dobu.mndobu

"Энэ бүхэн яг л зүүд шиг санагдаж байна"

"Энэ бүхэн яг л зүүд шиг санагдаж байна"

Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчид  болох О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарыг Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнасан. Шагналаа авсныхаа дараа тэд баярын сэтгэгдлээ хуваалцав. 

ГАВЬЯАТ ТАМИРЧИН О.ХУЛАН: 

-Үгээр хэлэх арга алга, үнэхээр баяртай байна. Яг л зүүд шиг санагдаж байна. Багийнхан маань "Унтаагүй биз дээ. Зүүд биш биз дээ" гээд нэгнээ чимхэж үзсэн. Миний хувьд 2018 оноос хойш 7 дахь жилдээ сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байна. Энэ хугацаанд маш их хожигдлыг амссан.

Монголын ард түмнээ хэзээ баясгах бол гэж боддог байлаа. Ард түмэн маань биднийг маш их дэмждэг. Үүнийг нь ч мэддэг болохоор "Хариуг нь яаж өгөх үү" гэдэг бодол тээж, баярлуулахыг хүсэж ирсэн. Тийм ч учраас олон жил шаргуу хөдөлмөрлөлөө. Хөдөлмөрийн үр дүн гардаг юм байна. Гэхдээ бид зогсохгүй. Маш залуу байна. Энэ их хайр хүндлэлийг дааж амьдрахыг тулд хичээж, хөдөлмөрөөрөө хариу барихыг зорино.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.АРИУНЦЭЦЭГ:

 

-Ийм хүндтэй шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Одоо ч итгэж өгөхгүй л явна. Шагналаа авч байхдаа уйлах гээд л байсан. 

Манай багийн цаашдын зорилго бол дараа жилийн дэлхийн аваргад медалийн өнгөө хувиргаж, алтан медаль, цомоо авахыг хүсэж байна. Хамгийн том зорилго бол олимпод оролцохыг хүсэж байна. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг хүүхэд, залуучууддаа хандаж хэлэхэд тууштай байгаарай, хичээгээрэй. Өдөр болгон хөлсөө гаргаж хөдөлмөрлөх юм бол медалийн түвшинд очно.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.ЦЭРЭНЛХАМ:

-Нэрийг маань дуудахад өөртөө итгэхгүй, нулимсаа их тэвчлээ. Дасгалжуулагч маань биднийг сайн чиглүүлж, тулж харьцдаг нь их амар байсан. Шигшээ багтаа тоглоод, ахлагч нь болсондоо их баяртай байна. Монголд болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад яг жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн юм. Гэр бүлийнхэн маань маш сайн дэмжсэн. Эцэст нь мөнгөн медаль хүртлээ. Үүгээрээ бид дэлхийд маш том мэдэгдэл хийж чадлаа. Монголын ард түмнийхээ дэмжлэгээр маш том амжилтыг гаргалаа. Баярлалаа, та бүхэндээ.

ГАВЬЯАТ ТАМИРЧИД Н.НАНДИНХҮСЭЛ:

-Төрийн дээд шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Энэ хэмжээнд хүрнэ гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань биелсэнд итгэж өгөхгүй байна. Би 9 наснаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Шигшээ багт ороод идэвхтэй хичээллээд 3-4 жил болж байна. Олон улсын тэмцээнээс хүртсэн анхны медаль маань байлаа, Үүгээрээ шууд гавьяат тамирчин болж байгаадаа итгэж чадахгүй байна. Цаашдын зорилго бол 2028 оны олимпод оролцох.

А.НОМИН-ЭРДЭНЭ

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.