1
Жил бүрийн цагаан сарын баярын өмнө зүй ёсоор хөндөгддөг сэдэв бол "Сар шинийн бөхийн барилдааны таавар". Энэ жилийн хувьд ч иргэд бөхийн тааварт таамаг дэвшүүлээд эхэлжээ. Хамгийн түгээмэл таамаг гэхэд энэ сард болсон "Таван аварга"-ын нэрэмжит барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг цагаан сарын барилдаанд дахин үзүүр, түрүү булаалдана хэмээж байна.
"Их Монголын Хүчтэн" дэвжээ, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газрын бөх Ц.Бямба-Отгон одоогоор бөхчүүдийн чансааг 3300 оноогоор тэргүүлж буй. Түүний хувьд он гарсаар "Таван аварга"-ын нэрэмжит барилдаанд үзүүрлэж, Баянзүрх хайрхны хишиг барилдаанд түрүүлсэн. Харин "Аврагч" спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК-ийн бөх Улсын аварга О.Хангай 2200 оноотойгоор чансааны долоод бичигдэж буй.
Чансааны хоёрт, Улс тунхагласны 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн Улсын заан С.Сүхбат бичигдэж буй. Түүний хувьд чансаа тогтоож эхлэхэд бөхчүүдийг оноогоороо тэргүүлж байсан юм. Гуравт Улсын начин Ч.Батчулуун, дөрөвт Аймгийн арслан Н.Өсөхбаяр, тавд Улсын харцага Э.Даш жагсжээ.
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ дагуу бичигдсэн бөхчүүд тааварт зүй ёсоор орж ирэх ч уран мэх, хурдан шаламгай хөдөлгөөнөөр ардын сэтгэлд ойрхон явдаг нэлээд бөх бас бий. Жишээлбэл, түмний аманд хэлэгдэж, нүдэнд харагдаж яваа "Цахилгаан Зоригоо" буюу Улсын үнэн зоригт харцага, Даншиг наадмын арслан Б.Зоригтбаатар. "Амаргүй Амараа" буюу Ерөнхийлөгчийн цомын эзэн, Улсын начин Д.Амарсайхан. Мөн өнгөрсөн 2024 оны Ерөнхийлөгчийн цомын эзэн Улсын начин Э.Батмагнай нар олны анхаарлыг татаж байна.
Чансааны эхний 15 бөхийг танилцуулж байна.
- Улсын арслан Ц.Бямба-Отгон, чансаа оноо - 3300
- Улсын заан С.Сүхбат, чансаа оноо - 3000
- Улсын начин Ч.Батчулуун, чансаа оноо - 2650
- Аймгийн арслан Н.Өсөхбаяр, чансаа оноо - 2450
- Улсын харцага Э.Даш, чансаа оноо - 2350
- Аймгийн арслан Д.Алтанцоож, чансаа оноо - 2300
- Улсын аварга О.Хангай, чансаа оноо - 2200
- Улсын начин Д.Амарсайхан, чансаа оноо - 2100
- Улсын начин Э.Батмагнай, чансаа оноо - 2050
- Улсын заан М.Лхагвагэрэл, чансаа оноо - 2000
- Улсын заан Б.Бат-Өлзий, чансаа оноо - 1850
- Аймгийн арслан Ц.Төмөрцоож, чансаа оноо - 1600
- Улсын начин Б.Даваа-Очир, чансаа оноо - 1550
- Улсын начин Б.Түвшинтөгс, чансаа оноо - 1500
- Улсын начин Л.Энхсаруул, чансаа оноо - 1400
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.