0
Хүүхдийг спортын VIII наадам өчигдөр /2025.05.27/ Спортын төв ордонд эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Ховд аймгаас тус наадмыг зорин ирсэн “Ховд шонхрууд” сагсан бөмбөгийн багийн гишүүд сэтгэгдлээ хуваалцлаа.
“Ховд шонхрууд” сагсан бөмбөгийн багийн гишүүн Д.Алтансувд:
-Манай баг Ховд аймгаас хүүхдийн спортын VIII наадамд хүчээ үзэхээр 1000 гаруй километрийн холоос зорьж ирсэн. Анх удаа энэхүү наадамд оролцох гэж байгаа болохоор сэтгэгдэл маш өндөр байна. Гоё нээлт болж байна. Үе тэнгийнхээ хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлээд нэг ч гэсэн шат ахиж байгаадаа баяртай байна.
Миний хувьд агсан бөмбөгөөр хичээллээд 2-3 жил болж байна. Бэлтгэл сургуулилтаа сайн хангасан гэж найдаж байна. Өмнө нь манай баг Дархан хотод УАШТ-д орж байсан. Аймагтаа сурагчдын лиг, баруун бүсийн аварга гэх мэт тэмцээнүүдэд орж байсан. Манай багийн давуу тал гэвэл хурд сайтай, ихэвчлэн спортынхоо зааланд бэлтгэлээ хийдэг.
Миний хувьд сагсчин Өнөрцэцэг эгчээс үлгэр дуурайлал авдаг. Яагаад гэвэл хурд, хүч сайтай, хийе гэснээ шууд хийчихдэг шулуун зан нь надад таалагддаг. Би Монголын сагсан бөмбөгийг дэлхийд гаргах, үе үеийн дүү нар, хүүхдүүд ийм байдаг шүү гэдгийг харуулах мөрөөдөлтэй.
Энэ тэмцээнд орж байгаа, орохгүй байгаа ч тэр бүгдэд нь амжилт хүсье. Бүгд зоригтой байгаарай. Хийе гэснээ хүссэнээрээ хийгээрэй л гэж хэлье.
“Ховд шонхрууд” сагсан бөмбөгийн багийн гишүүн М.Алтантунгалаг:
-Багийнхныхаа нөхөрсөг байдлаас нь илүү урам зориг авдаг. Сагсан бөмбөгөөр хичээллэснээр зоригтой болно, бие бялдраа хөгжүүлж, биеэ дааж, өөртөө цаг зав гаргаж сурна. Тийм болохоор хүүхэд бүхэн цаг заваа зөв боловсон өнгөрөөдөг, өөртөө цаг зав гарган спортоор хичээллэж гоё бие бялдартай байгаарай гэж хэлье.
“Ховд шонхрууд” сагсан бөмбөгийн багийн гишүүн Ж.Алтаншаш:
-Миний хувьд сагсан бөмбөгөөр хичээллээд нэг жил гаран болж байна. Даган дуурайдаг тамирчин гэвэл дээд лигийн Хулан, Индра, Өнөрөө эгч нар байгаа. Зоригтой, өөртөө итгэлтэй хийх зүйлээ тултал нь хийдэг хүмүүс гэж боддог. Би хүн болгоны шүтээн болсон тамирчин болохыг хүсдэг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.