0
Голдманы нэрэмжит Байгаль орчны шагналын 2025 оны долоон ялагчийг зарласны дотор Монгол хүн багтсан баяртай үйл явдал тохиолоо. Энэхүү шагнал нь байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан эрхмүүдэд олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм.
Нэг тивээс ердөө нэг л идэвхтнийг сонгон хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд гаргасан амжилт, манлайллыг нь үнэлэн энэхүү шагналыг олгодог аж. Монгол Улсаас Голдманыг гурав дахь удаагаа хүртсэнээр Ази тивийн шилдгүүдийн тоонд багтаж байна.
Монголын нэрийг тив дэлхийд цуурайтуулсан эрхэм бол Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, 80 настай Лувсандашийн Батмөнх юм. Тэрбээр тэтгэвэртээ гарснаас хойш нутаг усаа хамгаалах үйлсийг манлайлж, инженерийн тооцоолох ухаанаа ашиглан нутгийн ард олонтойгоо хамжиж, Хөвсгөл сумандаа 500 мянган га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авхуулжээ.
"Байгаль хамгааллын хамгийн шилмэл, дээд хэлбэр бол тусгай хамгаалалтад авах"
Ахмад инженер, байгаль хамгаалагч Л.Батмөнх:
“Би Дорноговь аймгийн уул уурхайн гурван үйлдвэрт ажиллаж байгаль орчинд үзүүлж буй хор хохирлыг нүдээр үзэж, биеэр туулсан хүн. Иймдээ ч нутгийнхаа онгон дагшин байгаль, нүүдлийн мал аж ахуй, зэрлэг амьтан, түүхэн дурсгалт газруудыг байгаагаар нь хадгалахыг хүссэн. Ийм шагнал авна гэж харин бодсонгүй. Энэ үйлсэд хамтран зүтгэсэн нутгийн зон олондоо баярлалаа. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авахаа зарласан анхны улс.
Хууль ёсны дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан хүсэлтийг минь төр хүлээн авч, дэмжиж ажилласан нь энэ амлалтдаа үнэнч байгааг илтгэнэ. Миний хүсэл бол уул уурхайг хариуцлагажуулж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох юм. Байгаль хамгааллын хамгийн шилмэл, дээд хэлбэр бол тусгай хамгаалалтад авах явдал билээ.
Эх сурвалж: The Nature Conservancy in Mongolia
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.