dobu.mndobu

 “UB cab” гэх аппилкейшнаар таксичдыг шулдаг, өмгөөлөх хэрэггүй

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-05

 “UB cab” гэх аппилкейшнаар таксичдыг шулдаг, өмгөөлөх хэрэггүй

“UB cab” компанийн үүсгэн байгуулагч гэх Н.Отгонбаяр “Хотын дарга татвар төлөгчдийн 77 тэрбум төгрөгөөр такси авах гэж байна. Нийт таксичдыг зах зээлээс шахлаа. Хятадуудыг дэмжиж, цахилгаан машин оруулж ирэх юм байна” гэх зэргээр мэдээлэл тараасан. Одоогоор Н.Отгонбаяр нь “UB cab” компаниа “Эм Си Эс” группэд зарчихсан, “UB cab” нь тус группийн 100 хувийн өмчлөлтэй байна. 

Уг нь бол Хотын дарга Х.Нямбаатар төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд, жолооч нарт ээлтэй систем бий болгон, аюулгүй, тухтай, стандартад нийцсэн, тогтсон үнэтэй болгохыг зорьсон. Ингэхдээ хувийн хэвшлийнхэнд боломж олгон, 26 хувь буюу 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхөцлөөр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргаж өгөхөөр төлөвлөсөн. Энэ нь такси үйлчилгээний бүх компанид нээлттэй гэдгээ зарласан. Энд төр оролцох ч гэсэнгүй. 

Ер нь олон улсад аливаа улсын нийслэл өөрийн өнгө төрх, нөхцөл байдалд тохирсон такситай байдаг. Тиймээс тусгай стандарт мөрдөж ажилладаг. Өнөөдөр манайд ямар байгаа билээ. Ямар ч стандарт байхгүй, хэн дуртай нь техникийн аюулгүй байдал хангаагүй тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ явуулж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгааг зөвтгөх аргагүй. 

Үнэнийг хэлэхэд "Ub cab" бол гараа хумхиж сууж байгаад таксичдаас татвар авдаг байгууллага нэртэй шулаачид. Тэд хэнийг ч цалинжуулдаггүй, жолооч нарынхаа нийгмийн даатгалыг төлөхгүй. Тэдний аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарахгүй, машин тэрэгний эвдрэл гэмтэлд нөлөөлөхгүй. Ерөөсөө нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй, бүртгүүлсэн жолооч нарын орлогоос 10 хувийн татаас аваад сууж байдаг газар. Тодотговол тусгай аппилкейшнаар бүртгэж аваад тухайн бүртгүүлсэн жолооч 20 мянган төгрөгийн халтуур хийлээ гэхэд замаас нь шууд 2000 төгрөгийг нь авдаг ийм л газар. Н.Отгонбаатарын өөрийнх нь ярьж байгаагаар өдөртөө 40 орчим мянган такси явж байгаа гэнэ лээ. Энэ бүхнээс 10 хувь татдаг гэхээр асар их мөнгө. Ямар ч таксины жолооч өдөрт багадаа 100 мянга орчим төгрөг олж таарна. 

Тэгэхээр нийслэлээс гаргаж байгаа саналыг дэмжээд явах юм бол таксины үйлчилгээ эрхлэгч та цэвэр цэмцгэр, аюулгүй байдлаа хангасан, тусгай стандарт бүхий машинаар иргэддээ үйлчилнэ. Таны нийгмийн даатгалаас эхлээд техникийн аюулгүй байдал ч хяналтад орно гээд сайн талууд олон бий. 

“UB cab”-ын гэх Н.Отгонбаяр нь 2008 оноос Лу.Болдыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслах нь байж, АН-аас Хан-Уул дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байгаад Хүн намын данстай байсан бол өдгөө МАН-ын данстай, Ерөнхий сайд Г.Занданшатарын орон тооны бус Зөвлөхөөр ажилладаг юм байна. Ийнхүү нам нам дамжиж, аливаа зүйлийг гаргууд улстөржүүлдэг нэгэн гэдэг нь харагдана.  

Миний санаж байгаагаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ-аар  хэлэлцэх үеэр уг хуулийн төсөлтэй хамт такси үйлчилгээг зохицуулах, бүртгэх тухай дагалдах хуулийн төслүүдийг оруулж ирсэн. Ингэхдээ такси үйлчилгээг зөвшөөрөлтэй ААН явуулах, нэг өнгийн тээврийн хэрэгслээр үйлчлэх, зөвшөөрөлгүй иргэн такси үйлчилгээнд явбал таван сая төгрөгөөр торгох зэрэг заалтууд оруулж ирж байсан юм. Энэ үеэр Н.Отгонбаатар жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар “Мянган таксины жолооч” чуулганыг зохион байгуулах зэргээр улстөржиж ирсэн нөхөр. Тиймдээ ч үүсээд байгаа нөхцөл байдлыг нийгэмд гаргаж ирээд олны анхааралд оруулж чадаж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэлзүйг өөрийнхөө талд эргүүлж чадлаа. Түүнээс такси үйлчилгээ эрхэлж байгаа Таныг зүгээр л шулж байгаа нөхөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Юун өмгөөлөх. 

Дашрамд дурдахад “Эм Си Эс” гэж групп орд газар ч байсан авч л байдаг, үүрэн телефоны оператор, барилга байшин, газар, дэлгүүр хоршоо гээд орохгүй зүйл алга. Сүүлдээ айл өрхийн зуух янданг хүртэл авсан. Одоо “UB cab” гэх такси үйлчилгээний аппилкейшн авчихаад хэдэн жолооч нарыг шулж сууна.  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.