dobu.mndobu

Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна

Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна

Монголын циркчид Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилга буюу "Аса" циркт бэлтгэл сургуулилалт хийж, түрээсэлдэг байсан. Гэвч ковид гарснаас хойш буюу өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэд хувийн заал түрээсэлж зарим нь МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуульд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тус сургуулийн барилга нь XX зууны үеийн барилга бөгөөд тухайн үедээ Дондогдулам хатны сэрүүн дуган байсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл тус сургуулийн барилгад засвар хийгээгүйн улмаас хэзээ мөдгүй нурахаар болжээ. Энэ талаарх нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа. 

“Цирк бол итгэл”

Циркийн жүжигчин О.Олзболд:
-Би анх 2018 онд энэхүү циркт орж түүнээс хойш групп болон соло номерын төрлөөр хичээллээд нийтдээ долоон жил болж байна. 
Цирк сөнөөгүй, дордоогүй, улам цэцэглэж мандаж байгаа. Буурлуудын буян, багш нар, боловсон хүчнүүд, сурах хүсэл эрмэлзэлтэй олон жүжигчид байна. Тийм болохоор цирк хэзээ ч мөхөөгүй. Харин байр, орчны хувьд л тэгж харагдаад байгаа юм. 
Жишээлбэл, Боксын тамирчин Э.Цэндбаатар гэхэд эмч, сэтгэлзүйч нар, эм тариа, унтах, бэлтгэлээ хийх заал, бээлий, мишок гээд бүх зүйл нь стандартын дагуу хангагдсан байх юм бол Монгол хүн ямар амжилтад хүрч болдгийг харуулж байна. 
Үүнтэй адилхан циркийн жүжигчдэд цаанаас нь дулаан байртай, туслах болон үндсэн манежтай, хувцас солих өрөөтэй, дулаан байртай байх юм бол Монгол циркчид дэлхийд гарах боломжтой. Одоогоор манай циркчид дэлхийн ранзанд нэлээд өндөр яваа. Шидэх банз, акробат, уран нугаралт төрлөөрөө нэлээд өндөр түвшинд явж байгаа. Хэрэв тийм байраар хангаад өгөх юм бол монголчууд илүү өндөрт гарах нь тодорхой харагдаж байгаа. 


“Цирк бол итгэл” гэдэг үг хананд харагдаж байна. Тэгэхээр хэн хэндээ итгэнэ, бас өөртөө итгэнэ. Мөн дээрээс нь байрандаа итгэж байгаа нь харагдаж байгаа байх. Хэзээ дээрээс нураад ороод ирэх нь мэдэгдэхгүй ийм нөхцөл байдалтай байна. Энэхүү байр маань Дондогдулам хатны сэрүүн дуган байсан дээр үеийн байшин. Үүнийг өнгийг нь сэргээж байгаагаас өөр ямар нэгэн том засвар хийгээгүй учраас аюултай нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас “Цирк бол итгэл” гэдэг үг дээр тулгуурлаад ганц байгаа байрандаа ганц, хоёр гэрэл нэмэх, зай завсрыг нь бөглөх, хаалга үүдээ дулаалах зэрэг аль болох өөрсдийн гарын доорх материалаар энийгээ цэвэрхэн байлгаж байгаа. Тийм учраас “цирк муухай болоогүй шүү” гэж хэлмээр байна. Та бүхэн ажиглаж байгаа бол энд маш их ан цавууд байгаа. Өөрөөр хэлбэл, зуны дүнзэн байшин шиг байгаа л гэсэн үг. Маш олон завсартай учир тэр болгоноор нь хүйт орж ирдэг. Гэхдээ өдөрт 40-50 хүн энд бужигнадаг. Тийм учраас тэр гоё агаар, халуу дулаан энергид өөрсдийгөө бэлдээд гадагшаа явдаг. 

Нийт 78 хүүхэд циркчнээр суралцаж байгаагаас нэг жилд 20-24 хүүхэд л энэ мэргэжлээр төгсдөг байна.

"Өвөл нь даарч байна, хавар дусаал гоожиж байна"

Морин циркийн жүжигчин А.Аюурбуян:
-Би циркийн урлагийн тогоонд 2019 оноос Циркийн морин сургуулийн багш Анхбаярын удирдлага дор морин циркээр явж байгаа. Энэ хугацаанд циркийн талаар мэдлэг сураад тогоонд нь чанагдаад өөрийн хүсэл сонирхлоор Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргая гэсэн зорилгоор явж байна. 
Хоёрдугаарт, хуучин АСА циркт дугуй манежинд морьтойгоо орж бэлтгэл хийдэг байсан бол одоо хуучин цирктээ өвөл нь даарч, хавар дусаал гоожсон нөхцөл байдалд бэлтгэлээ хийж байна. Өнхрөлт, уналтаа хатуу цемент дээр хийдэг. Энэ цементэн шалан дээр багш нар маань өөрсдөө хивс авч дэвссэн. Улсаас тусламж дэмжлэг бараг авдаггүй байх. Тэгэхээр бид улсаас өмнөх шигээ бүрэн хэмжээний бэлтгэл хийдэг тийм газар болгож өгөхийг хүсэж байна. Хэрэв тэгвэл бид гаднын орныхноос дутахааргүй амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. 

Морин циркийн жүжигчин Б.Сосорбарам:
-Миний хувьд 2017 оноос хойш морин циркээр хичээллээд явж байна. Анхбаатар багшийн удирдлага дор харьяалагдаад явж байна. 
Олон нийтийн цахим сүлжээгээр хүмүүс Монголын цирк сөнөчихсөн юм шиг ойлголттой хүмүүс байдаг юм байна лээ. Тэгэхээр тийм зүйл огт байхгүй. Бид өдөр бүр сайн багш нарын дор бэлтгэлээ хийж байна. Ан цав үүсчихсэн учраас өвлийн улиралд хүйтэн байдаг. Гэхдээ бид өдөр болгон энд бэлтгэлээ хийдэг учраас шинэ байр, төхөөрөмж байвал хөгжих боломж зөндөө байдаг. Одоогийн байдлаар бид дөнгөж бэлтгэлээ хийгээд тарчихсан байна. Ямар нэгэн дарамт шахалт, дээрэлхэлт гэдэг зүйл огт байхгүй. 


Би багаасаа хөдөө мал дээр өссөн. Дунд сургуулиа Говь-Алтай аймгийн төгрөг суманд төгсөөд л морин циркээр явсан. Жил бүр Хятад улс руу морин циркээр явдаг. Одоо бид бас явах гээд бэлтгэл сургуулилтаа хангаад явж байна. Бид XX зуун биш, XXI зуунд амьдарч байгаа шүү дээ. Тиймээс энэхүү асуудлыг шийдээд өгвөл манай үе үеийн багш нар бидэнд бүрэн боломж олгоод гэр бүлээсээ илүү олон цагийг өнгөрүүлж өөрсдийнхөө хүүхдүүд шиг бэлтгэл хийлгэдэг. Тийм учраас энэ цирк бол бидэнд маш үнэ цэнтэй зүйл. 


Хятадад цаад компаниас нь бүх зүйлийг нь хангаад өгчихдөг. Тэнд ямар ч асуудал байдаггүй. Бүх юм нь бэлэн, дотроо халуун, хүйтэн устай орчин үеийн байранд нэг хүн нэг өрөөнд байрладаг. Тэгээд л цагийн хуваарийн дагуу тоглолтдоо гараад хийх ёстой юмаа хийгээд л явдаг. 

Асашорюү Д.Дагвадорж “АСА цирк”-ийг авахдаа хоёр жилийн хугацаанд менежментийн гэрээгээр авчээ. Улмаар менежментийн гэрээг хангалттай хийсэн гэж дүгнэсэн учраас Монгол Улсын өмчийн тухай хуулийн хүрээнд 1.5 тэрбум төгрөг төлөөд хувийн өмчөө болгосон аж.

Ч.Номин: Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа - dobu.mn

Харин Соёлын сайд Ч.Номингийн зүгээс Монголын циркийг эдийн засгийн эргэлтэд орж арилжааны хэлбэрээр өөрсдийгөө хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Циркийн бэлтгэл хийх заалыг хаана хийх боломжтой талаар судалж НЗДТГ-тай хамтарч ажиллаж байгаа аж. Тодруулбал, Сэлбийн эргэн тойронд хийхээр төлөвлөгөөтэй байгаа талаар салбар яамны сайдын зүгээс хэлсэн юм. 


Мөн томоохон тэмцээн, уралдаанд ороход нь байнга дэмжлэг үзүүлдэг бөгөөд өмнө нь ийм боломж бололцоо хомс байсан талаар ч дурдав. 

Гэвч өнөөдрийг хүртэл циркийн уран бүтээлчид XX зууны барилгад бэлтгэл сургуулилалтаа базааж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулж байна.

Хуваалцах:

|
Цас, цас орж, цасан шуурга шуурна

Цас, цас орж, цасан шуурга шуурна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.