dobu.mndobu

"Улсын болон ойн наадмуудаар нэг ч уралдаанч хүүхэд гэмтэх ёсгүй”

"Улсын болон ойн наадмуудаар нэг ч уралдаанч хүүхэд гэмтэх ёсгүй”

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Морин спорт, уяачдын холбоотой хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр өнөөдөр /2025.07.08/ санамж бичиг байгууллаа.

Энэ үеэр ГБХНХ-ын сайд Т.Аубакир хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж, улсын болон ойн баяр наадмуудаар нэг ч хүүхэд гэмтэх ёсгүй гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Баяр наадам эхэлж байгаатай холбоотой улсын хэмжээнд унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс морин спорт, уяачдын холбоотой, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, мөн хүүхэд, гэр бүлийн байгууллагууд хамтран ажиллах санал байгуулж байна. Энэ хугацаанд бүх аймаг, сумд мөн энэ жилийн хувьд ой их тохиож байгаа учир маш олон хүүхэд морь унаж байгаа. Эдгээр морь унаж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой. Хуулийн хүрээнд заагдсан зүйлүүдийг дурдаад энэхүү санамж бичгийг байгуулж байна. Гол зорилго нь бол хурдан морины уралдаан болон морины сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавих, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах хууль тогтоомжийг мөрдөж захиргааны хэмжээний акт хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлж хамтран ажиллахад энэ санамж бичгийн агуулга оршиж байгаа. Хуульд заасан найман нас хүрээгүй хүүхдийг морь унуулах, мөн асран хамгаалагчтай нь гэрээ хэлэлцээр байгуулсан байх, тэр хүүхдийн цаашдын сурч боловсроход тус дэм үзүүлэх зэрэг маш олон зүйл заалтууд Баяр наадмын тухай хуульд, хүүхдийн эрхийн төлөө хуульд тусгагдсан байдаг. Энэ хүрээнд морин спорт, уяачдын холбооныхон бидэнтэй хамтарч ажиллаж улсын хэмжээнд морь уяж уралдуулж байгаа уяачдаа бид энэхүү санамж бичгийг дамжуулна. Алслагдсан аймгууд ч гэсэн уяачдын холбоотойгоор нягт ажиллаж байдаг. Бүгдээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хичээж ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд улсын наадам болон ой наадмуудаар нэг ч хүүхэд гэмтэх ёсгүй гэсэн уриа дор явж байгаа. Тиймээс өв соёлоо дээдлэн нэг ч хүүхдийг гэмтээхгүйгээр сайхан наадацгаая гэсэн уриалгийг дэвшүүлж байна” хэмээв.

Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр:

- Үндэсний их баяр наадмын босгон дээр бид төрийн байгууллагатайгаа хамтран уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны 21 аймаг, нийслэл болон 330 суманд байгаа салбар холбоонууд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах болно.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу хурдан морийг найман наснаас дээш хүүхэд унахаар хуульчилсан. Эл хуулийн хүрээнд төрийн байгууллага шаардлага тавьж ажиллаж байна. Моголын морин спорт, уяачдын холбоо болон уяачид хуулийн шаардлагыг биелүүлж найман наснаас дээш эрүүл хүүхдээр морио унуулж буй юм.

Жил болгон уяачид маань уралдаанч хүүхдээ тогтмол даатгуулдаг.

Мөн “Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал” гэсэн даатгалаар датгуулах юм. Зарим даатгалын байгууллагууд “Хүүхдийн аюулгүй байдал” гэсэн даатгалын төрөл зүйл гарган ажиллаж байсан. Гэвч энэхүү төрөл зүйлд хамаарахгүй, зөвхөн “Хурдан морины уяач хүүхдийн аюулгүй байдал” гэсэн даатгалын төрлөөр даатгуулах  ёстой. Үүнд уяачид маань анхаарч, хүүхдийн байгууллага холбогдох бичиг баримтаа шалгахдаа энэ төрлийн даатгалд хамрагдсан эсэх шалгалт хийж ажиллаж байна. Монголын морин спорт уяачдын холбоо 2025 оныг уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах жил болгон зарласан.

Уяачдын бүртгэл  өчигдрөөс эхлэн Хүй долоо худаг дээр эхэлсэн. Өглөө 09:00-21:00 цаг хүртэл бүртгэлийн ажил хийгдэнэ. Уяачид төрийн байгууллагын ажлыг хүндэтгэж тогтоосон цаг хугацааны дагуу бүртгэлээ ирж хийлгүүлээрэй. Бүртгэлийн шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг Монголын морин спорт, уяачдын холбооны вэбсайт болон, гэр бүл, хүүхдийн, хөгжлийн төвийн газрын цахим хуудсаар мэдээлсэн. Тэндээс мэдээллээ аваад, холбогдох бичиг баримт, эцэг эхийн зөвшөөрөл, гэрээ, эрүүл мэндийн үзлэг,  хурдан морины уяач хүүхдийн даатгалаар хүүхдээ бүртгүүлнэ.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.