0

Дэлхийн талыг хурааж явсан Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-ийг жил болгоны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амардаг билээ. Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, их хааны алтан сургаал, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлдэг.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг дэмжих, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг эмхэтгэн хэвлүүлэх, олон нийтийн түүхийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх цогц арга хэмжээг зохион байгуулдаг юм. Тэгвэл энэ өдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа болж, Төр, засгийн тэргүүн, Төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг учиртай. Энэ жилийн тэргүүн зэргийн Чингис одонг нэрт хуульч, академич С.Нарангэрэл хүртэх юм байна.
Түүнчлэн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг гардуулдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Богд хааны Ордон музейд тууль хайлдаг юм.
“Монгол бахархлын өдрөөр Монголын түүх соёл, өв уламжлалаа нийтээрээ дурсах, бахархах боломжийг улс оронд олгох нэгэн чухал үйл явдал болсон. Их эзэн хааны төрсөн өдөртэй давхацдаг энэхүү өдрийг нийтээр амралтын өдөр болгон зарласан нь ард түмний дунд үндэсний ухамсар, эв нэгдлийн эрчийг нэмэх зорилготой. Үүнээс энэ өдөр сургууль, байгууллагуудад үндэсний түү, өв соёлоо сурталчлах төрөл бүрийн арга хэмжээг олон нийтэд хүргэх болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Чингис хаан Тэмүүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох, улмаар академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн Чингис Тэмүүжин нь билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн тогтоосон байдаг.
ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛААС ...
Чингис бол эрдэмтэн мэргэд төдийгүй улс орныг удирдах, аж ахуйг хөтлөх, хүмүүсийг биедээ татах цэрэг байлдааны үйл ажиллагааг зохион байгуулах талаар суу билигт ухаантай хүн байсан. Түүнийг эрдэм боловсролгүй зөвхөн хар ухаанаараа бүх асуудлыг шийдэж байсан гэж үзэх аргагүй. Түүх сударт Чингисийг ном судар үзэж байсан тухай тэмдэглээгүй боловч зохих ёсны өндөр боловсролтой хүн байсан нь түүний үйл ажиллагаа хэлсэн үг сургаалаас үзэхэд тодорхой. Тэмүүжин бага байхдаа Ван хааны ордонд сууж байсан Солонгост 3 жил болсон зэргээс үзэхэд энэ хугацаанд биеэ боловсруулах эрдэм ном сурч эзэмшихэд ихээхэн анхаарч байсан нь ойлгомжтой. Иймээс ч Чингисийн билиг сургаал нь дараа дараагийн хан хөвгүүдийн төдийгүй Монгол туургатны баримтлах зан заншил өв уламжлал болон хадгалагдан иржээ. Чингисийн билиг сургаалыг дараах үндсэн чиглэлээр авч үзэж болох юм.
ТӨР УЛСЫГ УДИРДАХ ТАЛААР
Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрьюү
Хүн хэмээн бүү цөх
Өргөвөөс дааглъюу гэжээ
ӨӨРИЙН БАЙГУУЛСАН УЛСАА САРНИУЛЖ АЛДАХГҮЙ ЦААШИД АВЧ ЯВАХ ТАЛААР
Ургахуйгаас шингэхүй хүртэл
Улс иргэнийг хурааж явж
Эн олон, бус элэгтний
Элгийг нэгтгэв за би
Тун бус толгойтын
Толгойг нэгэн болгов за би
Сэтгэл муутан уйдах тэд
Ой муутан чилэх тэд
Ургууд минь та
Ойндоо үл уйдан
Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун гэжээ.
ХААН ХАРЦ ХҮНИЙ ЗАН АВИРЫН ТАЛААР
Хаан хүн харц хүний авир авирлаваас
Хамаг улсаа алдъюу
Харц хүн хаан хүний авир авирлаваас
Хар толгойгоо барьюү гээд
Ханьсан эелдэн явахад
Хашин бяруу мэт ханилан яв.
Харьтан дайсан лугаа
Харвалдахуйд
Харцага шувуу мэт довтлон яв та гэж сургажээ.
ТӨРД ҮНЭН ШУДАРГА ЗҮТГЭГЧДИЙГ УРАМШУУЛАХ ТАЛААР
Төрдөө хичээсэн муухай хүн боловч
Төвшин сайн хүчнээ өгвөөс.
Түмний ноён болгосугай гэх мэт
ТӨРИЙН ХЭРЭГТ БИЕ ХАЙРГҮЙ ЗҮТГЭХ ТАЛААР
Алд биеэ амс хэмээвээс
Ахуй төр минь алдруузай
Бүтэн биеэ амс хэмээвээс
Бүрэн улс минь сандруузай
Алд бие алзааваас алзаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүрэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь буу сандартугай гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.