0
Өчигдөр /2025.03.23/ А.Баяржавхлан гэх иргэн цахим хуудастаа цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулахад цагдаагийн байгууллагын алба хаагчид өөрсдөө хамтардаг. Тодруулбал, мөнгө авч, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, хамтарч ажилладаг талаар мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас өнөөдөр тайлбар мэдээлэл өгөв.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван
-Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэй холбоотой өчигдөр цахим хуудаст мэдээлэл гарсан. Сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн нийт 1360 хэрэг бүртгэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулсан. Эдгээрээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээлд байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттай, олон хүний бүрэлдэхүүнтэй үйлдэгддэг. Мөн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэж тодотгодог. Энэ ч утгаараа Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг бүлэглэн үйлдэх болсон.
Цагдаагийн байгууллагаас шувуу ажиллагааны хүрээнд Э-гийн нэр бүхий 35 хүний бүлэглэлийг тогтоон, Монгол Улсад авч ирсэн. Мөн одоо Г-ийн толгойлсон 28 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг мөрдөн шалгаж байна. Тус бүлэглэлийн хоёр этгээд цагдан хоригдож шалгагдаж байгаа.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг Б-гийн бүлэглэл буюу өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн А.Баяржаргал нарын 18 хүн бий. Цахим мөрийтэй тоглоом нь олон иргэнийг санхүү, сэтгэл санаагаар хохироож амиа хорлоход хүргэдэг. Иймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт цохилт өгөх зорилгоор бүх төрлийн арга хэмжээг авч тасралтгүй тэмцэж байна.
Өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэний төрсөн хоёр дүү О, Б нарыг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд энэхүү мэдээлэл өнөөдөр яригдаж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг байгуулах зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Сошиалд мэдээлэл хийсэн А.Баяржаргал гэх этгээдийн мэдээлэлд дурдсан цагдаагийн алба хаагч гэх хүний тухайд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэн. Тухайн этгээдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул
-Иргэн А.Баяржавхлангийн мэдээллийн дагуу дотоодын хяналт шалгалтыг эхлүүлсэн. Өчигдөр мэдээлсний дагуу тухайн иргэн 2024 оны есдүгээр сард "Хянамгай бай" аяны хэвлэлийн бага хурлын үеэрх мэдээллийг өгснийг тогтоосон.
Хууль бус үйлдэл хийсэн цагдаагийн ажилтнуудыг илрүүлж, тогтооно. Харин тухайн алба хаагч буруугүй гэж тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална. Төрийн албан хаагч өөрийн албан тушаалаа урвуулан ашиглавал олон иргэнийг хохироож болох учраас хариуцлага өндөртэй байдаг. Тиймээс жил бүр АТГ-аас хөрөнгө оруулгын мэдээллийг авдаг. Цагдаагийн алба хаагчийг хууль зөрчих нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дотооддоо хяналт шалгалт явуулдаг.
Энэ хэрэгтэй нэр нь холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон. Тиймээс алба хаагчид нэр төрөө сэргээхээр шүүхэд хандаж болно" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.