dobu.mndobu

Сайхан мэдээ: Нийт төмөр замчид “Жилийн үр дүнгийн урамшуулал”-ыг  200% авна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-31

Сайхан мэдээ: Нийт төмөр замчид “Жилийн үр дүнгийн урамшуулал”-ыг  200% авна

Улаанбаатар төмөр зам ХНН 2025 онд гадаад хүчин зүйлээс шалтгаалсан тодорхой хүндрэлүүд байсан ч гэлээ тэд эрсдэлийг даван туулж, тээврийн үзүүлэлтээ давуулан биелүүлж, шинэ оноо амжилт бүтээл дүүрэн угтаж байна.

Тус байгууллагын зүгээс нийт төмөр замчдадаа 13 дахь сарын цалин буюу “Жилийн үр дүнгийн урамшуулал”-ыг  200% олгохоор тогтжээ. 200% олгож байгаа уг урамшуулал нь хоёр сарын цалинтай тэнцэх мөнгө аж.

Сонирхуулахад, 13 дахь сарын цалингийн зохицуулалтыг анх 1975 онд Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос 851 дугаар зарлигаар тогтоосон ба энэ хуулийг цалингийн хамгийн бага түвшинг шийдвэрлэх зорилгоор гаргасан байна. Уг тогтоол нь бага цалинтай ажилчдад нэмэлт нөхөн төлбөр олгож, баяр ёслол тэмдэглэх, зардлаа зохицуулах боломжийг олгосон.
Филлипин улсын хувьд Хөдөлмөрийн тухай хуульдаа 13 дахь сарын цалинг заавал олгохоор хуульчилсан байдаг ба энэхүү урамшуулал нь 1 жил бүтэн ажиллаагүй ажилтанд хүртэл хамаардаг байна.

ТЭГВЭЛ МАНАЙ УЛСАД

Төрийн албаны хувьд:
Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний ажлын гүйцэтгэл, мэргэшлийн түвшинг үнэлж, маш сайн үнэлэгдсэн тохиолдолд албан хаагчийг тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох харилцааг Засгийн газраас гаргасан журмаар зохицуулдаг.
Энэхүү журмаар төрийн жинхэнэ албан хаагчид хагас болон бүтэн жилээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлттэй холбоотойгоор урамшуулдаг гэж ойлгож болно. Үүнд улс төрийн, болон үйлчилгээний албан хаагчид үл хамаарна.


Хувийн хэвшлийн хувьд:
Хөдөлмөрийн тухай хуульд заавал 13 дахь сарын цалинг олгох тухай зохицуулалт байхгүй. Зарим байгууллага нь хамтын гэрээ, дотоод журам, удирдлагын шийдвэрээр 13 дахь сарын цалинг урамшуулан олгодог.Ихэнх байгууллагын хувьд тухайн жилийн бизнесийн гүйцэтгэл, бизнес төлөвлөгөөний биелэлт зэргийг харгалзан ажилтнууддаа олгож буй урамшуулал юм.  Тиймээс 13 дахь сарын цалинг хувь хүний гүйцэтгэлтэй холбодоггүй, компани хэр ажиллаж байгааг бүх хүнд ойлгуулах зорилготойгоор хийгддэг. /Зарим байгууллагад хувь хүний гүйцэтгэлээс хамаарахаар байдаг боловч дийлэнх тохиолдолд компанийн амжилттай холбогддог/

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.