dobu.mndobu

"Амны хаалтаа зүүхгүй бол амиа хорлосонтой адил"

"Амны хаалтаа зүүхгүй бол амиа хорлосонтой адил"

Өнөөдөр /2024.11.25/ ХӨСҮТ болон НЭМҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Уушгины эмгэг судлалын тасгийн эмч н.Гүен "Томуу, томуу төст өвчнөөр суурь өвчтэй хүүхдүүд илүү хүнд тусаж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчилснөөр амьсгалын дутагдал, хатгалгаа үүсэх, түүнээс болоод бусад эд, эрхтний тогтолцоо хямрах зэрэг хүндрэл үүсгэдэг.

Уушгины хатгалгаа болон хүндрэлээр 60 орон дээр 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэрээр хэрхэн хүүхдээ асарч, сувилах талаар зөвлөмж мэдээллийг хүргэхийг зорьж байна. Эмч нарын зүгээс хүүхдэдээ гэртээ бэлтгэсэн шингэн зүйлийг тогтмол уулгах хэрэгтэй. Харин лаазалсан шингэн, чихэрлэг ундаанаас татгалзах  хэрэгтэйг зөвлөж байна. Халуурч байгаа хүүхэд хоол ундандаа муудаж, уйлагнана. Тэгэхээр хүүхдэдээ бага багаар шингэн өгч, ердийн хэмжээгээр нь хоол өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурсан, амтлагтай хоол хүнснээс илүү халуун бүлээн шөлөөр хооллох нь зүйтэй. Мөн хүүхдээ 21.00-22.00 цагийн хооронд тогтмол цагт унтуулах нь чухал аж.

Тухайлбал,

-Хүүхдэд шингэн зүйл ердийн хэмжээнээс их өгөх

-Шөлтэй хоол өгөх

-Эрт унтуулж амраах

-Насанд нь тохирсон дасгал хөдөлгөөн хийх

-Хамрыг цэвэрлэх, нусыг нь авах

-Усанд оруулах

-Орчин нөхцөлд нь тохирсон хувцас өмсгөх 

-Гэртээ агаар солилцоо, чийгтэй цэвэрлэгээ хийх

-Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

-Гэртээ олон хүн цуглуулахгүй байх

-Өвчилсөн хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх

-Гэрээр хийх боломжтой эмчилгээг эмчийн заасан тун, хоногийн дагуу хэрэглэх нь зүйтэй" хэмээв. 

НЭМГ харьяа эрүүл мэндийн байгууллагуудад томуу төст өвчний Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог байна. 

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 132400 үзлэг хийгдсэнээс 8800 орчим томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн аж. Энэ нь нийт үзлэгийн 6.6 орчим хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Насны бүлгээр авч үзвэл 0-1 насны хүүхдийн үзлэг 21.8 хувийг, 2-4 насны хүүхэд 23.1 хувийг, 5-9 насны хүүхэд 18.9 хувийг эзэлж байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт нийт 11097 дуудлага ирсэн. Үүнээс 17.7 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. 

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад нийт 1207 ор бүрэн хүчин чадлаар ажиллаж байна. Амралтын өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн үзлэгээр нийт 2906 хүүхдэд үзлэг хийсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 11 тохиолдлоор бага байна. НЭМГ-аас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд хүлээн авах, яаралтай тусламж дээр хүний нөөцийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 

Нийт долоон эмч нэмэлтээр ажиллаж, 24 эмч тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн нэмэлтээр болон илүү цагаар ажиллаж байгаа амбулаториудад нийт 3045 хүүхдэд үзлэг хийгдсэн. Үүнээс 9 хувь буюу 274 хүүхдэд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага руу илгээсэн байна.

Мөн энэ үеэр 0-5 насны хүүхдийн нас баралтын дийлэнх шалтгаан нь агаарын бохирдол байгаа талаар ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтний зүгээс хэлэв. 

 

Агаарын бохирдлоос шалтгаалан жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлт зогсож байна. Үүнтэй холбоотойгоор ураг үхэж байна. Төрлөө гэхэд хөгжлийн бэрхшээлтэй, бодисын солилцооны эмгэгтэй ураг төрж байна. Олон жил агаарын бохирдолд өртөж байгаа ахмад настай хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл үүсэж, цусны даралт ихсэж байна.

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаа энэ үед амны хаалтаа зүүхгүй бол амиа хорлосонтой адилхан гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

"Аутизмтай хүүхэд төрөх нь агаарын бохирдлоос үүдэлтэй"

Мөн "Автомашинаас ялгарч байгаа азотын давхар исэл нүүрсэн шүүлтүүрээр шүүгдээгүй, чанаргүй түлш шатаж байгаа. Мөн тоормосны накладнаас тасралтгүй нарийн ширхэгтэй тоос гардаг. Тэр агаараар амьсгалж байгаа тохиолдолд тэр бүхэн таны цус руу шууд орж байгаа гэсэн үг. Энэ нь эргээд хавдрын эрсдэл, сэтгэл гутрал, жирэмсэн эмэгтэйчүүдэд аутизмыг үүсгэхэд агаарын бохирдол нөлөөлж байна" хэмээв.

 

 

Хуваалцах:

|
Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

10 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

12 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.