dobu.mndobu

"Болор цом - 42" наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо

"Болор цом - 42" наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах "Болор цом 42" наадамд 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс 28 найрагч хоёрдугаар шатанд шалгарсан. Улмаар өчигдөр (2024.11.26) буюу Улс тунхагласны баярын өдрөөр шалгарсан 28 найрагч шүлгээ түмэн олноо сонордуулсан юм. 

Наадмын сүүлийн шатанд На.Батболд, А.Лхагва, Д.Нямдорж, Л.Торой, Ч.Ууганбаяр нар шалгарч үлдсэнээс Дундговь аймгийн уугуул Монголын зохиолчдын эвлэлийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт Аюурбуньяагийн Лхагва тэргүүлж, болор цомын эзэн боллоо. 

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

Тус наадмын тавдугаар байрыг яруу найрагч Д.Нямдорж, дөрөвдүгээр байрыг Ч. Ууганбаяр, гутгаар байрыг Н.Батболд, дэд байрыг Л.Торой нар эзэлсэн байна.

Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, утга зохиол судлаач, доктор А.Мөнх-Оргил, яруу найрагч Л.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт болор цомын эзэн Л.Моломжамц, МУИС-ийн багш, утга зохиол судлаач Г.Галбаяр нар ажилласан юм.

 

"Болор цом - 42" наадмын тэрүүн шүлэг "МОРИН ХУУРЫН ХЭЛ”

 

Сэтгэлээс үүссэн салхинд

Хээрийн салхи хөлчүүрнэ

Тэнгэрээс үүдсэн аялгуунд

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл

Энэ хэлийг анирдсан хүн

Эрэмшин омогшино

Энэ хэлийг сонордсон хүн

Элэг нь дэвтэж уярана

Тэнгэрийг Тэр өндрийг

Туг гэрэгээрээ өргөж

Туйлсан их суу залиар

Сүлд хийморьтой болгосныг

Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг Талбиун уудмыг

Тэнгис далайг цалгиаж

Тивийг сэрээсэн нүүдлээр

Тэнүүн уудам болгосныг

Талын хэлээр шуранхайлна

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл

Монгол газрын хэл ээ.

Унаж сөхөрсөн үед

Уруудаж бүдэрсэн цагт

Морин хуурын үүрсээн

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг нь сануулсан

Халирч зэлэрсэн үед

Хавтайж бөхийсөн цагт

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыг харуулсан

Сүлд хийморийг сэрээж

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж

Элэр аялгуу нь наранд хүргэж

Эртний өвгөдтэй уулзуулж

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж

Хөх толбыг минь тодруулж өгдөг

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал

Морьтон монголын хөл

Монголыг асаасан хэл

Энэ хэлээр биднийг

Эх дэлхий танина

Энэ хэлээрээ бид

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ

Монгол язгуурын хэлээрээ

Дээд сансарыг ч уяраана

Дэлхийг дахин дагуулна аа

Хуваалцах:

|
ЗААВАР: Битүү шөл хэрхэн хийх вэ

ЗААВАР: Битүү шөл хэрхэн хийх вэ

15 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.