0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ үеэр урлагийн салбараас СТА, жүжигчин Дашнямын Бямбацогт МУГЖ цолтон болов.
Тэрбээр “Өнө эртний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өргөн их төрийн хишгийг хүртэж авлаа. Энэ дашрамд намайг энэхүү цолыг аваасай гэсэн маш олон хүмүүс байсныг сүүлийн үеүдэд мэдсэн. Миний уран бүтээлийг шимтэн үздэг, урлагт хайртай, дэмждэг монголчууддаа мэхийн ёсолъё.
Ерөнхийлөгч маань шагнасныхаа дараа “Чамаар ард түмэн их бахархаж байна. Олон уран бүтээл хийгээрэй” гэсэн. Би “Хичээнэ ээ” гэж хэлсэн.
Наадмын босгон дээр энэхүү шагнал хэдийгээр миний энгэрт зүүгдэж гялалзаж байгаа болов ч энэ бол ард түмэн та бүхний шагнал шүү. Шагнал авсны дараа багш нарыгаа боддог юм байна. Би найруулагч Г.Доржсамбуу, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Лхамсүрэн гэсэн агуу хүмүүсийн шавь. Багш нар маань шавийгаа тэнгэрээс харж байгаа болов уу.
Хүмүүс намайг их удаж шагналаа авлаа гэж их ярьж байна. Гэхдээ багш нар маань “Уран бүтээлч хүнд шагнал хэзээ ч оройтдоггүй” гэж хэлдэг байсан. Тэнгэрт байгаа аав ээж хоёр минь “Миний хүү олонтойгоо яваарай” гэж үргэлж захидаг байлаа. Энэ захиасыг нь биелүүлж явна” гэлээ.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.