dobu.mndobu

"Эрдэнэс Монгол"-оо яая гэж байхад "Эрчист Монгол" бас юу вэ

"Эрдэнэс Монгол"-оо яая гэж байхад "Эрчист Монгол" бас юу вэ

Улсын төсөвт томоохон байр суурь эзэлдэг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй 31 компанийг нэгтгэсэн Эрдэнэс Монгол хэмээх аж ахуйн нэгжүүдээ сааж амьдардаг, данхар бүтэц бүхий айлыг яая гэж байхад Эрчист Монгол хэмээх 44 компанийг нэгтгэсэн нэг мөнгө саах төдий байгууллага бас шинээр бий болчихлоо.

Энэ хоёр компани нь төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангах, компанийн засаглалыг сайжруулах, нэгдсэн бодлого, стратегиар манлайлан ажиллах гээд чиг үүрэг нь ерөнхийдөө адилхан юм билээ.

Өөрөөр хэлбэл улс төрийн шахаа хийдэг, улстөрчдийн танил талд тохой татаж албан тушаалд томилдог нэг байгууллага шинээр бий болгож, төрийн бүтцийг данхар болгож байгаагаас өөр зүйлгүй.

Нөгөө талаар уул уурхайн компаниудын мөнгийг хайр найргүй цацдаг Эрдэнэс Монголын С.Наранцогтоо яая гэж байхад Эрчист Монгол компани үүсгэн байгуулаад Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа танил талдаа их хэмжээний зээл гаргаж өгсөн хэрэг мандуулсан Г.Амартүвшин гэгч нэг гайхлыг тавьчихаж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нарын 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр тус компанийг байгуулах тухай хамтарсан тушаал гаргасан.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар өөрсдөө алдагдалтай ажиллаж байгаа Төрийн өмчит компаниудыг татан буулгана хэмээн хэл ам болж байгаа ч нэг гараараа ийм шийдвэр гаргаад нөгөө гараараа бас л нэг ашиггүй мөрөөрөө үйл ажиллагаа явуулж байгаа 44 компанийг сааж байх нэг хэрэггүй компани байгуулчхаж байна. Г.Амартүвшинд зориулан компани байгуулж өгмөөргүй юм. Түүнээс хэрэггүй зүйл.

Өнөөдөр Эрдэнэс Монгол компанид юу өрнөж байна, Эрчист Монгол компанид тэр л өрнөнө. Тэнд улстөрчдийн шахааны тавиул ажилтан, алба хаагчид, үр дүнгүй зүйлд хөрөнгө зарсан хэрэг, өөрийн нэгдэлд харьяалагдах аж ахуйн нэгжүүдийг удирдлагаар хангах бус дарамтлах гэх мэт бусармаг зүйл байдгийг баримтаар дурдсан нь бий.

Эрчист Монгол компанид энэ нь хоёр дахин илүү өрнөх хандлага байна. Тухайлбал, Эрдэнэс Монгол 31 компаниас татаас авч байж Азийн хөгжлийн банкнаас 9.5 сая ам.долларын зээл авч, гаднын компаниас зөвлөх үйлчилгээ авсан. Ийнхүү өндөр хүүтэй зээл авч, компанид алдагдал үүсгэсэн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа.

Үнэн хэрэгтээ уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 31 компанийг менежмент, удирдлагаар хангана гэж тэднээс санхүүжиж байж гаднын компаниас зөвлөх үйлчилгээ авахын тулд өндөр хүүтэй ихээхэн хэмжээний зээл авна гэдэг мөнгө угаах нэг арга гэж үзэхэд болохгүй зүйл үгүй.

Монгол Улсад энэ мэт компанид зөвлөчихөөр хашир хандгай нар, боловсролтой туршлагатай залуус олон байгаа. Чухам яагаад гаднаас зөвлөх үйлчилгээ авдаг вэ гэхээр мөнгө завших гэж л авдаг болов уу. Эрчист Монгол бол яг энэ замаар л явна.

Эрдэнэс Монгол компанид өндөр цалин бүхий 100 гаруй хүн ажиллаж, Төлөөлөн удирдах зөвлөлд нь улстөрчдийн шахааны гэж болохоор 70 шахам хүн ажиллаж байна. Эрчист Монгол компанийн хувьд үүнээс давсан орон тоо, давсан цалин гээд бүхий л талаараа давамгайлахаар харагдана.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.