dobu.mndobu

Я.Батхүү: Үлгэрлэж, багаар ажилладаг хүмүүсийг Gen Z үеийнхэн хүндэлдэг болсон

Я.Батхүү: Үлгэрлэж, багаар ажилладаг хүмүүсийг Gen Z үеийнхэн хүндэлдэг болсон

Дижитал орчинд өсөж, хүмүүжсэн Z үеийнхэн уламжлалт тогтолцоог өөрчлөн, шударга ёс, уян хатан байдал, нийгмийн гүнзгий өөрчлөлтийн давлагааг манлайлж байна. Иймээс тэдний сэтгэл зүй, амьдралын хандлага, ажил мэргэжил, боловсрол, хосын харилцаа, нийгмийн оролцоо зэрэг олон талын онцлогийн талаар сэтгэл судлаач Я.Батхүүтэй ярилцлаа.

-Z үеийнхний сэтгэл зүйн онцлог юу вэ?

-Үе үеийн ялгаа бол зайлшгүй ажиглагддаг зүйл ч хувь хүний сэтгэл зүйн онцлог, төлөвшлөөс хамаарч амьдралын хандлага өөрчлөгддөг. Ялангуяа Z үеийнхэн буюу 1997-2012 оны хооронд төрсөн залуусын амьдралын хэв маяг, сэтгэлгээний онцлог нь өмнөх үеийнхнээс эрс ялгаатай, дэвшилттэй ч зарим талаараа сул талтай юм.

Z үеийнхэн хүний эрхийн мэдрэмжтэй, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, улс төрд оролцох сонирхолтойгоороо онцлог. Гэсэн ч ажлын байранд тогтвор суурьшил багатай, цалин хөлснөөс илүү туршлага, нийгэмших чадварыг илүүд үздэг. Судалгаагаар тэд нэг ажлын байранд 2-3 сар, эсвэл жил хүрэхгүй хугацаанд л ажилладаг хандлагатай.

Z үеийн залуус хиймэл оюун ухаан, дижитал ертөнц, сошиал медиатай салшгүй холбоотойгоор өсөж торнисон. Тэдний 75-80 хувь нь өдөр тутмын ихэнх цагаа онлайн орчинд өнгөрөөдөг байна. Үүнтэй уялдан олон төрлийн платформ дээр зэрэг ажиллах чадвартай, мэдээ мэдээллийг асар хурдан хугацаанд хүлээн авч, боловсруулдаг нь тэдний давуу тал. Судалгаагаар тэдний анхаарлаа төвлөрүүлэх дээд хугацаа 8 секунд боловч тэр хугацаанд маш үр дүнтэй мэдээлэл авч чаддаг байна.

 

-Z үеийнхнийг сэтгэл гутрал, түгшүүрт өртөх эрсдэл өндөр гэлцдэг. Яагаад тийм байдаг бол? Энэ юунаас үүдэлтэй гэж үздэг вэ?

- Z үеийн залуучуудын дийлэнх нь сэтгэл зүйн асуудалтай гэж үзэж болохгүй. Энэ нь хувь хүнээс нь хамаарах асуудал юм. Хүн өөрөө өөрийнхөө аз жаргалыг бүтээдэг гэдэгтэй адил хүний өөрийнх нь сэтгэлийн хатнаас хамаарна. Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбож тайлбарлавал хэдий үе хоорондын ялгаатай байгаа ч хүн төрөлхтний амьдралын хэв маяг адилхан юм. Хүний өөрийнх нь онцлог сэтгэн бодох чадвар энэ бүхэн өөр байна. Аль ч үе дотор сэтгэл гутрал түгшүүр маш өөр байдлаар илэрч гарч ирдэг. Хүмүүсийг дотор нь сөрөг мэдрэмжтэй, эерэг мэдрэмжтэй гэж ерөнхий хоёр хуваадаг. Сөрөг мэдрэмжтэй өөрийнхөө стресс менежментийг удирдаж чадахгүй бол аль ч үеийнхэн стресст орж болно. Сэтгэл судлаачийн хувьд үеийг ялган дүгнэхээс илүүтэй хувь хүний сэтгэлгээ, төлөвшил, өөрийгөө танин мэдэх түвшин чухалчилж байна. Хүн бүрийн сэтгэл зүй, сэтгэлгээний хөгжил өөр бөгөөд Z үе дотор ч хөгжил, дасан зохицох чадвартай болон сул дорой хэсэг зэрэгцэн оршиж байна.

-Харилцаа, нийгмийн сэтгэл зүй Z үеийнхэн хосын харилцаанд ямар үнэт зүйл, хандлагатай байдаг вэ. Бусад үеийнхнээсээ ялгарах зүйл бий юу?

-Хайр дурлалын харилцаа, билгийн чиг баримжаа, хосын харилцаанд Z үеийнхэн бусдаас тасарчихсан юм байхгүй бөгөөд энэ бүгд хувь хүнээс хамаарна. Бидний технологийн дэвшил сэтгэх бодох чадварт өөрчлөлт байгаа юм. Гэхдээ z үеийнхэн багадаа гэмтэл траумагаасаа болоод илүү хашир хандах гээд байдаг. Тэгэхээр үе хоорондын ялгаа гэхээсээ илүү хувь хүний сэтгэлгээ, төлөвшил, өөрийгөө танин мэдэх түвшнийг чухалчилж байна.

-Gen Z үеийнхэн ажлын талбарт эсвэл сургалтын орчинд ямар байдаг вэ?

-Сургалтын орчинд бүтээлч сэтгэхүйтэй, амбиц эго өндөртэй. Энэ нь муу зүйл биш эергээр харах ёстой. Суралцах чадвар сайн гэж харж болно. Судалгаагаар 70-аас дээш хувь нь суралцах хүсэл тэмүүлэлтэй гэж гарсан байдаг. Gen Z үеийнхний сэтгэхүйгээр дөрвөн жил бакалаврын зэрэг хамгаалж маш их мөнгө, цаг хугацаа зарж байгаа нь сайн зүйл биш гэж үзэж байна. Гэхдээ нь суралцахыг хориглож байгаа асуудал биш. Эл их хэмжээний мөнгө, цаг хугацаа зарж байснаас өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж байна гэдэг. Судалгаагаар хэрэглээнийхээ 80 гаруй хувийг youtube-ээс ихэнх мэдээллээ авдаг. Сэтгэхүйн байдал нь уншиж судалж олох гэхээсээ илүү бичлэг харж, сонсож мэдлэг мэдээллийг олж авдаг. Тийм учраас дэлхийн суут сэтгэгч нар XXI зуунд мэдлэг чухал биш боллоо. Харин мэдээлэл хаана, хэн хурдан авч чадна тэр хүн илүү үр ашиг гаргаж, илүү хөгжин дэвших боломжтой гэж үзэж буй юм. Z үеийнхний хамгийн гоё боломж байгаа нь мэдээллийн эрэн зуунд амьдарч байна. Хүлээн авсан мэдээ мэдээлэлдээ хандах хандлага нь хувь хүний өөрийнх нь оюуны дүгнэх чадвар, сэтгэлгээний онцлог, танин мэдэхүйн өргөн мэдлэгтэй байхаас хамаарна. Тухайн хүн өөрийнхөө амьдралын чанараа ямар байлгах уу, сэтгэл зүйн хувьд хэр зэрэг тогтвортой гэхээс эхлээд бүрэн дүүрэн өөрөөс нь хамаарах явдал юм.

-Соёл, үнэт зүйл, өөрийгөө илэрхийлэх Z үеийнхэн өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлээ хэрхэн илэрхийлдэг вэ?

- Нээлттэй шударга, энэрэнгүй сэтгэлтэй, амбиц их хүмүүс. Гэхдээ амбиц нь дэлхийн сайн сайханд санаа зовдог, амьтныг хайрладаг, ямар нэгэн шударга бус зүйлийг тэвчдэггүй, хүн төрөлхтнийг эрүүл энх байлгахыг хүсдэг сэтгэлгээний онцлогтой юм. Олон улсын судалгаагаар ирээдүйн хөгжлийг Gen Z үе авч явах нь гэж харж байгаа.

 X үеийн хүмүүс Gen Z үеийн хүүхдүүдийг тэвчээр хатуужилгүй, ажлын байр их сольдог, тууштай биш гэсэн ийм хандлага их гаргадаг. Үүнтэй адил Gen Z үеийн хүүхдүүд ч X үеийн хүмүүсийг биднийг ойлгодоггүй, хайрлахгүй, үнэлдэггүй гэсэн байдлаар хандаж байна.

Тэгэхээр би нийгэмд хандаж хэлэх үг бол үеийн ялгааг онцолж хувааж хандах хэрэггүй ээ. Хуваагдах тусам бие биеэ ойлгоход улам хүндрэл гарах болно. Яагаад хувааж үзээд байна вэ гэхээр сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс сэтгэл зүйн сөрөг мэдрэмжтэй хүмүүс хувааж үздэг. Z үеийнхэн бас сөрөг болоод өмнөх үеийнхээ хүмүүсийг өөр гэж ойлгодог. Гэхдээ энэ бол төрөхөөс өгөгдсөн юм биш. Хэн ч аль үед төрөхөө сонгож чадахгүй шүү дээ. Тэгэхээр бидний үе дээр нэмэгдээд илүү олон шинэ үе гарч ирнэ. Дэлхийн ирээдүйн судалгаагаар 2080 гэхэд 15 үе нэг дор амьдарна гэж гарсан байдаг. Иймд бид хэн хэнийг шүүмжлэх гэхээсээ илүүтэй бие биеэ нөхөж, суралцах ёстой юм. Дасан зохицож амьдрахад гол учир байгаа юм.

-Саяхан төв талбайд "Огцрох амархан" гэдэг нэртэй жагсаал боллоо. Жагсаалд оролцсон хүмүүсийн дийлэнх нь залуучууд, тэр дундаа Z үеийнхэн байгаа харагдсан. Z үеийнхний нийгмийн оролцоо, шударга ёсны талаарх мэдрэмж хэр байна гэж та харж байна?

-X үед хүчирхийллийн нийгэм байсан. Хүн үзэл бодлоо илэрхийлж болохгүй. Сэтгэл судлалын нийгмийг авч явдаг сэтгэл зүйн төлөв нь айдас, итгэл хоёр байдаг. Социализмын үед сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөрөнгөтний шинжлэх ухаан хэмээн хориглодог байсан. Тиймээс хүмүүс сэтгэл зүйн мэдлэг гэж мэддэггүй. Тэгсэн хэр нь сэтгэл зүйн нийгэм хоёр төлөв байдлыг ашигласан байдаг. Чиний итгэл үнэмшил, хувийн үзэл бодол гэж байх ёсгүй гэдэг. Хэрэв тийм явдал гарвал нийгмийнхээ эсрэг байна гэж үздэг. Ийм байдлаар байвал нийгмээсээ гадуурхагдаж, шоронд ордог гэсэн айдсаар хүлэгдэж амьдардаг үе. Харин нөгөө талаараа нам засаг, улс эх орондоо итгэвэл чи зөв явна гэсэн итгэл дээр суурилдаг. Тэгвэл Y үед шилжилтийн эрэн үе байсан. Тэнд бол өрсөлдөөн, өлсгөлөн бүх зүйлс ховор хомс гэж хэлж болно. Тиймээс X болон Y үеийнхэн ойлгохгүй байгаа нь та нарын хувьд бүх зүйлс материаллаг талаараа хангалттай байна.  Мэдлэг мэдээллийг авдаг болсон болохоор дээд үеийн хүмүүс хэн нэгэн хүний гар хөл болж яваа, мөнгөөр төлбөртэй жагсаал хийж байна гэж бодож байна. Гэтэл огцрох амархан жагсаалд нь бүрэн дүүрэн органик жагсаал байсан. Зарим хүмүүсийг төлбөртэй жагсаал хийж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ жагсаалд ирсэн бүх хүмүүсийг мөнгө авч, үзэл бодлоо худалдаад явж байгаа гэж харахгүй байна. Жагсаалд үнэхээр болохгүй байгаа асуудлаа мэдэж жагсаалд оролцсон. Урьд өмнө байсан шиг бүрээ бөмбөг барьж хашхираагүй, дуулиан шуугиан гаргах шаардлагагүй гэдгийг харуулсан. Маш соёлтой, тайван үзэл бодлоо илэрхийлсэн танин мэдэхүйн зөөлөн аргаар нийгэмдээ ойлгуулж харуулсан. Энэ гадаад улсын жишиг жишээг авч шинэ дэвшил гаргаж байгаа гэж залуучуудыг харж байна. Энэ нь манай улсад шинэлэг үзэгдэл юм. Өнөөгийн залуучууд улс төрийн мэдлэг мэдрэмжтэй, иргэний өндөр боловсролтой, ёс суртахуун, амбицтай байна. Амбиц нь зөв талаараа нийгмээ өөрчлөн засаж, залруулж, сайжруулах зөв хандлага гэж болно.

 -Z үеийн залуусыг тэвчээргүй, ажилд ороод удаан ажиллаж чаддаггүй гэж шүүмжилдэг. Сураг чимээгүй таг алга болдог ч гэж ярих нь бий. Зарим нь бол үе хамаагүй хүнээсээ хамаарч байна ч гэлцдэг. Энэ талаар та юу гэж бодож байна. Үнэхээр үеийн ялгаа гэж байгаа болов уу?

- Социализмын үед эдийн засгийн хувьд их ядуу нийгэм байсан. Одоо ч ядуу байгаа шүү дээ. Хөгжил дэвшилтэй орнуудыг бодвол ядуу улс орон юм. Нийгмийн энэ байдал нь хүмүүсийн сэтгэл зүйд их нөлөөлсөн байдаг. Энэ нь ажлаа сольж болохгүй гэсэн тогтолцоо байдаг. Хэрэв нэг ажлаас гарчих юм бол тэр хүний ажил балардаг байсан. Нэг ажил сольсон хүнийг хариуцлага хэмээн хардаг нийгэм нь жигшдэг юм. Удаан хугацаанд ажиллаж хөгжиж, үе шат ахидаг гэж үздэг байсан. Харин одоо дэлхий нийтийн хандлага нь хүн нэг ажлын байранд 5-6 жил ажиллавал үр бүтээлгүй, цэвэр вакум орчинд ямар ч өсөлт хөгжил явагддаггүй. Хүн дор хаяж дөрвөөс дээшгүй ажил хийх нь энгийн үзэгдэл. Үүнийг муу зүйл гэж харж болохгүй харин ч эсрэгээрээ сайн зүйл гэж харах ёстой. Дээд үеийнхэн нь доод үеийнхэнтэйгээ хоршиж ажиллаж, уян хатан цагаар харилцаж, ойлголцож би биеэ нөхөх хэрэгтэй. Сонголтыг өгөх ажил дээр заавал 5-6 цаг үүрэглэж, хүлэгдэж суухын оронд гэрээсээ ажилладаг юм уу, эсвэл ганц үр бүтээлтэй ажил гараасаа гаргачхаад явж болдог сонголт, сонирхлыг нь харж үзэх юм.

-Z үеийнхэн болон тэдэнтэй хамтарч ажиллаж буй хүмүүст хандаж хэлэх зөвлөгөө байна уу?

- Нийгэм байнга өсөлттэй байдаг. Монголчуудын зүйр цэцэн үг байдаг даа. “Урд гарсан чихнээс хойно ургасан эвэр” гэдэг. Тэгэхээр үе хоорондоо битгий хуваагдаж байгаарай. Байгууллагын удирдлагууд аа, үүнд засан зохицож Gen Z үеийнхнийг ойлгооч. Хөгжил дэвшилттэй талыг зөв ашиглаж, чадварлаг харилцаа үүсгэж, бие биеэ ойлгодог болмоор байна. Ажиллуулж буй байгууллагын удирдлагууд босоо тогтолцоотой, хүнд сурталтай, захиран тушаасан хүмүүс бий. Харин одоо бол үлгэрлэж чаддаг, багаар ажилладаг хүмүүсийг залуу үеийнхэн маань хүндэлдэг болсон. Тийм Gen Z үеийн залуучуудтай ажиллаж буй хүмүүс маань үүнийг сул тал гэхээсээ илүү давуу тал гэж харж байгаарай. Бид нэг хэл, соёлтой, нэг улсад амьдарч байгаа болохоор биеэ харилцан ойлгож чадвал илүү хөгжин дэвжиж чадна.

-Ярилцсанд баярлалаа.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.