dobu.mndobu

ХӨРӨГ: Утга найргийн тэнгэрээр халин ниссэн урины шувуу

ХӨРӨГ: Утга найргийн тэнгэрээр халин ниссэн урины шувуу

Яруу найрагчийн амьдрал
Төрсөн төгссөн хоёр оныхоо хооронд багтдаггүй юм
Яруу найрагчийн амьдрал
Төөлсөн төнхсөн хорон үгэнд холторч хордоггүй юм аа...
Бэсүд Ламжавын МЯГМАРСҮРЭН

Тайлбар байхгүй.
Намайг Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуульд суралцаж байх үед 1989 онд Монголын Радиогийн сурвалжлах баг (багийн бүрэлдэхүүнд Гомбожавын Мэнд-Ооёо, Жүмпэрэлийн Саруулбуян, Ламжавын Мягмарсүрэн) ирсэн юм. Ангийн багш С.Нарантуяа маань намайг тэдэнтэй уулзуулж билээ. Багш маань "Ангийн маань хүү шүлэг бичдэг юм. Их-Уулынх. Та нар зөвлөгөө өгөөч" гэж билээ. Ингэж л би анх Мийгаа ахтайгаа уулзаж байжээ. Тавын дэвтэр дүүрэн бичсэн шүлгээ үзүүлэн уншиж өгч байж.


Тэр даруй шүлгүүдийг маань аймгийн "Туяа" сонинд Намсрайн Лутбаяр ах хэвлүүлж өглөө. Үнэндээ "хөл газар хүрэхгүй" баяр. Шүлгүүдийн маань өмнө "Хулангийн удамтай хүүгийн хувь заяа өөдрөг байг!" гэж бичсэн нь одоо ч миний цээжинд явдаг юм.


Би Их сургуульд элсэж, ээжийгээ даган анх хотод орж ирээд, оюутны 3-р байранд амьдрахаар болов оо. Мийгаа ахынх "Төмөр зам"-д байдаг байлаа. МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны урд талын автобусны буудлаас тэднийх хүртэл ёстой л "нүд ирмэх зуур", за бүр удаандаа бол "цай буцлах чөлөөнд" л оччихно.
Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үе. Гэнэт л алдарт 20-р тогтоол гарч, юмны үнэ огцом нэмэгдэн, картаар үйлчилж байсан жаахан тийм "ховор зэвэргэн" үед миний очих дуртай айл Мийгаа ахынх л.


Мийгаа ахын хань нь Чимгээ эгч ёстой “хойгуураа гарсаныг хооллож, урдуураа гарсаныг ундаалж” цайлж дайлсан хүн л дээ. Эхний үедээ зочин мэт бишүүрхэнгүй байсан би сүүлдээ яг л тэдний хүүхэд шиг байсан даа. Гаднаас орж ирээд л гар нүүрээ хальт мөлт угаасан би гэдэг хүн гал тогооны өрөөнд орж, байгааг нь хуурайлж орхиод, дараа нь бараг "Сайн байцгаана уу?" гэж мэндэлдэг байв аа гэж. 


Мийгаа ахындаа би олон сайхан яруу найрагч, зохиолчтой танилцаж байжээ. О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Энхболд, М.Саруулдалай, Ц.Буянзаяа, Д.Галсансүх, Б.Одгэрэл, Л.Батцэнгэл, Л.Энх-Амгалан, Хөвсгөлийн Батбилэг гээд нэрлэх юм бол олон олон.


"Зан сайтай айлд хүн бүхэн цуглана
Замаг сайтай усанд загас бүхэн цуглана" гэж Чимгээ эгчийн зочломтгой, Мийгаа ахын найрсаг зангаар тэднийд олуулаа цугларч, халуун дотно яриа өрнүүлнэ. Тэдний нэг нь Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж. Л.Мягмарсүрэн найрагч “Би гурван багштай" гэж бахархан өгүүлдэг байв
Б.Явуухулан, М.Цэдэндорж, Н.Нямдорж...


Бахархалтай байгаа биз. Мийгаа ахынд Нямдорж багш нь зочилж байхад хэд хэдэн удаа таарч, амьдралын жаргал, зовлон үзсэн хүний ухаалаг нухацтай яриаг сонсон суух учрал тохиож байсан билээ. Ня багш нь хар буруугийн өчүүхэн ч сүүдэргүй цайлган сэтгэлийн гэрэл болсон Мийгаа ахад минь зориулж:
"Хүний тэргүүнд явна гэж бүү бод
Хүний ард нь явна гэж бүү бод
Дунд нь л явна гэж бод.
Цэцгээ сайн усалж
Чимгээгээ сайхан хайрлаарай" гэж бичиж өгч байсан юм даа.

Нэг удаа би Нямдорж найрагчид аавынхаа дурсгалд зориулсан шүлгийг уншвал, "Сайхан шүлэг нь ч сайхан шүлэг юм. Гэхдээ хойшид бичиж туурвих хүн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Чиний шүлгийг орос, англи, япон, герман, итали таван өөр улсын хүн сонсоод л шууд бүгдээрээ ойлгож байвал жинхэнэ уран бүтээлч болж байгаа нь тэр шүү" гэж байж билээ. Оюутан ахуй цаг тэднийд очдог байсан үед минь ахын хүүхдүүд цөм жаахан байж дээ. Ганхуяг л арай том, намайг очиход Рюноскэ Акутагаваг орчуулж байгаагаа хэлээд үзүүлдэг байв.


Мийгаа ах маань бичгийн хүний үлгэр дуурайлыг харуулж, хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч ирсэн дээ. Боловсролтой байх аваас амьдралын жолоог бат атгана хэмээхийн үүднээс ханддаг байсан Мийгаа ахад талархаад баршгүй билээ.

Тайлбар байхгүй.
Мийгаа ах Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг Заламтын улаан толгой гэдэг газар төрсөн. Эмчийн мэргэжилтэй. Анхны номоо 1983 онд "Урины шувуу" нэртэйгээр хэвлүүлж, түүний багш Бэгзийн Явуухулан номын өмнөтгөлд "Л.Мягмарсүрэнгийн сонгож авсан мэргэжил нь эмч. Харин түүнийг ЯРУУ НАЙРАГ өөрөө сонгожээ. Энэ хүүгийн авъяас нь эхний шүлгээсээ эцсийн шүлгээ хүртэл улаан шугам нэвт гэрэлтэж байна" гэж онцлон тэмдэглэсэн байдаг юм.


Багш нь түүний их замын царааг харж байжээ гэж одоо өөрийн эрхгүй бодогдоно.
Заримдаа Мийгаа ах халамцуудаа:
"Арван жилийг ОНЦ, Анагаахын дээдийг ОНЦ төгссөн Бэсүд овогт Ламжавын Мягмарсүрэн би байна" гэдэг сэн.
Түүний алдартай шүлгүүдийн нэг нь "Болор чулуунд туссан сарны гэрэл адил" юм. Борооны үнэр салхи өртөөлөн сэвшээлсэн хаврын үдшээр хайртай бүсгүйнхээ амьдардаг байрны цонхон дор тамхи татан татан холхиж хүлээх залуу найрагчийн дүр төрх агшнаа тодрон үзэгдээд:
"Болор чулуунд туссан сарны гэрэл адил
Үнэн болоод хуурмаг үзэсгэлэн гоог чинь
Тэнгэрт өргөн биширч
Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан
Цонхны чинь дор тамхи татан зогсоход
Сүүдэр минь надаас уйдаж
Шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам..." гэж шүлэглэн уншиж байгаа нь харагдана.
Ах маань бичихээс гадна бас уйгагүй УНШИГЧ байлаа. Номыг машид хичээнгүй уншина. Бүр даган дуураймаар. Нөгөө 
Д.Урианхай абугайн:
"Би-
Шивэрсэн булаг дээгүүрээ алхаж гардаггүй тойрч гардаг
Алжаал үгүй амгалант
Би-
Шивнэсэн судрын үг давхиж уншдаггүй гэлдэрч уншдаг
Цөхрөл үгүй амгалант..." гэдэг шиг л өөрт сонин содон, гүн гүнзгий, сайхан санагдсан мөр бадгийн доогуур бас хажуу талд нь нямбайлан зурж тэмдэглэн уншина. Түүнд өөрийнхөө зохиосон шүлгийг уншиж өгөхөд үнэтэй гоё санал хэлнэ. Зарим мөр бадгийг ийм байвал ямар вэ гэнэ. Яруу найргийн "Урины шувуу", "Өдөр бүхэн шинэ", "Хас сар", "Манан дунд адуу янцгаахуй", "Алганы хээ", "Хөх дарс", "Хэлбэр үгүй", "Дотоол чанадын үзэгдэл", "Шөнийн өвс", "Тэнгэрийн нутаг", "Тэнгэрийн нүд" гээд олон номтой. Ном бүхэнд нь хүмүүст зориулсан олон шүлэг бий. Өчүүхэн надад л гэхэд:
"Хаврын ногоо
Харагдахгүй ургадаг
Харагдталаа ургадаг
Хүний хүү
Мэдэгдэхгүй өсдөг
Мэдэгдтэлээ өсдөг" гэсэн байдаг юм.
Том хүү Ганхуягаа тариан талбайд комбайн унаад жийгүүлж яваагаар бичсэн байдаг бол Наранзаяадаа:
"Нарны хөлийг ирвэгнүүлэн
Нялх ногоо цухуйлаа" гэж хэлсэн билээ.


2009 онд манай аймагт болсон дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 80 насны ойд зориулсан яруу найргийн их наадамд оролцохоор бидний хэдэн найрагч "ПАЗ" автобусаар, Д.Урианхай, Д.Цоодол тэргүүт найрагчид тусдаа өөр унаагаар хөдөлж билээ. Хөлөглөсөн унаа хуучин, хүрэх зам холыг хэлэх үү бид замдаа "тэнгэрийн ундаа хүртэцгээж, түрлэг дэмнэн дуу дуулж, шүлэг уншицгаан явж билээ. Байсхийгээд л Мийгаа ах "шээе ээ..." гэж хашгирна. Тэр тоолонд автобус зогсоно. Зогсох нь жолоочид тун таагүй, зам хорж өгөхгүй. Сүүлдээ бидэнд сүрхий уурлаж билээ. Тэр ч бас аргагүй. Харин бидэнд бол тун ч таатай байсан даа.


Зорьсон газраа очиход бүгдийнх нь хоолой сөөчихсөн билээ. Аймгийн Хөгжимт драмын театрын урд нээлт болж, тэнд цугларсан олон "Би хаана төрөө вэ" шүлгийг уншихад гэнэт бороо нижигнэн асгарсан юм. "Хөх манхан тэнгэр сонсож байна. Багшийн минь сүнс, их Явуу багшийн минь сүнс биднийг сонсоод баярлаж байна" гэж Мийгаа ах минь догдлон хэлээд зогсож байлаа. Согтчихоороо үг нь олшроод, дуу нь чангардаг ч гэсэн хэн хүнд хал балгүй, мөрөөрөө цайлган байж дээ, Мийгаа ах нь. 


"Болор цом"-ын тайзан дээр Д.Цоодол найрагч шүлгээ унших гээд зогсож байж. Гэнэт л зритель дундаас их дуун хадаад явчихжээ. Бүгд чимээгүй болчихсон байсаныг хэлэх үү, их танхим цуурайтайг хэлэх үү хүмүүс ч сэртэлзээд л явчихаж. Гэтэл Д.Цоодол найрагч нь дуу гарсан зүг тоомжиргүй харсанаа " Аа, манай шар Мийгаа л байна" гэж хэлсэн гэдэг.
"Орчлон дэлхий оюун санаагаар дүүрэн" гэж Ведийн сударт өгүүлжээ. Мягмарсүрэн найрагч тэр л орчлон дэлхийгээр дүүрэн байгаа оюун санааг тунгалаг дээд яруу найраг болгон бичиж явсан юм. Орчлон дэлхийг нээх хүслэнд автаад тэрбээр:
"Од нэгэн цагт өвс болохыг
Өвс нэгэн цагт од болохыг 
Олж үзээд гайхах хэрэггүй.
Он цагийн урсгалд
Орчлонгийн хувьсах зуурт
Хорвоогийн аж төрөл
Сүүтэн сүүтэн өнгөрнө" гэж бичсэн зөнч төсөөллөөс эхлээд түүнд гүн ухааны аяс бүхий олон шүлэг буй. Тэрбээр орчлон дэлхий оньсого гэдгийг ийм өнгө бүхий олон шүлгээрээ баталж явсан юм шүү.


Сэтгэл сэтгэлээ танина гэдэг бол онцгой чухал зүйл гэж би санадаг юм. Зүрх зүрхээ түшиж амьдрахын энгийн сайхан, эгнэшгүй гайхамшигтайг тэр шүлэг зохиолдоо тунхаглан бичсээр явсан юм. Тэрбээр сэтгэлийн үелзэлтэй үедээ:
"Түмэн зурмал заанаас
Нэгэн амьд илжиг дээр
Түмэн түүхий сэхээтнээс
Нэгэн сайн оюутан дээр
Үлээхэд өрвөсхийх
Айлгахад атийсхийх
Тийм тоглоом бүү бол!" гэж байнга л уншина. Шинэ номын дээрээ гарын үсэг зурж өгөхдөө: "Хайрт өнчин улаан зүрх шиг дүүдээ дурсгав. Дэлхий мэднэ, тэнгэр батална. Өнөөх галзуу шар Мийгаа ахаас нь" гэж бичнэ. Үүгээрээ их Равжаатай ай сав нэг ч юм шиг санагдана.
"Би Чингисийн дөрвөн нохойн нэг Бэсүдийн удам. Манай удмаас супер нэгдлийн онолч, их гүн ухаантан Ч.Эрдэнэ байна" гэж хэлнэ.
Л.Мягмарсүрэн найрагч нь хүмүүн төрөлтөөс эхлээд сав шимийн бүхий л ертөнцийг энэрэн хайрласан нинжин сэтгэлт, өр зөөлөн нулимс ойрхон хүмүүн байж дээ.


...Замд нөхөрлөж яваа хэн хэнбугайд ч түрийвчинд байгаа мөнгө, гэртээ байгаа хувцас хунараа харамгүй бэлэглэчихнэ. Тийм өглөгч занг нь далимдуулагчийг мэр сэр дуулж л байлаа. Тэглээ гээд хүнд гомдохгүй.Уярч дуулах нь илэрхий тодорхой түүний бүтээл мөн л зан араншин шигээ байв. Нэг удаа шинэ жилээр манайд ирж, хүүхдүүдэд маань бэлэг тараасанд охин Отгонзаяа минь "Манайд ёстой жинхэнэ өвлийн өвөө ирж, бэлэг өгсөн" гэж ээждээ хэлсэн юм даг.
Монголын радиогийн "Найраг хөгжөөх мөч" нэвтрүүлэг хөтөлж, олон яруу найрагчийн хойчийн уран бүтээлийн зам харгуйд сайн сайхныг ерөөж байсан Мийгаа ахад маань ч найз нөхөд, уран бүтээлийн ахан дүүс нь олон сайхан шүлэг хариу бичсэн байдаг билээ. Жишээ нь эрхэм Данзангийн Нямсүрэн найрагч:
"Ван Вэй, Ли-Бай, Дү-Фү, Мягмарсүрэн
Бадаг шүлгийг тэрлэчихсэн ахуйд..." гэж эхэлдэг нэгэн шүлгээ түүнд зориулсан юм.
"Ер нэгээхэн юмыг тал тул гадарлаад
Ер бүхнийг мэдэв хэмээн омойтсон хүнийг
Ер ямар эрдэмтэн гэх вэ?
Ертөнцийн олон эрдмийн хаана нь явна гэх вэ?" гэж сануулж ухааруулж байсан эрхэм ах маань "бичээгүй шүлэг, дуулаагүй дуу, зураагүй зургаа тэнгэрийн хаяа, дэлхийн хязгаарт харж, зүрхнийхээ бийрийн үзүүрийг нарны алтан дусалд нийлж, сарны мөнгөн бөөрөнд тавьж яваа даа".


"Яруу найраг дор л гүн ухааны илтэсүүд
Гялалзаж байдаг
Яруу найраг дор л хүн чанарын дээд
Гялтайж байдаг" /Амьдаа Чимэдравдангийн Мягмарсүрэнгийнхээ дурсгалд/
Дээд урлаг яруу найрагтаа дэлгэр уужим сэтгэлээр хандаж, утга уянгаар цалгиж явсан эрхэм ахыг (МЗЭ-ийн шагналт, Монгол хэлтний олон улсын яруу найргийн наадмын тэргүүн шагналт, "Улаанбаатар хотын шилдэг зохиолч" өргөмжлөлт, М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт, ....хутагтын нэрэмжит шагналт яруу найрагч) дурсан санаж, сэтгэл зүрхнийхээ дурсамжийг тэрлэсэн Базарсадын Баттулга.
Холын холд одсон ч хонгорхон зүрхэнд минь амьд билээ, та.

Хуваалцах:

|
Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

12 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

11 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.