0

Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлсөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож, түүнийг ажилд нь буцаан томилох шийдвэр гаргажээ. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохыг тусгасан байна.
Н.Эрдэнэхүүг 2025 оны тавдугаар сард албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилж байв. Тухайн үед Эрүүл мэндийн яамнаас “Н.Эрдэнэхүү нь төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй, мөн төрийн байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж мэдэгдэж байсан юм.
Харин шүүхийн энэхүү шийдвэр нь Н.Эрдэнэхүүг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоосон бөгөөд тэрбээр ойрын хугацаанд Хавдар судлалын үндэсний төвдөө буцан ажиллах ажээ.
Энэ тухайгаа тэрбээр "Нэр төрийг хүчээр, худал хуурмагаар даравч, эргээд далдайх нь үнэн.
Гэнэт ажлаасаа халагдаж, улмаар нэр төрөө сэргээлгэхийн тулд Захиргааны хэргийн шүүхэд тухайн үеийн эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд холбогдуулж “...сайдын 2025.05.02-ны өдрийн Б/33 дугаар Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ЗЕХ-ийн 52-р зүйлийн 52.5.1, ЗХШХШтХ-ийн 106-р зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай...” нэхэмжлэлийг гаргасан нь нэлээн хэдэн сарын өмнө билээ.
Түүнээс хойш нэлээн үйл явдал өрнөж, эцэст нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 10-р сарын 07-ны өдрийн захирамжаар Мөнхсайхан сайдын гаргасан тушаал үндэслэлгүй бөгөөд энэхүү захирамж гарсанаар хүчингүй боллоо гэсэн сайхан мэдээ бүхий захирамжыг гардан авлаа.
Ямар ч гэсэн Монгол улс шүүхтэй юм, шүүх нь хөдөлмөрийн эрхийг хамгаалдаг юм байна, харин хэн нэгэн сайд өөрийгөө хүчтэй гэж эндүүрэн хэн нэгнийг “буллидаж” дарамтлахын тулд хуулийг уландаа гишгэж болдоггүй юм байна гэдгийг энэхүү шийдвэр харуулж байгаад баяртай байна.
Гэхдээ тухайн үеийн сайдын гаргасан тушаалын үр дагавар зөвхөн миний асуудал байгаагүй юм билээ гэдгийг сүүлд нь ухаарсаан. 4-5 жил хичээсэн зарим нүдэнд тод харагддаггүй ч, албан байгууллагад амин чухал зарим зүйлс 2-хон сарын дотор өөр болдог (минийхээр бол нуран унах) -ыг хараад харамссан. Бас хэврэг байж болохгүй юм байна даа гэж бодсон.
Гэхдээ зарим хүмүүс хэлэх л байх. Эмнэлгийн дарга хэн ч байсан ажил явдгаараа явна гэж. Тийм үе байдаг байсан. Харин одоо цагт тэрүүн шиг боломжгүй зүйл байхгүй гэдгийг маш сайн ойлгосон. Мэдээж “даргаа” хийгээд, зүгээр “сайхан” удирдсан нэр аваад, хал балгүй яваад байж болох ажил ч гэж хардаг нь ч бас байдаг байх. Байгаа ч байх. Сайжирсан ч, саатсан ч хамаагүй байж болох. Гэхдээ 4-5 жил хичээж, хүнд хандах хандлагыг өөрчлөх гэж, үйлчлүүлэгчдээ ээлтэй тусламж үйлчилгээг бага багаар урагшлуулах гэж, түүний төлөө ажил үйлсдээ хамт олноороо нэг зүг харан урам зоригтой зүтгэх гэж, амин хувийн ашиг хайхдаа ажлаа хохироодогт нь хатуухан байж муу нэр зүүн зүүн бүхий л эрэг шураг бүрт нь хушуу дүрж, санаа чилээж ажилласан бол заавал харамсана, хамгаална, хайрлах юм билээ.
Олон сайхан юм бодож яваад халагдсаны дараа “Танилцуулсан төслийг тань санхүүжүүлэх гэсэн чинь та минь байхгүй болчих юмаа” гэж хэлээд санхүүжүүлэхээ больсоныг сонсоод харамсаж л байлаа. Гэхдээ л нээрээ хамт олны минь ажил ёстой л олны хүчээр урагшилсаар, өргөжсөөр байгаад баяртай байгаа.
За тэгээд хамтдаа олон жил ажилласан хүний нөөцийн дарга маань намайг үдэн гаргасан орой хэлж байснаар “янз бүрийн шинэ санаа ундарсан” хэвээр, хийхийн төлөө зүтгэх сэтгэл нь ч оргилуун хэвээр байгаа дээрээ амжуулаад авах олон зүйл байгаа. Ямар ч гэсэн бодсоноо, эхэлсэнийгээ, шинээр хийхийгээ гүйцээх хүсэл, чин сэтгэл байна.
За тэгээд амьдралд их юм хэрэггүй ч, чин шударгуу байж хэлсэн амандаа хүрэх, өөрийн төлөө байх ч бусдыг хохироож зорьсондоо хүрэхгүй байх гэж эрхэм чанар хэрэгтэй л байна даа. Дээр нь мэддэг мэддэггүйдээ биш, албан тушаалын төлөө бол мэдэхгүй ч зүтгэдэг энэ жимийг байхгүй болгож байж л урагш ахих байгаа юм даа бид чинь.
Нэлээн ч амарлаа. Эрүүл мэндийн төлөө, хүний төлөө гэсэн хэнхэг нь дутахгүй ажил уруугаа марш" хэмээн бичсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.