖ анд нь хариу ёслолын мөнгөн хундага жингэнүүлжээ.
"ХУТАГТЫН НУТАГ
А.Эрдэнэ-Очирт
Галбын хур хөллөж зүсрээд 
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын цэнхэр нутаг 
Солонгын өнгөөр нумарч харагдана
Таанын цэцэг бүрхэж ганхаад 
Тансар морьтон гангарч үзэгдэнэ 
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг 
Гарьдын дэвэлтээр нисэж харагдана
Шувуун шандын хөх зэрэглээнд 
Шунхан дэлт үүлс товолзоно 
Галуун хүзүүтийн уран биелгээнд 
Ганьхан сэтгэлт хутагт дүрэлзэнэ
Дүвчин хутагтын хөх сэржим 
Дөрвөн зүгтээ бороошиж үзэгдэнэ 
Догшин ноёны говь нутаг 
Дорно дахинд дуниарч харагдана
Цагаахан үүлсийг энд үдсэн юм 
Цасан будрахыг энд харсан юм 
Намрын бороонд энд норсон юм 
Намхан толгодыг энд дэрлэсэн юм
Сарны мэлмэрээнд гуньж үзсэн юм 
Сархадын хатууг шимж дуулсан юм 
Наран зүг саравчилж зогссон юм 
Нарийн салхинд ганхаж суусан юм
Сэвлэгний үнэрээ энд гээсэн юм 
Сэтгэлийн дурданаа энд цуулсан юм 
Амрагийн дууг энд дуулсан юм 
Алтан биеийг энд орхисон юм
Шинийн сарны туяаг нөмөрсөн юм 
Шингэн цэнхэр манан болсон юм 
Амуу цагаан хяруунд хувилсан юм 
Алтан харганын үйсэнд шингэсэн юм
Танхил гэгээн нялх Равжаа 
Цасаар урласан зүүд байсан юм 
Тал нутгийн залуу хөвгүүн 
Цагаан чулуун сарнай байсан юм
Бударгант говийн хөлгөн сударч 
Усанд туссан сар байсан юм 
Буурал дорнын монгол хутагт 
Улаан гэрэлт луу байсан юм
Галбын хур хөллөж зүсрээд 
Ганган морьтон хатирн үзэгдэнэ 
Согтуу хутагтын цэнхэр нутаг 
Солонгын өнгөөр нумарч харагдана
Таанын цэцэг бүрхэж ганхаад 
Тансар морьтон гангарч үзэгдэнэ 
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг 
Гарьдын дэвэлтээр нисч харагдана "
хэмээн бичжээ. Энэ бол дорнын хоёр гэрэлт дуучийн сэтгэл сэтгэлээсээ нисгэсэн зөн совингийн яруухан дуулал юм даа. Түүний " Миний цуглуулсан хорвоо" номын өмнөтгөлд төрийн шагналт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч: " Равжаа хутагтын алтан сэнтийт говиос олон сайхан найрагч дуутайгаа мэндэлсний нэг нь миний анд Арлааны хүү Эрдэнэ-Очир мөнөөсөө мөн.Энэ хүү яруу найрагч болох гэж ядраагүй, бийр янтай, бичгийн цаас, билиг авъяастайгаа говийн алаг чулуун дээр ойчсон юм шиг байгаа юм" гэсэн байдаг юм даа.


...А.Эрдэнэ-Очир анд өөрийгөө шинээр нээх эрэлхийлэл, уран бүтээлийн зам дундаа ганзага дүүрэн явсан билээ. Түүний уран бүтээлийн тухай олон хүн бичсэн учир энд би хэн хүний төдийлөн хэлээгүй байж мэдэа сонирхолтой бүтэц бүхий нэгэн шүлгийг танилцуулах гэсэн юм.
"ШАНЗНЫ ШАРГАЛ АЯЛГУУ" хэмээх бүлэг шүлэг юм. Энэ шүлэг нь:
-Тэргүүн аяз буюу учрахуйн гуниг
-Дэд аяз буюу санахуйн гуниг
-Төгсгөл аяз буюу салахуйн гуниг гэсэн 3 бүлэгтэй ба"Б.Золтуяа" хэмээх НЭРЭЭР бичсэн шүлэг юм."Тэргүүн аяз..." нь хоёр хоёроор толгой холбосон бол, "Дэд аяд..."- даа найм найман мөр болж, "Төгсгөл аяз..."- аа хоёр хоёроор холбон бичсэн сонирхолтой бүтэц бүхий шүлэг ажээ.


Буйд аниргүй хөдөөдөө
Булбарайхан бүсгүйтэй дасав даа хө.
Золтуяагийн амьсгал шиг салхины үзүүр зөөлрөөд
Золтуяагийн инээд шиг одны хонх жингэнээд
Орчлонгийн хаана ч байхгүй нэгэн шөнө байна
Орчлонгийн хаанаас ч олдохгүй хүний үр байна...гэж "Тэргүүн аяз..."-даа шүлэглэсэн бол "Дэд аяз..."-нь үнэхээр л " санахуйн гуниг" болон хувирчээ.
"Зэллэн зэллэн хаврын шувууд ирнэм биш үү
Зэгсэн дундах ганц ангир дагаж ниснэм бус уу..
Зэлүүд талд хэнз янзага цүүцэг цүүцэг цогином за
Зээрд халзан азарга сүргээ захлан зогсоном за.
Загал самбай үүлэн санахуйн үзүүрээс нүүх юм аа
Задгай танхил аялгуу амрагийн зүгээс ирэх юм аа
Залуу нас гэдэг аяны шувуу шиг юм аа.
Заяа төөрөг нийлээгүй үйлийн үр юм аа..." гэжээ.Халуун сэтгэлээр бие биедээ ээнэгшин даслаа ч хувь тавилангийн эрхээр "аз жаргалын харшийг тусдаа босгох" болсоноо илэрхийлжээ.Ийм тунгалаг яруу найрагчийн шүлгэнд дурайсан бүсгүй азтай азтай. Залуу насанд хайраар жигүүрлээгүй хэн л байх вэ? Тийм л гэгээн сэтгэлээр бичсэн уянгат шүлгүүдийн нэг нь энэ болой.
...Түүний уран бүтээлийн тухай утга зохиолын шүүмжлэгч Дашлхүмбийн Галбаатар багш хэлэхдээ: "Эрдэнэ-Очирын ухаалаг намуун уянга, гүн бодлогошрол, энгийн атлаа цэцэн цэлмэг үг хэллэг, тансаг зүйрлэл чухам үе тэнгийн нөхөд буюу утга зохиолын мэргэжлийн ахуйд бүрнээ төлөвшиж, цаашдын өсөлт дэвшилтэд утга зохиол дахь нэгэн онцгой үе болсон 1990 -ээд оныхон буюу "мөнгөн үе"-ийн залуу уран бүтээлчдийн нөхөрсөг өрсөлдөөн хүчтэй түлхэц үзүүлж жинхэнэ найрагчийн титэмд хөтлөн хүргэсэн гэж болно" гэж онцлон тэмдэглэсэн байдаг юм.
Түүний тухай өгүүлсэн хүн бүхэн л яруу найргийн гэрэлт замналыг нь тодорхой өгүүлсэн байдаг билээ.Ээгий маань аливаад чин сэтгэлээсээ хандахын сацуу голыг нь олоод алиа хөнгөн яриагаараа ахан дүүс, анд нөхдөө баясгачихдаг байлаа
Багшийн дээдийн оюутны байранд охидод тавьсан өрөө дарах гэхдээ:
"Ардын Их Хурлын тэргүүлэгч нар аа
Арлааны хүүгийн өрийг дараад өгчих л дөө.
Ингэвэл би бууж өгье
Эс тэгвэл боож үхье" гэж байхав дээ.
Лхагвасүрэн найрагчид хандаж" Таны "Хуримын зар" шүлгийг хүмүүс ингэж гуйвуулж уншаа л байна лээ" гээд уншиж өгөхөд "Сайн шүлэг л гуйвж хөрвөдөг юм" гэж хэлэн хүсэлтийг нь биелүүлж байсан удаатай л гэдэг юм.Нөгөөх нь:
"Ухнын сахал эрүүндээ орооцолдсон
Уйтай намрын тэр нэгэн өдөр
Цэл ногоон нүдэн чинийхээ хуримын зарыг..." гээ л явж өгнө.
Жагдалын Лхагвын " Толгодын цаана ингэ буйлна" номыг "Ай мөн гоё ном гэж хэлнэ. Долгорын Нямаа, Аюурбунъяагийн Лхагва хоёрт их хайртай, Балжирын Догмид, Санзайгалсангийн Ууганбаяр,Шатарын Энхбаяр, Гомпилдоогийн Мөнхцэцэг,Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Хургаагийн Сүглэгмаа гээ л говь нутгийнхаа найрагчдад элгэмсэж, Лхагвасүрэнгийн Батцэнгэл, Цэнд-Аюушийн Буянзаяа, Дэжидмаагийн Галсансүх, Магван-Эрдэнийн Саруулдалай, Мягмарын Амархүү,Жамсрангийн Баяржаргал,Дамбын Одгэрэл, Намбарын Пүрэв, Төрийн Баянсан, Мулцангийн Уянсүх тэргүүт үе тэнгийн нөхдөдөө үлгэрлэж, Энхбаатарын Энхболд,Оюуны Цэнд-Аюуш, Нямжаргалын Минжинсайхан, Ганболдын Баяр, Ганзоригийн Мөнхбаатар, Норовын Гантулга, Чулуунбаатарын Ууганбаяр,
Тэрбишийн Дарханхөвсгөл, Сааюугийн Баттулга, Эрдэнэбаярын Гантулга,Сайнжаргалын Начин зэрэг дүү нараа араасаа дагуулж явлаа.
Д.Нямаа найрагчийн "Аргалын хоёр уул" шүлгийг цээжээр уншина. "Цэцэгт цэнхэр алчуур"-ыг дуулна. 
"Аясын салхинд намирсан
Алчуур дээр минь буугаарай..." гээ л. Өөрийнхөө мэдэхээр хүмүүсийг нэрлэлээ.
Тэгээд мэдээж УБДС-ийн нэг ангийнхан нь.
Түүний бас нэгэн "Зориулал- шүлэг" болох "Голын тохой дээр" шүлгийг бүгд мэднэ. Хайртай дүү нар нь хоороороо уншина. Мөн яруу найрагч дүү О.Цэнд-Аюуш"Хайр бол ..." уран бүтээлийн тоглолт дээр энэ шүлгийг уншиж," Болор цом" авахдаа эрхэм ахыгаа дурссан билээ. Аян замд цуг явахад мөн ч нуруутай сан.Хэнтий аймгийн Батширээт сумнаа болсон Н.Нямдорж баавайн нэрэмжит" Онон хатан ижий", манай аймагт болсон их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит, хутагтын шагналтай наадам гээд цугтаа бас явж л байлаа.Ингээд бичсэн байхыг минь уншаад" Тулгаа, Чи намайг орхисон байна лээ. Эрка бид хоёр чинь ёстой дотно байлаа." гэж хэлнэ. Арга ч үгүй Тэр үнэхээр тийм л итгэж хайрласан хүнийхээ элэг зүрхэнд туяардаг байлаа. Одоо ч бас туяарсаар...Түүнд" Нар зөвийн эх орон",
"Миний цуглуулсан хорвоо" ,"Санамсаргүй л...", "Голын тохой дээр" "Миний зурсан хорвоо", "Улаанбадрахын наадам" гээд олон жинтэй шүлгүүд бий.
...Намайг архи уухад тун дургүй байлаа.Энэ бол үнэхээр андын үнэн сэтгэл байжээ гэж одоо би боддог юм.
"Тулга аа, чи "соёнготой адуу шиг" царайлаад. Одоо гэртээ харь...Май, хүүхдүүддээ чихэр авч өгөөрэй" гэнэ. Ханьтай мэндлэхдээ: "Тулгаханы Янзагахан сайн уу хө?" гэдэг байлаа.Дарь Сүхээ ах нь юм уу, эсвэл хэн ч хэлсэн юм: "Дорноговь чинь хоёр хутагттай. Нэг нь Ноён хутагт, нөгөөх нь Номхон хутагт" гэсэн гэнэ лээ.
Анд нөхрийн тухай ариусан, яруусан бодох сайхан."Говь нутаг уруугаа "Номын жин" тээнэ. Тэмээ хөллөөд явна" гэж ярьдаг байсан сайхан мөрөөдлийг нь яруу найрагч, зохиолч дүү нар гүйцээж биелүүлсэнд би баяртай байдаг юм.
Сайхан найрагчийг цаг бусаар тэнгэрт одоход тэнгэр хуйсагнаж, сэтгэл эзгүйрээд хэцүү л байсан даа. Энэ тухай Минжээ дүү (Н.Минжинсайхан):
Уйтайхан ийм өдрүүдэд
Уйлах ч хэцүү, дуулах ч хэцүү.
"Уулзахгүй нь дээ, ахтайгаа" гэж бодохоор
Уймрах ч хэцүү, үймрэх ч хэцүү.
Худал үнэний дунд хавчуулагдсан ийм өдрүүдэд
Хундага дарс ч хань болохгүй, нулимс нэрэх гээд хэцүү.
Сэрүүн тунгалаг дүрийг нь сэтгэл нэхэн нэхэн бодоод хэцүү.
Сэргэлэн хонгор өдрүүд зүүд шиг санагдаад хэцүү.
Инээж уулзсан өдрүүд нулимсанд бүрэлзээд хэцүү
Эргэж уулзахгүй гэж бодохоор уй төрөөд хэцүү
Ижийг тань бодохоор "дээлтэйгээ гандаад" хэцүү
Эрт одсон ах нараа дурсахаар элэг өвдөөд хэцүү.
Хэн нэгний мөрийг түшмээр, сэтгэл ганцаардаад хэцүү
Хэдэн нөхдөө үгүйлэвч ганцаар алхмаар санагдаад хэцүү
Өр өвтгөсөн өдөр хоногуудыг өнчирч барах хэцүү
Өөдөө тэнгэр ширтээд чимээгүй суух бүр ч хэцүү" гэж "Хэцүү" шүлэгтээ бичжээ. Дахин тохиохгүй авъяас, хүн чанарын од нь гялалзаж байсан эрхэм хүмүүн арай эрт "жиргэх шувууны жигүүр болон од"-сон нь үнэхээр харамсалтай."Нэгэнт өнгөрсөн андаа дурсахад хүрэл зүрх ч хайлна".
..."Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын шүлгүүд зүгээр нэг хөнгөн гунигаар хөглөсөн бодит ахуйн яруу тоочилт бус, түүний хөнгөн гунигийнх нь цаанаас уламжлалт хийгээд нүүдэлчдийн гүн ухаан нэвт гэрэлтэж байдаг..." гэж утга зохиол судлаач Гончигийн Батсуурь цохон тэмдэглэжээ.
"Ижийгээ амьд байхад үхэж болохгүй" гэж бодож, хүмүүст хандан захиж байсан даа" гэж бодохуй эмзэглэмээр, өр өвдмөөр л юм даа. 2013онд "Арцат тэнгэр" яруу найргийн номын минь редактор хийж, нэрийг нь оноон өгч байсан юм. Тэр үед Ээгийдээ зориулж нэг шүлэг, тэнгэрт одохуйд нь нэг шүлэг бичжээ, би.
НЭГ ЗЭЛНИЙ УНАГА
Эрхэм анд, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирынхоо дурсгалд
"Нэг зэлний унага шүү дээ, бид" гэж
Тэр үед хэлж билээ, анд минь
Нэт их баярын солонго цээжний тэнгэрээр татаад
Тэмүүллийнхээ гэгээнд эгшиглэж билээ, тэгэхэд.
Жингэнэтэл унгалдан,чагтаа дугтчихад нь
Адууны тэнгэр мишээл татуулан цэлийгээд
Жижигхэн цомбон туурайн мөр зэл дүүрэн үлдэж
Жирийн бус л байдаг сан, нэг зэлний унага
Ээ дээ, тэр жирийн бус нь
Жимбүүрийн эгшиг хан зүрхэнд цуурайлах шиг
Жимсний анхилмал үнэр хаанаас ч юм бэ түгэх шиг
Хонхон хөөрхөн цэцэг газрын аньсаганд ургах шиг
Хосгүй нандин... жирийн бус аа.
Гал уурагтаа нам цохиулаад нэг зэлний унага
Ганган хар азарганыхаа дэлийг дэрлээд унтдаг даа.
Газрын цээлд жирийтэл хурдлаад, нэг зэлний унага
Гараа бараа хоёроо дүүртэл нэг үүрсэлддэг дээ.
Уяагаараа давхидаг юм даа, нэг зэлний унага
Урамтайхан чиг үүрсэлддэг юм даа, нэг зэлний унага
Холын хол сунгаатай юм даа, нэг зэлний унага
Хорвоод нэгнээ байхгүй бол үгүйлдэг л юм даа, нэг зэлний унага.
Эрхэм андын тухай төрсөн өдөр нь эхэлж бичээд энэ бүтэн сайнд өндөрлөв.
Өндөр заяат, эгэл даруу авъяас төгөлдөр нэгнээ дурсах нь та бидний хүн ёсны эрхэм үүрэг билээ. Зарим шүлгийг нь би цээжээр мэднэ.
ТЭР ҮДЭШ
Үеийн бүсгүйг бэлхүүсээр нь тэвэрч
Үдшийн цэнгээн дээр бүжиг эргэсэн юм
Гэнэ гэнэхэн санаа алдахад нь
Гэнэн хайрын шувууд хацар дээгүүр нь ниссэн юм.
Харуй бүрий болсон саргүй үдшээр тэр
Хань татаад гангар гунгар алхаж билээ.
Надаас аятайхан залуу гэрийнх нь ойр хүлээж
Насны ханьд нь би түүнийг хүргэж өгч билээ. (1992-02-12)
5дахь өдөр төрсөн өдөр нь, тэгээд бас шинийн 15 байжээ.
2024-11-15-17 18:03
Та бүхнийг хүндэтгэн ёслов оо...

МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Базарсадын Баттулга

Хуваалцах:

|
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

13 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

12 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

"ТОП-100" ААН болон өрсөлдөж буй 150 ААН-ийн жагсаалт

"ТОП-100" ААН болон өрсөлдөж буй 150 ААН-ийн жагсаалт

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Л.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.