dobu.mndobu

Улсын шалгалтын үеэр мөнгө хураах нь сурагчдад дарамт болдог

Улсын шалгалтын үеэр мөнгө хураах нь сурагчдад дарамт болдог

Сургууль, цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс мөнгө хураах явдал нэг үе газар авч байлаа. Энэ нь нэлээд шүүмжлэл дагуулж, эцэстээ Боловсролын сайд журам гаргаснаар эл явдлыг таслан зогсоосон байдаг. Мөнгө өгөх боломжтой ч хүүхэд бий, боломжгүй айлын хүүхэд ч бий.

Сурагчдаас мөнгө хураадаг байдал тодорхой хэмжээнд байхгүй болсон ч бүрэн зогсоогүй ажээ.

Учир нь хичээлийн жил дуусахын өмнө багш нар сурагчдаас улсын шалгалт авч, материалыг нь засахдаа хоол авхуулдаг байна. Хоолны мөнгийг нь шалгалт өгсөн сурагчид нь нийлж гаргадаг. Энэ явдал “уламжлал” болон тогтож, одоо ч үргэлжилсээр буй аж. Хэдийгээр нэг сурагчийн гаргах мөнгөн дүн бага ч үүнд зарим эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна.

“Багш нарт хоол авч өгөхөөр шалгалтын дүнг нэмдэг юм шиг санагддаг”

ЕБС-ийн 10-р ангийн сурагч Д.Тэмүүлэн хэлэхдээ “Шалгалт авахаар ирж буй багш нарт хоол цай авч өгнө гэж нэг хүүхдээс 5000 төгрөг хураадаг. Энэ нь жил бүрийн шалгалтын өмнө тохиолддог. Хуулиар ийм зүйл хориотойг сонсож байгаагүй. Гэхдээ заримдаа мөнгө хураалгах нь тийм ч гоё биш санагддаг” гэж хэллээ.

Харин ЕБС-ийн 12-р ангийн сурагч У.Тэмүүжин "Манай ангиас энэ жил нэг хүүхдээс 8000 төгрөг хураасан. Өмнө нь хурааж байгаагүй. Гэхдээ багш нар ажлын ачаалалтай байдаг болохоор зөв гэж бодож байна" хэмээн ярив.

ЕБС-ийн 9-р ангийн сурагч Б.Ганбаярын тухайд анхаарал татахуйц байр суурь илэрхийлсэн юм. Тэрбээр “Жил бүрийн шалгалтын үеэр мөнгө хураадаг. Зарим үед хоол цай авч өгсөн багш нар шалгалтын дүнг нэмдэг ч юм шиг санагддаг юм. ‘Багшийг ходоодоор нь барьдаг’ гэж хүртэл ярьдаг" гэлээ.

12-р ангийн сурагч Б.Марал "Жил бүр бүх ангиас мөнгө хураадаг. Хүмүүс янз бүрээр ханддаг ч багш нараа хүндэтгэж байна гэж ойлгодог" гэлээ.

Харин 9-р ангийн сурагч А.Гэрэл-Тунгалаг “Жил бүрийн хавар 1000-2000 төгрөгийн хооронд хураадаг. Энэ нь заримдаа дарамттай санагддаг. Тиймээс мөнгө хураахгүй байгаасай гэж бодож байна” гэв.

Ганц удаа хоол цай авч өгөхөд болохгүй зүйлгүй

Эцэг эхийн төлөөлөл Л.Болороо "Энэ бол байдаг үзэгдэл. Хэдий хуулиар хориотой ч гэсэн багш нар өдөржин хүүхдүүдээс шалгалт авч, засаад завгүй байдаг болохоор ганц удаа хоол цай авч өгөхөд болохгүй зүйлгүй" гэлээ.

Эцэг эхийн төлөөлөл Ш.Дагиймаа “Хүүхдүүд сэтгэлээрээ багш нараа баярлуулдаг юм болов уу гэж боддог. Гэхдээ тэд хөдөлмөр эрхэлж мөнгө олдоггүй, бүх зардал эцэг эхээс гардаг учраас хууль ёсоор зохицуулах хэрэгтэй" хэмээв.

Боловсролын тухай хууль болон Засгийн газрын тогтоолуудаар ЕБС-д суралцагчдаас ямар нэгэн байдлаар мөнгө хураахыг хориглосон байдаг. Үүнд багш нарт хоол унд авах, цалин урамшуулал хэлбэрээр мөнгө цуглуулах зэрэг орно.

Багш нарт хүндэтгэл үзүүлэх зорилготой мэт боловч сурагчдаас мөнгө хураах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд зарим тохиолдолд сурагчдад дарамт болж байгааг ч харуулж байна. Энэ төрлийн “уламжлал” гэгдэх үйлдлийг нийгмийн зүгээс дахин эргэцүүлж, ёс зүй, хууль дүрмийн дагуу шийдвэрлэх шаардлагатай байна.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.