dobu.mndobu

Б.Энх-Оргил: Монголчуудын маань дэмжлэгийг тэнгэр сонсож, ивээлээ хайрлалаа

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-29

Б.Энх-Оргил: Монголчуудын маань дэмжлэгийг тэнгэр сонсож, ивээлээ хайрлалаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой өнөөдөр (2025.12.29) тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр "Шандас ММА" дэвжээний тамирчин, холимог тулаанч Б.Энх-Оргилд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээв. 

Б.Энх-Оргил дэлхийн холимог тулааны шилдэг холбоодын нэг "ONE Championship"-ийн "One Fight Night-38" тэмцээнд ялалт байгуулж, аваргын бүсийг эх орондоо авчирсан юм. 

Тэрбээр "Ийм сайхан өдөр хөдөлмөрөө үнэлүүлж, төрөөсөө том шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Хэлэх үг олдохгүй байна

Багш маань 11 жилийн өмнө миний тоглож байгаа холбоонд дэлхийн аварга болж байсан. Тэрнээс хойш би залгамж халаа нь болж, маш их бэлтгэл хийж байгаад багшийнхаа амжилтыг давтаж чадлаа.

2025 он олон сайхан зүйлс давхацсан, үр өгөөжөө өгсөн маш сайхан жил байлаа. Энэ гавьяа шагналаа бататгаж цаашид илүү их амжилт гаргах ёстой. Тиймээс бэлтгэл сургуулилтаа улам сайжруулж, хичээнэ. 2026 онд хоёр тулаан хийх зорилт тавьчихсан байгаа. Аваргын бүсээ хамгаалах ёстой. Үүний тулд их хүч хөдөлмөр гаргана.

Монголынхоо бүх ард түмэнд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье. Үргэлж дэмжиж байдагт маш их баярлалаа. Та бүхний энэ дэмжлэгийг тэнгэр сонсож, надад ивээлээ хайрлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

Б.Энх-Оргил нь холимог тулааны спортын төрлөөс төрөн гарч буй хоёр дахь Гавьяат тамирчин болж байна. Түүний багш Ж.Нарантунгалаг 11 жилийн өмнө холимог тулааны анхны гавьяат тамирчин болж байв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.