dobu.mndobu

СУРАГЧИД: Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхийн тулд хууль, дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй

СУРАГЧИД: Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхийн тулд хууль, дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, нийслэлийн Онцгой байдлын газраас “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяныг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд бидний дуу хоолойг-Та сонсооч” сэдэвт панел хэлэлцүүлгийн сүүлийн шатны шалгаруулалтыг өчигдөр Монголын Хүүхдийн ордны их танхимд зохион байгуулав.

Сүүлийн шатны шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын долоон баг оролцов.

Хэлэлцүүлэг Нийгэм, хүрээлэн буй орчны эрсдэл, Сургууль, гэр хооронд зорчих орчны аюулгүй байдал, Хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, Замын хөдөлгөөнд унадаг дугуй, скүүтэр, цахилгаан дугуйтай оролцох үеийн аюулгүй байдал, анхаарах асуудал, Гол, нуур, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэх мэт сэдвийн хүрээнд өрнөлөө. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцсон сурагчид дараах асуудлыг дэвшүүлсэн талаараа байр сууриа илэрхийлсэн юм. 

Нийслэлийн 30 дугаар сургуулийн 9е ангийн сурагч Т.Мөнгөнзул:

-Би гарцаар гараад Хүүхдийн ордны хажуу талын нарийн дугуйн замаар алхаж байгаад хүмүүст шахагдаад дугуйн зам руу санамсаргүй орчихсон. Гэтэл араас скүүтэртэй хүн ирээд намайг холдохын завдалгүй дайрчихсан. Тэгээд миний хөл гэмтээд өөрөө хохирч үлдсэн.

Би скүүтэрээс илүү дугуй унаж явж үзсэн. Цэцэг төвөөс Нарантуул хүртэл явж үзсэн. Дугуйн замаар явж байхад энгийн явган хүмүүс тэр зам дээгүүр яваад байдаг. Тийм учраас маш хүндрэлтэй байдаг. Дугуйн зам байсан ч гэсэн маш их эвдрэл гэмтэлтэй байдаг учраас хэцүү байдаг. Тийм болохоор зам, дэд бүтцээ сайжруулж, хууль дүрмээ сайн тогтоох хэрэгтэй гэж бодож байна.

Нийслэлийн 34 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч П.Гэгээнтуяа:

-Би анх цахилгаан скүүтэр гарч байхад сонирхоод унаж үзсэн. Тэгэхдээ хамгаалалтын хэрэгсэл өмсөөгүйгээсээ болоод унаж өвдгөө шалбалж байсан. Тийм болохоор хүүхдүүд үүнээс илүү гэмтэж болзошгүй учир хамгаалалтын хэрэгслээ сайн өмсөөрэй гэж захимаар байна. Явган хүний замын хажуугаар тавьсан дугуйны ногоон зам нь маш аюултай санагддаг.

Нийслэлийн 45 дугаар сургуулийн 10г ангийн сурагч С.Билгүүн:

-Олон улсад хууль дээрх асуудлыг зохицуулсан хууль байгаа. Дугуйн замаар явсан явган зорчигч, дугуйнд дайруулсан хүнийг торгох торгуулийн хуулиуд их байдаг. Дугуйн зам нь стандартын дагуу машин замын хажууд байвал их зүгээр гэж бодсон.

Нийслэлийн 44 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч М.Анударь:

-Стандартад зааснаар 12 хүртэлх насны хүүхдүүдэд л зориулсан тоглоомын талбай байдаг.

Харин 12-18 насны хүүхдүүдэд ямар ч тоглоомын талбайн стандарт байдаггүй.

Тийм учраас 12-18 насны өсвөр үеийн хүүхдүүддээ боломж олгоод сагс, хөлбөмбөг, гарбөмбөг гэх мэтчилэн талбайнуудыг гаргах нь зүйтэй гэж бодож байна.

Жишээлбэл, скейтбордын зам зөвхөн парк, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгаа харагддаг. Уг нь хотхон болгон дээр 12-18 насныханд зориулсан шийдлийг гаргаад өгчих юм бол PC тоглоомд орохгүйгээр өөрсдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Мөн гарбөмбөгийн талбай байхгүй болохоор машины цонх хагалах, эвдлэх, дүү нараа санамсаргүйгээр цохих, унагах тохиолдлууд их гардаг. Тийм учраас энэхүү эрсдэлүүд багасах болов уу гэж бодсон.

ГССҮТ-д өдөрт дунджаар 100 гаруй хүүхэд тоглоомын талбайтай холбоотой гэмтлээр ханддаг. Энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа тийм учраас л энэхүү асуудлыг хөндөж байна.

Нийслэлийн 23 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Ж.Мишээл:

-Өсвөр насныхан гэртээ бүгж, утсаа оролддог болчихсон байгаа. Тийм болохоор зориулалтын тоглоомын талбайтай болчих юм бол энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна.

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Д.Гэгээнтөгөлдөр:

-Нийслэлийн есөн дүүрэгт нийтдээ 976 ширхэг тоглоомын талбай байдаг. Гэвч хуулиар заасан стандартыг  803 буюу 76 хувь дагаагүй байдаг. Үүнээс болоод хүүхдүүдийн гэмтэж бэртэх эрсдэл нэмэгдэж, жаргалтай байх нь багасдаг гэсэн судалгаа байдаг.

Нийслэлийн 154 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч А.Аминдаваа:

-Тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүйгээс болоод Баянзүрх дүүргийн нэг байранд гулсуураа сайн бэхлээгүйгээс болоод хүүхэд гулсах үедээ хөлөө хугалсан жишээ байсан. Тийм болохоор стандартын шаардлага хангаагүй тоглоомын талбай маш олон эрсдэлийг дагуулдаг.

Дашрамд, дээрх асуудлуудыг Нийслэлийн онцгой байдлын газар болон Монголын хүүхдийн орон удирдах шатны байгууллагууд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлд танилцуулж, дүүрэг, нийслэлийн удирдлагуудад хүргүүлэх аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.