0
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээс хүчингүй болгожээ.
Тэгвэл энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа "Зээ нүүр номын найзууддаа, МҮОНРТ-ийн хамт олондоо нэг мэдээ дуулгая. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг үнэн юмаа. Жоохон удаан л болохоос гүйцдэг л юм байна.
Одоогоос нэг жил гаруйн өмнө МҮОНРТ-ийн ҮЗ-өөс намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж баахан сүр дуулиан болсон явдлыг санаж буй биз. Ажилчдынхаа цалинг нэмж байгууллагыг алдагдалд оруулсан гэх мэт шалтгаанаар ажил хүлээлцэх комиссгүй, хүлээлцэх хугацаа нь тодорхойгүй, хуралд суух эрхгүй (түүхч Д.Өлзийбаатар) сууж хууль бусаар санал өгсөн хурлаас гаргасан ажлаас чөлөөлөх тухай ҮЗ-ийн тогтоолыг Монгол Улсын Дээд шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл /2025.05.06/ Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь нэхэмжлэгч А.Бүрэнбаатар миний хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.10-т зааснаар үндэслэлээ тайлбарлаж танилцуулаагүй, /мэдэгдээгүй, тайлбар аваагүй/ Үндэсний зөвлөлийн ажиллах журмаа зөрчсөн тул тус зөвлөлийн 25 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Тодруулбал МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар намайг ажлаас хууль бусаар халсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй хууль бус шийдвэр болохыг Улсын Дээд шүүх эцэслэн тогтоолоо. Энэхүү шүүхийн маргааны үндсэн зорилго нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал намайг үүрэгт ажлаас минь хууль бусаар, үндэслэлгүйгээр халсан гэдгийг шүүхээр тогтоолгох байсан бөгөөд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хууль бус шийдвэр гаргаж, А.Бүрэнбаатар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдгийг Улсын дээд шүүх эцэслэн тогтоосонд талархаж байна.
Эцэст нь нэг зүйл хэлэхэд би ажлаа хэнд, хэдий хугацаанд, хэрхэн өгөх нь тодорхойгүй байсан учраас энэ тогтоолоо засаж өгөхийг ҮЗ-өөс шаардсан. Тэд хурлаа хийж чадалгүй хоёр сар болсон байдаг" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.