0
Үндэсний аудитын газраас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны санхүүд аудит хийжээ. Аудитаар нийт 17 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ.
Харин санхүүгийн тайлангийн аудиттай холбоотой нийт 2.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн аж.
Тухайлбал, Хүүхэд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нийгмийн бүлэгт чиглэсэн хөтөлбөр арга хэмжээний зардлаас 197.1 сая төгрөгийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлж ангилал зөрүүлэн, зориулалт бусаар зарцуулжээ.
Мөн батлагдсан төсвөөс нийт 186 саятөгрөгийн дэмжлэг, шагнал олгосон байна.
Бүгд найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үндэсний төвөөс 49.9 сая төгрөгийн үнэ бүхий Grand starex маркийн автомашиныг 2024 онд хүлээж авсан боловч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөл гараагүй, хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд бүртгээгүй байна.
Төсвийн шууд захирагчийн төсвөөс бусад төсөвт байгууллагын нийт 9 сая төгрөгийн зардлыг санхүүжүүлжээ. Түүнчлэн мөнгөн гүйлгээний тайланд зардлын ангиллыг нийт 387.7 сая төгрөгөөр зөрүүтэй тайлагнасан аж.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын зөвшөөрөлгүйгээр 22.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг бусад байгууллагад ашиглуулжээ. Улмаар 2024 онд зарлагын баримтгүй 3 сая төгрөгийн жолоочийн замын хуудасгүй 9.3 сая төгрөгийн хоёр шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Мөн зохион байгуулсан сургалт, уулзалт, зөвлөгөөнд нийт 112.4 сая төгрөгийн хоол, цайны зардал төлөвлөж зарцуулсан. Түүнчлэн нэр бүхий 15 ажилтанд нийт 11.2 сая төгрөгийн цалинг илүү тооцож олгожээ.
Цалингийн санд гэрээт ажилтны цалин батлагдаагүй байхад 6 албан хаагчийг гэрээгээр ажиллуулан нийт 97.4 сая төгрөгийн цалинг олгосон байна.
Түүнчлэн Хүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт тэгш хамруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг 2024 онд бүсчлэн зохион байгуулж нийт 1,240 хүүхдийг хамруулан 439.3 сая төгрөгөөр санхүүжүүлсэн зөрчил илэрчээ.
Агентлагийн батлагдсан бүтцийн нэгжид байхгүй Сургалт, судалгаа мэдээллийн төв нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын нэгж хэлбэрээр үйл ажиллагаа явуулж 8 албан хаагчийн цалин, урамшуулалд нийт 111.2 сая төгрөгийг байгууллагын үндсэн цалингийн зардлаас зарцуулжээ. Улмаар зардлын ангилал зөрчин төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчилд өмнөх оны аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, 2024 онд нийт 189.9 сая төгрөгийн цалин хөлс болон урсгал үйл ажиллагааны зардал гаргажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.