0

Чихээ байнга ухдаг зуршилтай 41 настай иргэн А сүүлийн үед чихэндээ бүдэг өвдөлт, дуугаралт мэдэрч эхэлжээ. Энэ шинж тэмдгийг үл тоомсорлосон ч өвдөлт нэмэгдсээр эмнэлэгт хандахад хүрсэн байна. Эмнэлгийн үзлэгээр түүнд чихний үрэвсэл, чихний хулхи бөглөрөл гэсэн онош тавигджээ.
Эмч нарын тайлбарласнаар, уг асуудал нь чихний ухуур болон хөвөнгөөр чихээ хэт их ухаж, өдөөдөг зуршилтай нь шууд холбоотой гэжээ. Олон хүн чихээ цэвэр байлгахын тулд тогтмол ухдаг ч энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өнөөдөр/2025.01.05/ Гачон их сургуулийн Гил эмнэлгийн мэдээлснээр, тодорхой зовиур, шинж тэмдэг илрээгүй тохиолдолд чихээ ухахаас зайлсхийх нь хамгийн зөв арга аж.
Чих бол маш эмзэг эрхтэн. Чихний хэнгэрэг 0.1 мм-ээс нимгэн тул бага зэргийн даралт, жижиг шархнаас ч нянгийн халдвар авах эрсдэлтэй. Чихний ухуур болон хөвөнгөө хэт гүн хийх нь цус алдалт, хэнгэрэг цоорох, цаашлаад чихний үрэвсэл үүсгэх аюултай.
Чихний хулхийг хүчээр авах нь сонсголын сувгийн арьсыг гэмтээж, халдвар авах нөхцөлийг бүрдүүлдэг. Металл, хуванцар ухуур нь хурц тул арьсыг амархан шалбаруулдаг бол хөвөн нь хулхийг гадагшлуулахын оронд дотогш чихэж, бөглөрөл үүсгэдэг.
Үүний улмаас чих дүүрэх мэдрэмж төрөх, сонсгол муудах, өвдөх, чих шуугих, толгой эргэх, эвгүй үнэр гарах зэрэг шинж илэрч, хүндрэх тохиолдолд сонсголд ноцтой нөлөөлдөг.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, зажлах үед эрүү хөдөлснөөр чихний хулхи аяндаа гадагшилдаг тул онцгой зовиургүй бол авах шаардлагагүй. Харин бөглөрөх, өвдөх, сонсгол муудах шинж илэрвэл өөрөө чихээ ухахаас зайлсхийж, эмчид хандах нь хамгийн зөв шийдэл юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.