dobu.mndobu

Айлчлан ирсэн 2026 оны эдийн засгийн төлөв байдал 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-01

Айлчлан ирсэн 2026 оны эдийн засгийн төлөв байдал 

Эдийн засгийн шинжээчид, нэр бүхий судалгааны байгууллагуудаас жил жилийн эдийн засгийн төлөв байдлыг судалгаанд тулгуурлан гаргадаг. Хаан банк ч “Эдийн засгийн төлөв байдлын тайлан”-г гурав дахь жилдээ гаргасан, энэ жил ч танилцуулсан байна. Эрх баригчдаас энэ оны эцсийн байдлаар унаад байсан эдийн засаг 6.5 хувьд хүрч өссөн байгааг мэдээлсэн. Гэхдээ энэхүү өсөлт бол хөөстэй тоо болов уу. Яагаад гэхээр эрх баригчдын “өссөн” гэх эдийн засаг нь өрх айлын босго давж, үүдээр орсон нь үгүй. Бодит амьдрал дээр өрх айлын амьжиргааны түвшин доошилсоор байна. Ирэх онд ч энэ байдал ёстой хадгалагдах төлөв бий. Өнөөдөр 2026 оны улсын төсөв болон мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлагдсан, орлого, зарлагын төсөөлөл, чиг баримжаа нэгэнт тодорхой болсон. Юуны өмнө олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ээлж дараалан сайжруулсан нь 2026 онд гадаад санхүүжилтийн өртөг буурах, цаашлаад гадаад эх үүсвэрийг төр, хувийн хэвшил татан төвлөрүүлэхэд эерэг хүлээлт үүсгэсэн гэжээ. 

Харин Олон улсын валютын сан бол “2026 онд дэлхийн эдийн засгийн өсөлт саарна” гэдгийг хэлсэн бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас “2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3,2, 2026 онд 2.,9 хувь болж буурна” гэжээ. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Эдийн засгийн өсөлт өнөөдөр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.5 хувь болж давна” хэмээсэн бол Сангийн сайд Б.Жавхлан “2026 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байна” гэлээ. Монгол Улсын бодит амьдрал ахуй, эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа ч монголчууд “Амны билгээс ашдын билиг” гэдэг дээ. Тиймээс Хаан банкнаас гаргасан “Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026”-д Монгол Улсын 2026 оны эдийн засгийн төлөв байдлыг тун чиг өөдрөгөөр төсөөлснийг хүргэе.

ХЯТАД АВСТРАЛИЙН ХУДАЛДААНЫ ЗӨРЧИЛ ГҮНЗГИЙРЭХ НЬ МАНАЙД АШИГТАЙ

Айлчлан ирсэн 2026 онд эдийн засгийн өсөлтийг уул уурхай, хөдөө аж ахуйн сэргэлт бүрдүүлэх, тэр тусмаа уул уурхай, түүнийг дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарууд идэвхжиж, эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна. Эдийн засгийн хүлээлт ирэх жил өөдрөг, эрдсийн зах зээлийн таатай мөчлөг үргэлжилж, түүхий эдийн ханшийн өсөлт тогтворжих, эрэлт хэвээр хадгалагдах нааштай дүр зураг давамгайлж байна. Энэ байдал нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгаа юм. Нүүрс урьдын адил экспортод тэргүүлэхийн сацуу зэсийн экспорт үлэмж тэлэхээр байна. Учир нь, Оюутолгойн гүний уурхайн олборлолт нэмэгдэж, манай улс 2026 онд 1.9 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор улсын төсөвт тусгаад байгаа юм. Эндээс харахад нүүрс, зэсийн баяжмалын экспортын хослол эдийн засагт томоохон түлхэц болж өгнө. 2025 онтой харьцуулахад ирэх жил уул уурхайн бүтээмж, үр ашиг илүү сайжрах, эдийн засгийн өсөлтөд жин дарахуйц таамаг, төсөөллийг дэвшүүлжээ. Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний экспортын хэмжээ 2025 оны түвшинд хадгалагдах, үнийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой байх төлөвтэй. Үүнээс гадна БНХАУ болон Австралийн хоорондын худалдааны зөрчил гүнзгийрэх тохиолдолд Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортын зах зээл дэх байр сууриа өргөжүүлэх боломж нээгдэж болох юм. Манай улс ирэх жил нийт 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн.

ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ҮҮДЭН ХАА-Н САЛБАР ХЭЛБЭЛЗЭНЭ

Монгол Улсын эдийн засаг /ДНБ/ 2025 оны эхний есөн сард 5.9 хувиар өссөн бөгөөд тус өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын үүрэг, оролцоо хамгийн их байсан. Ирэх өвлийг хэрхэн өнтэй давах, ямар хавар, зун болохоос хөдөө аж ахуйн салбарын өсөлт тогтвортой үргэлжлэх эсэх нь шийдэгдэх юм. Хаан банкны “Эдийн засгийн төлөв байдлын тайлан 2026”-д цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын өсөлт хэлбэлзэх эрсдэлтэй гэж үзсэн. Энэ байдал дотоодын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох чухал хэмжигдэхүүн юм.

ИНФЛЯЦ ТОГТВОРЖИХ Ч СОРИЛТ ДАГУУЛНА

Энэ оны эдийн засгийн хамгийн том сорилт инфляц болж байна. Мөнгөний бодлогын зорилтот түвшинд инфляц орших эсэх нь ихээхэн эргэлзээтэй цаг үе. Үндэсний статистикийн хорооны арваннэгдүгээр сарын мэдээллээр инфляц 8.2 хувьтай гарсан. Ирэх жилийн хувьд инфляц тогтворжих хэдий ч эдийн засагт тулгарах сорилтоор нэрлэгджээ. Хэдий цахилгааны тарифын нэмэгдэлтэй холбоотой нөлөө арилж эхэлсэн ч хүнсний үнийн өсөлт инфляцын өсөлтийг дэмжих нөлөө хүчтэй хэвээр байна. Уг трэнд 2026 оны дунд хүртэл үргэлжилж мэдэхээр байгаа юм. Харин импортын гаралтай инфляцын дарамт харьцангуй бага байх таамгийг “Эдийн засгийн төлөв байдлын тайлан 2026”-д дурдаад, инфляцын эрсдэл бодлогын хүүг бууруулах шийдвэрийг хойшлуулж болзошгүй хэмээн үзжээ. Монголбанкны зүгээс инфляцыг 2027 оноос 5 хувийн голчтой, 3-7 хувийн орчимд бууруулахыг эрмэлзэж буй. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш харьцангуй тогтвортой байх төлөвтэй гэжээ.

БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИНЭ

Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн сэргэлтийг дагаж хэрэглээний зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн. Ингэснээр иргэдийн давхар зээлийн хэмжээ өсөж, өрийн дарамтыг лавшруулсан. Байгууллагын зээл буюу бизнесийн зээл илүү өсөлт үзүүлэх, харин хэрэглээний зээлийн өсөлт саарах хүлээлттэй байна. Зээлжих зэрэглэл сайжрахын хэрээр гадаад санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх, улмаар ногоон зээл, бизнесийн зээлийн хүртээмжийг зах зээл цаашид сэдэлжүүлэхээр байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody's агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B2 түвшнээс B1 болгон сайжруулж, эдийн засгийн төлөв байдлыг тогтвортой хэмээн үнэлсэн. Энэ байдал гадаад санхүүжилтийн өртөг буурч, зээлийн эх үүсвэр нэмэгдэх эхлэл юм. Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Тэрчлэн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэн нэмэгдэх, бусад арилжааны банк, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөлийг бүрдүүлдэг.

ЭДИЙН ЗАСАГТ ТУЛГАРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛҮҮД

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 32 хувь нь гантай байснаас гадна 2025-2026 оны өвөл олон жилийн дунджаас хүйтэн болох төлөвтэй, мөн урьдчилсан тооцооллоор нийт газар нутгийн 25 хувь орчимд зуд тохиолдох эрсдэлтэй байгаа зэргээс шалтгаалан өвөлжилт, хаваржилт хүндрэх, малын зүй бус хорогдол нэмэгдэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын өсөлт үргэлжлэх бус саарах, эргэн удаашрах эрсдэлийг ярих шаардлагатай болж байна. Энэ онд улаан буудайн тариалалтын хэмжээ 10 орчим хувиар буурсан, улсын хэмжээнд гантай байснаас нийт ургацын 12 хувийг алдсан зэрэг нь газар тариалангийн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Эдгээрээс шалтгаалж дотоодын хүнсний инфляц үргэлжлэн нэмэгдэх, инфляцын цаашдын төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГТ

Энэ оны /2026/ эдийн засгийн гол эрсдэлд Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн удаашрах, энэ байдал нь уул уурхайн экспортод тулгуурласан манай улсын эдийн засагт тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж мэдэхээр байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь түүхий эдийн үнэ, эрэлтэд голлон нөлөөлөх, тэр тусмаа нүүрсний үнэ болон экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнээс буурах тохиолдолд манай улсын төсөв, эдийн засагт тэр хэрээр алдагдал үүсгэх бодит хүчин зүйл юм. Хэрэв дээрх байдал даамжрах юм бол  экспортын орлого тасалдах, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх, гадаад валютын нөөц буурах, төгрөгийн ханш сулрах, эдийн засгийн өсөлт саарах, бизнесийн идэвхжил сулрах зэрэг олон сөрөг үр дагавартай. Ийм нөхцөлд эдийн засгийн таамаглалууд гутранги төсөөлөл рүү дөхөх эрсдэлтэй. БНХАУ-ын хувьд хэдий эдийн засаг нь 2025 оны эхний гурван улиралд  шинжээчдийн таамгаас давсан өсөлт үзүүлсэн ч дотоод эрэлт сул, үл хөдлөх хөрөнгийн салбар нь уналттай, дефляцийн эрсдэл үргэлжилсээр байгаа юм. Олон улс талаа авч үзвэл, геополитикийн тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй тарифын маргаан, олон улсын худалдааны шинэ нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.