0

АНУ-ын Венесуэлийг хаасан зэрэг геополитикийн хурцадмал байдал, дэлхийн тодорхойгүй байдлын дунд аюулгүй хөрөнгө болох алт руу урсаж байгааг шинжээчид хэлж байна.
Bloomberg-ийн мэдээлснээр, олон улсын алтны спот ханш 23-ны өглөөний 08:15 цагт нэг унц (31.1 грамм) тутамд 4459.41 ам.доллар буюу дээд амжилт тогтоосон байна.
Солонгосын алтны биржийн мэдээлснээр, мөн өдрийн өглөөний 10:06 цагийн байдлаар 4479.47 ам.долларын өндөр түвшиндээ хадгалагдаж байна.
Алтны үнийн өсөлтийг АНУ-ын хатуу чанга гадаад бодлоготой холбон тайлбарлаж байна. АНУ Венесуэлийн түүхий газрын тосны экспортыг зогсоох зорилготой хаалт хэрэгжүүлснээр Николас Мадурогийн дэглэмд дарамт шахалт үзүүлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мадурогийн дэглэмийг "гадаадын террорист байгууллага" гэж тодорхойлж, Венесуэл руу орж, гарч буй хориг арга хэмжээ авсан газрын тосны танкеруудыг бүрэн хааж байгаагаа зарласан.
Financial Times сонинд Ерөнхийлөгч Трамп Ерөнхийлөгч Мадурог огцрохыг шахаж, цэргийн ажиллагаа явуулах талаар бодож байгаа тухай мэдээлэв.
Холбооны нөөцийн сангийн хүүгийн бууралт болон томоохон төв банкууд алт худалдан авалтаа нэмэгдүүлсний үр дүнд алтны үнэ энэ онд ойролцоогоор 69%-иар өссөн байна.
Европын хөрөнгийн менежментийн Pictet компанийн Активын ахлах стратегич Арун Сай Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа "Алт бол эцсийн дүндээ геополитикийн эрсдэл болон валютын ханшийн уналтын асуудлаас нэгэн зэрэг хамгаалж чадах цорын ганц хөрөнгө гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэжээ.
Мөнгөний үнэ мөн огцом өссөөр байна. Олон улсын мөнгөний спот ханш 22-ны өдрийн 13:15 цагийн байдлаар унци нь 69.4549 ам.долларт хүрч, 23-ны өдрийн 10:06 цагийн байдлаар 69.55 ам.доллараар арилжаалагдаж байна.
Financial Times: “Алт, мөнгөний үнийн энэ жилийн өсөлт нь Ираны Исламын хувьсгалын дараа газрын тосны үнэ огцом өссөн 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болно гэж таамаглаж байна” гэж дурдсан байна.
Эх сурвалж: Financial Times
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.