dobu.mndobu

Ц.Өлзий-Орших: Би Армиас төрсөн дуучин гэж бардам хэлдэг

Ц.Өлзий-Орших: Би Армиас төрсөн дуучин гэж бардам хэлдэг

Жар шахам жил дуулан жаргаж яваа тэрбээр үзэгчдийн танхим, тоглолтын маркетинг, зар сурталчилгаа зэрэгт толгой өвддөггүй цөөхөн уран бүтээлчийн нэг болов уу. Тэр хаана ч хүлээлттэй, түүнийг хэзээ ч даган дуулахад бэлэн байдаг. Жил жилийн хавар үе үеийн төгсөгчид “Учран золгохын ерөөл” тавин гэгэлзээд л, эрийн цээнд хүрсэн залуус ээжийнхээ дэргэд “Тогтохоо болилоо” хэмээн сэтгэлээ илэрхийлээд л, харийн нутгаас эх нутаг, ижий аавыгаа санасан сэтгэлээ “Хүүгийн бодол”-оор дайгаад л, харах нүд, халгих зүрхний уяа болсон “Чандмань эрдэнэ” бүсгүйгээ өөрийн болгохыг залуус хичээгээд л...түүний дуунууд амьдралын цаг хормыг хэмжиж, өнгө гэрлийг нэмсээр өнөөг хүрчээ. 


Түүний тухай үлгэр мэт яриа олон байдгаас зөвхөн хоёрыг л зориуд иш татмаар санагдлаа. Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар “Тайзнаа Ц.Өлзий-Орших дөрвөн ятгатайгаа гараад ирэх нь өөрөө домог юм. Өөрийн давтагдашгүй хоолой, орон зай, дуу бүтээлтэйгээ мөнхөрсөн нь урлаг юм” гэсэн бол дуучны шавь Монгол Улсын Гавьяат жүжигчин дуучин Д.Амаржаргал “Хөвсгөл аймгийн төвд болсон тоглолтод оролцсон багш минь хоёр дуу зарлуулж тайзнаа гараад үзэгчдийн хүсэлтээр дахиулсаар тасралтгүй 22 дуу дуулахыг хараад л үнэхээр бахархаж, яаж түүн шиг дуучин болох вэ гэсэн хүсэл тэмүүлэл ундарч билээ” гэсэн байдаг. Монголын ард түмэн энэ дуучиндаа үнэхээр хайртай. 


Монгол ардын болон эстрад, нийтийн дууны 350 орчим баялаг урын сантай түүний 108 дуу нь эдүгээ Монголын радиогийн алтан фондоос эгшиглэдэг бол түүний өөрөө ая данг нь зохироон туурвисан 20 гаруй дуу байдаг нь аргагүй л “Ард түмний дуучин”, “Уянгын дууны хан хүү” гэгдэхээс яалтай гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Монгол Улсын Гавьяат жүжигчин дуучин Цогт-Очирын Өлзий-Оршихыг энэ дугаарын зочин хоймортоо урьж ярилцлаа. 


1974 онд анх дуулагдсан гэхээр манайхны хүүхэд, хөгшидгүй сайн мэддэг, даган дуулдаг “Учран золгохын ерөөл” дуу маань энэ жил 50 нас хүрч байгаа юм байна шүү дээ. Мянган дамжин амьдарсан энэ дуу цаашдаа ч бас дуулагдсаар л байх болов уу. 


-Миний сайных юу байхав, тухайн үеийн хосгүй авьяастай уран бүтээлчид л намайг ивээсэн хэрэг. Ардын Армийн 150 дугаар анги буюу одоогийнхоор Элитийн батальонд алба хааж байхад Багшийн сургуульд багшилж байсан Ц.Чинзориг (Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч) маань “Нэг аятайхан дуу хийчихлээ, чи дуулна” гэхээр нь нэг хоногийн чөлөөгөөр очиж, “Учран золгохын ерөөл” дуугаа сурлаа. Тэгсэн 1 дүгээр сургуульд багшилж байсан Б.Шарав (Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч), З.Түмэнжаргал (Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч) хоёр маань мөн “Сургууль минь баяртай”, “Хүрэх алсын гялбаа” дуунуудаа өгснөөр нэг хоногийн чөлөө маань ахин нэг хоногоор сунжирч, эмээж байсан ч “Арай ч ачаад явчихгүй байлгүй” гэж өөрийгөө тайвшруулан байж гурван дуугаа сураад, нэг дор бичүүлсэн нь дорхноо л олонд түгж билээ. Одоо ч үе үеийн төгсөлтийнхний сүлд дуу болж дээ.  


Тэгвэл их үнэ цэнтэй хоногийн чөлөө байж дээ. Та цэрэг армитай холбогдсон он жилүүдийнхээ талаар дурсаач.    


-Анх 1969 онд Бүх ард түмний анхдугаар урлагийн үзлэгт оролцож түрүүлээд Дундговь аймгийн Соёлын ордон, дараа нь Сайд нарын зөвлөлийн Мэдээлэл радио телевизийн улсын хорооны Цахилгаан хөгжмийн чуулга буюу өнөөгийн “Баян Монгол” чуулгын үндэс суурь, гал голомт болсон газарт дуучин болсноор Монголын анхны эстрадын дуучин гэгдэж, “Хавар болжээ, хонгор минь” гээд л дуулж явахад цэргийн зарлан ирээд л байсан хэрэг. Тэгсэн 1972 онд нутагтаа очоод байтал цэрэг татлага болоход нь өөрийн хүслээр цэрэг тээвэрлэх машинд нь ороод суучихлаа. Ажил төрөлтэй, урлаг соёлын хүүхэд гээд Дэлгэрцогтод нэг буулгах гэхэд нь гүрийтэл суусаар Хар усан тохойд ирж карантилагдсан. Тэндээс Дайчилгааны хэлтсийн дарга дэд хурандаа Г.Махбариад (хошууч генерал)-ын хуваарилалтаар Дундговиос ирсэн бидний 27 цэрэг “Сургуулийн тусгай батальон” нэртэйгээр дөнгөж үүсэн байгуулагдаж байсан Ардын Армийн 150 дугаар ангийн анхны цэрэг, сурагчид болон очиж, хашааг нь барихаас эхлээд бүтээн байгуулалт хийж байлаа. Армийн авьяастнуудыг олж нэгтгэж байсан “Соёмбо” хамтлагтаа дуучнаар авахаар П.Хаянхярваа (Ардын жүжигчин) гуай үе үе манай ангиар ирнэ. Тэр болгонд биднийг хариуцаж байсан н.Баадай хурандаа намайг эмнэлэгт хэвтүүлж “нууна”. Тэгээд л “Чи цэргийн хүн болох ёстой, чамайг Фрунзийн академид явуулна” гээд л ятгана. Тэгтэл 1974 онд Улаанбаатар гарнизоны соёл урлагийн гурав хоногт ангиа төлөөлөн дуулснаар ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн хараанд өртөж, н.Баадай хурандаа хүчин мөхсөдөж, би Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн “Соёмбо” чуулгын анхны дуучин болсон юм даа. Тэнд дуулахаас гадна труба үлээдэг, ахлагч цолтой, Жагсаалын дарга байлаа. Ингэж би Ардын Армийн бүрэлдэхүүнд арав шахам жил ажиллаад Ардын дуу бүжгийн чуулга руу шилжсэн. Удалгүй “Соёмбо” чуулга маань тарж, улмаар тэндээс “Харанга” хамтлаг төрсөн юм шүү дээ. Би армидаа насан туршдаа талархаж явдаг. Би чинь армиас төрсөн дуучин гэж бардам хэлдэг. Цэргийн алба хаасан, “Соёмбо” чуулгад байсан он жилүүд миний амьдралын хамгийн цог жавхлантай үе юм аа.

 

May be an image of 1 person, oboe, saxophone and clarinet


Ардын дуу бүжгийн чуулга хэмээх их айлын хаалгыг хэрхэн татав даа?


-Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл багш маань “За, чи цэргийн байгууллагаасаа яаж мултрах аргаа өөрөө бодож олоорой. Хэзээ наашаа ирнэ, тэр цагт чинь тосоод авна. Ятгатай дуучин үндсэндээ байхгүй боллоо, чи л багшийгаа залгамжлан дуучин болоорой” гэсэн болохоор арга сүвэгчиллээ дээ. (инээв) Хотын түргэнд болсон нэг тоглолтын үеэр удирдаач Ё.Ганбаттайгаа зориуд үг сөргөж муудалцаад “Чи чаддаг юм бол халаарай” гэчхээд яваад өгсөн. Тэгээд л халагдсан даа. Харин тухайн үед гадагшаа ажлаар явчихсан байсан Ч.Пүрэвдорж генерал ирээд намайг халагдсанд уурлахдаа хөөрхий муу Ганбатын минь мөрдэсээс нэг хадаас мулталчихсан байж билээ. Ахлах дэслэгч болчихсон ч муу найз минь “башир арга”-ыг минь сонсоод “Чамайг тийм арга хэрэглэснийг мэдсэн бол юу гэж халах вэ дээ” гээд бөөн инээдэм болж билээ. Ингэж л Улсын ардын дуу бүжгийн чуулга буюу өнөөгийн Үндэсний урлагийн их театрын босгыг давж байлаа. Тэр цагаас хойш багшийнхаа захиасыг биелүүлж, ятгатай дуулж, шавь төрүүлж, ятгын чуулга байгуулахыг зорьж, амьдрал уран бүтээлийнхээ салшгүй нэг хэсгийг ятгад зориулж явна даа.  Тухайн үед төдийгүй одоо ч чуулга маань үндэсний их урлагийг гадаад дотоодод сурталчлан таниулж яваа...


-Энэ их урлагийн буянаар ах нь дэлхийн 59 оронд хөл тавьж, дууллаа шүү дээ. Манай чуулга үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсийг түүчээлж явдаг. Гадаад орнуудад тоглолтоор явахдаа олон л адал явдалтай учирч байлаа. Далай багшийн насны ойд уригдан очиж байлаа. 1982 онд Афганистанд, дараа нь Лаост тоглолтоор очоод буудаллаж байсан зочид буудал маань дэлбэрэлтэд өртөж байлаа. Гэнэтийн нүүлгэн шилжүүлэлтэд гайхаж байсан ч ердөө 30, 40-хөн минутын дараа буудал дэлбэрснийг сонсоод цочирдсон ч амьд явах хувьтайгаа мэдрэх сайхан байдаг юм билээ. Тагнуулын байгууллага нь үнэхээр сайн ажилладаг юм билээ.   


Гадагшаа төдийгүй Монголдоо ч их аялан тоглодог байсан байх шүү. 


-Манайхан жилдээ хамгийн багадаа гурван удаа, нэг явахдаа 45 хоногоос багагүй хугацаагаар хөдөө орон нутгаар бригад явдаг байлаа. Үндсэн бригадаасаа гадна Г.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн бид хэд нэр цохсон урилга заллагаар их тоглоно. Байгууллага орлогын төлөвлөгөөгөө бас бодно оо, 6 төгрөгийн тасалбар 8 болж өсөхөд хэн дургүй байхав. Миний хувьд жилийн 280 гаруй хоног тоглолтоор явчихдаг байсан. Бага хүү маань хариугүй төрөх дөхөөд өвдөлт өгсөн үед нэг тоглолт таарсан. Д.Лувсаншарав багш маань “Түмэндэмбэрэл, Орших хоёр тоглолтдоо явна. Алимаа, Сарантуяа хоёр очиж Одсүрэнг төрүүлнэ ээ” гээд зохицуулалт хийсэн. Тоглолтдоо яваад орой ирэхэд эхнэрийн маань өвдөлт нь гайгүй болчихсон. Манай хоёр “Танай эхнэрийг сахих гэж ирсэн биш өдөржингөө сайхан хоолоор дайлуулж жаргалаа” гээд бөөн инээдэм болж угтаж билээ. Тэгж хоноод эхнэр маань өглөө үүрээр өвдөж, 1 дүгээр төрөхөд очоод шууд төрж байлаа. Хүү маань аавыгаа хүлээж байсан хэрэг. 


Таны гэргийг бүжигчин гэж сонссон. Урлагийн гэр бүл байх нь. Хүүхдүүдээс тань та хоёрын ажил мэргэжил, авьяас чадварыг өвлөв үү?


-Миний хань Д.Одсүрэн чуулгын бүжигчин байсан. Манай хадмууд урлагийн гэр бүл, ээж хөгжимчин, аав мундаг бүжигчин байлаа. Дорнодын театрын бүжигчин “Хар нүдэн Довчин” гэж алдартай. Сайхан ч залуу, сайн ч бүжигчин байсан болохоор “Хар нүдэн Довчин”-той бүжиглэхгүй л бол бүсгүй хүн биш гэдэг байлаа шүү дээ. Манай хөвгүүд бүгд хуульчид, гэхдээ бүгд дуулах дуртай. Харин ач нараас маань урлагийн хүн төрөх байх шүү. Ялангуяа эмээгээ дуурайсан бөөн бүжигчид байна даа. Ер нь дуулна, бүжиглэнэ, хөгжимд дуртай, юм дуулгана аа. 


Харин таны авьяас билэг хаанаас ундаргатай билээ?


-Миний эмээ “Бариач Дэжид” гэж нутагтаа алдартай, сайхан хоолойтой хүн байсан. Аав, ээж минь ч сайхан дуулна. Манайх 12 хүүхэдтэй. Хамгийн том, бага хоёр охины дунд есөн хар хүү бий. Бүгд л сайхан дуулдаг ч хөгжмийн зохиолч багш МУСТА Ц.Буян-Орших дүү бид хоёр л урлагаар явж дээ. Бидний аав сайхан дуулна, ялангуяа буриад дууг уяртал, уйлтал дуулна, ёочин, морин хуур, хуучир гээд олон зэмсгээр хөгжимдөнө. Уг нь лам хүн шүү дээ. Ээжээсээ өвлөсөн гарын дүйтэй, хөдөлсөн тархи, буруу байрлалтай ургийг эвлэгхэн барьчихдаг байсан. Лам нарыг нухаж эхлэхэд миний аав “Хаа ч үхэх юм чинь” гээд лам захтай дээлээ тайлж орхиод дайнд явсан. Халхын голын дайн, дараа нь Өвөр Монголыг чөлөөлөх дайнд оролцож, шархдаж ч явсан. Би Хятадад очих болгондоо Жанчхүүд босгосон Аюуш баатрын хөшөөнд заавал очиж хүндэтгэл үзүүлдэг. Миний аавын мөр гарсан газар гэдгээр нь хүндэлдэг. Хамгийн анх тайзнаа Бүх ард түмний урлагийн их наадмаар аавынхаа дуулдаг байсан “Өвлийг зөгнөн ирсэн
Алтан намар болоход
Өмнийг чиглэн яваа
Аянчин олон шувууд минь...” гээд “Аяны шувууд” дууг дуулж гарч ирж байлаа. Эмээ минь  “Миний хүү морин дэл дээр дөрөө хангинатал дуулж яваарай. Тэгж гэмээ нь уул хангай, лус савдаг баярлаж, тэр хэрээрээ урт насалж, удаан жаргадаг юм шүү” гэж захидаг сан. Тийм болохоор би уул хангай, лус савдагтаа сүслэн залбирч явдаг даа.  


Тийм байх аа, “Үүлэн цэнхэр хангай” дууг байгальд сөгдөж суугаад дуулж байсан тухай нэг хууч сонссон нь гэнэт санаанд орлоо.


-1974 онд “Соёмбо” чуулгад байхад Б.Лхагвасүрэн, Ц.Чинзориг хоёр маань чамд зориулж нэг дуу хийлээ гэсэн нь “Үүлэн цэнхэр хангай” л даа. Тэгээд Булган, Хөвсгөлөөр бригадаар явж байхдаа Хөвсгөлийн Улаан-Уул сумаас Ренчинлхүмбэ сум орох хооронд Шишгэд голын эрэгт түр саатахад баруун талд мөнх цастай оргил харагдахаар нь нутгийн залуугаас асуухад “Манай нутгийн Дүүжий, Төмөр нарын бүгж байсан Хорьдол сарьдгийн нуруу. Яг таны зааж байгаа нь Дэлгэрхааны оргил” гэсэн. Тэгтэл манайхан “Чи уул хангай шүтдэг хүн. Одоо л сөгдөж байгаад дуул” гэсэн. Үнэхээр сөгдөж, залбирч байгаад “Үүлэн цэнхэр хангай” дуугаа анх дуулсан даа. Орой нь Ренчинлхүмбэ суманд болсон тоглолтод дуугаа дуулахад нутгийн ард дахиулаад “Энэ манай нутгийн сүлд дуу боллоо” гэлцэж билээ. Тэгээд бригадаас ирэхэд “Үнэн” сонинд ноттойгоо гарчихсан байсан. Миний ард түмэн өнөөг хүртэл дуулсаар л байна. 


Мөнхөд дуулагдах бүтээлийн амжилтын нууц нь дууны гурван жигүүр гэгдэх хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучны хамтын хүч. Гэхдээ дуу эзнээ олно гэдэг илүү чухал юм шиг ээ...


-Тийм шүү. Ер нь хүн дуурайхгүй, хүнд давтагдахгүй явахыг чухалчилж ирлээ дээ. Олон уран бүтээлч надад зориулж дуу хийлээ, дуугаа өглөө. Тэр бүхнийг би зүрх, тархиараа амилуулж, олонд хүргэхийг хичээж ирсэн. 1985 онд дуучин н.Зоригоо, бид хоёр Г.Түмэндэмбэрэл багштайгаа “Ээжийн хоёр хүү” тоглолт хийсэн. Зоригоо маань өнчин болохоор Түмээ ээж гэнэ, би багш гэнэ. Тэгээд ээжийн хоёр хүү болж ижилдсэн. Багш маань элэг муутай болохоор машинаар явахгүй, бид гурав дандаа ногоон онгоцоор ниснэ. Багшийнхаа нутаг Өндөрхангайд очлоо. Тэндээс Улаангом руу нисэхийн өмнө багш “Тогтохоо байлаа” дууг би дуулахгүй ээ, чи дуул. Ер нь бодоод байсан чинь эр эргүүлдэг хүүхэн аятай юм. Эр хүний дуу юм байна, чи дуул” гээд өчнөөн жил дуулсан дуугаа өгсөн. Тэгсэн нисгэгчид маань “Бид 40 минут ниснэ. Тэр хооронд чи дуугаа сураад орой тоглолтод дуулбал бид чамайг шүтье” гэхээр нь юу байхав дээ, дороо л өөрийн болголоо. Орой тоглолтод дуулсан тэр дууг минь үзэгчид хэд ч дахиулав даа. 
Нээрээ л “Эрийн цээнд хүрээд ирэхээрээ
Ээжийнхээ дэргэд тогтохоо болилоо, би...” гэсэн үгтэй тэр дуу ингэж надад ирсэн. Хожим зохиогч, радиогийн сэтгүүлч Жигмэдготов гуай “Одоо л миний загатнасан газар маажлаа” гэсэн гэдэг. “Хүүгийн бодол” дууг миний дүү Ц.Буян-Орших хойшоо Ленинград руу сургуульд явахдаа манай С.Задгай багшийн дуу, та л дуулах ёстой гэсэн. “Холын газар усны уртад
Хайртай нутгаа санах юм аа хө
Хорвоо дэлхий түмний дотроос 
Хонгор ээжийгээ бодох л юм даа хө...” гэх тэр дууг минь сонссоор эдгэсэн талаараа захидал бичиж, хожим уулзалдсан Хэнтий аймгийн Биндэр сумын малчин А.Алтанчимэг гэж бүсгүй бий. Төрөлтөөс болоод бие нь муудаж, эмч, лам харгүй яваад эцэст нь хань ижил, үр хүүхдэдээ амьд очихгүй нь гэж бодож хэвтсэн тэр дүү маань түүнээс хойш дөрөв тав төрчихсөн, сайхан амьдарч яваа. Дуу хүний сэтгэлд хүрдгийн жишээ энэ. Намайг дуучин болж нэрд гарснаас хойш манай Дундговь, бас Говь-Алтай аймагт Өлзий-Орших гэдэг нэртэй хүүхэд олон болсон. Хүн зөв явбал олон түмэнд нэртэй, хийж бүтээж, шинийг туурвиж явахад эрт орой хэзээ нэгэн цагт алдар нэр, гавьяа шагнал ирнэ. Харин түүнийг хадгалж явах нь авахаасаа хэцүү шүү. Бүтэн гучин жил тасралтгүй дуулж хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин цол минь эрхэм хүндэтгэл юм даа.  

 
Тийм шүү, алдар хүнд асар их хичээл зүтгэл, хөлс хөдөлмөр, бас багагүй эрсдэлийн ард ирдгийг нэрд гарсан олон хүний амьдралаас бид хардаг. 


-Угтаалын сангийн аж ахуйд бригадаар явж байхдаа халтираад баруун хөлөө шагай хавиараа хугалчихсан ч тоглолтоо, үзэхээр хүлээж байгаа үзэгчдээ орхиод явах эрх надад байгаагүй. Нутгийн нэг сайн бариач хөгшнөөр бариулсан. Хөгшин “Өвдөнө шүү, тэснэ шүү” гээд л хөлийг минь нужигнатал татаж эвд нь оруулаад тэмээний уртын ноосоор хийсэн дээсээр чивчиртэл ороогоод “Өглөө босоод л үүн рүүгээ шээгээд байгаарай” гэсэн. Тэгээд л микрофоноо хөшигнөөс ганцхан алхмын зайтай тавиад, хавдсан хөлдөө монгол гутал углачихсан би дуулж дуусаад ганцхан алхаад л өвчтэй хөл дээрээ гишгэж, унахаас өмнө найз минь, манайхан тосоод авна. Ингэж явсаар 45 хоногийн бригад бууж ирээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд Баярхүү эмч толгой сэгсрээд, чиний хөл эвлэдгээ эвлээд, эдгэдгээ эдгэчихсэн байна гэж билээ. Тийм мундаг хүмүүс ч үгүй болж дээ. Хожим Ховдод тоглолтоор явж байхдаа нөгөө ачтан бариачийнхаа хүүтэй уулзаж билээ. Сүүлд хүзүүний хагалгаанд ороод Солонгос, Хятадад мэс засал хийлгэж болох байсан би монголынхоо эмч нарт итгээд эндээ хагалгаанд орсон. Хоолойд нөлөөлж, бүр дуулж чадахгүй болох маш том эрсдэл байсан ч амжилттай хагалгаа, нэг жилийн гам сахисны дараа эргээд дуулахдаа ямар их баярлаж, талархаж байснаа дурсахад таатай байна. Урлагийнхан ийм л зам мөр, тэсвэр тэвчээр, бие сэтгэлийн хатыг туулж үзэгчдэд бүтээлээ хүргэх нь бий шүү. Одоо ийм тэнгэрлэг хувь тавиландаа талархаж, олон сайн шавь төрүүлэхийг зорьж байгаа. Ардын жүжигчин С.Ганзориг, гавьяат жүжигчин Д.Амаржаргал, Соёлын тэргүүний ажилтан Б.Октябрь, О.Баднаанямбуу, дуучин Г.Алтанхуяг гээд олон залуу бий. Мөн Өвөр Монголын үзэгчдийг хуйлруулж буй Хөгжилбаатар, Аялгуун, Мөнгөнтогос гээд олон уран бүтээлч шавь бий. Шавь нартаа дуулах арга зүйгээс гадна уран бүтээлчийн ёс зүй, дэг жаяг, хүн байхын утга учрын талаар хэлж ухааруулах, үлгэрлэн дагуулахыг хичээдэг дээ. Барагтай хүнийг магтаад байдаггүй Д.Лувсаншарав багш маань нэг удаа “Чи Цэцэнханы ганц ухаантай хүргэн” гэж билээ. Ард түмэндээ хайрлагдсан, архи уухаа байсан, алдар гавьяагаа хүртсэн, арвин их бүтээлтэй болжээ гэж магтаж байгаа нь тэр...


Ний нуугүй хууч дэлгэж, чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд баярлалаа. Уншигчдынхаа өмнөөс тандаа уран бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье ээ.  


Д.ГҮНЖИЛМАА

Эх сурвалж: Соёмбо редакц 

Хуваалцах:

|
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

13 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

11 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

"ТОП-100" ААН болон өрсөлдөж буй 150 ААН-ийн жагсаалт

"ТОП-100" ААН болон өрсөлдөж буй 150 ААН-ийн жагсаалт

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Л.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.