0
БНСУ-д ажиллаж байсан Монгол иргэн 2019 онд цахилгааны шонг холбосон нарны цахилгаан станц дээр ажиллаж байхдаа хамгаалах хэрэгсэл гэх мэт хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын арга хэмжээ авалгүйгээр цахилгаанд цохиулсны улмаас хоёр гараа алджээ. Энэхүү үйл явдлыг саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа дахин олны анхаарлыг татаад байгаа аж.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг тус Монгол иргэнтэй уулзжээ. Ингэхдээ тэрбээр "Үндэсний ассамблейн даргын хувьд болон БНСУ-ын иргэний хувьд хариуцлагаа гүнээ мэдэрч байна. Хойд Чунчонг мужийн Чонжү хотод болсон энэ осол нь нэг хүний энгийн алдаанаас биш, харин зардлаа танах гэсэн үйлдвэрийн эзний үйлдлээс гарсан бодит байдлаас үүдэлтэй нь үнэхээр харамсалтай" гэв.
Харин хохирогч иргэн үйлдвэрлэлийн ослын талаар "Ганцхан миний зовлон биш, харин цагаач ажилчдад тулгардаг асуудал гэж үзэж байна. Ослын улмаас залуу хүний амьдралыг сүйрүүлж, ээж, эхнэр хоёр маань сүүлийн зургаан жил маш их хохирол амссан. Хагалгаа, эмчилгээний зардал, унааны зардал, гэр бүлийнхнийхээ байрны асуудлаас болж амьдралаа залгуулах их хүндрэлтэй байна" хэмээн гомдолложээ.
Үүний хариуд Ү Вон Шиг дарга “Үндэсний ассамблей маш өндөр хариуцлага хүлээж, энэ тогтолцоог боловсронгуй болгох, тэр дундаа үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын хүрээг өргөжүүлэх, тогтвортой оршин суух байр бий болгох чиглэлээр ажиллана” гэж амласан байна.
Мөн тэрбээр цаашид Хууль зүйн яам болон бусад холбогдох яамдтай нягт холбоотой ажиллаж, хохирогчийн цаашдын эмчилгээ, ар гэрийнхэн нь тус улсад үлдэх талаар ярилцах болно гэдгээ хэлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.