dobu.mndobu

Анхаарлын төвд буй Венесуэл буюу Ерөнхийлөгч Мадуро 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-06

Анхаарлын төвд буй Венесуэл буюу Ерөнхийлөгч Мадуро 

Өдгөө дэлхийн анхаарлын төвд Венесуэл улс байна. Учир нь АНУ-ын цэргийн 150 гаруй нисэх, тусгай хүчин Каракас хотод буулт хийж, Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флоресийг баривчлах ажиллагаа явуулсан. АНУ Мадурог баривчилсан шалтгаанаа хар тамхины наймаа, терроризмтой холбогдуулах бөгөөд Венесуэлийг "террорист улс"-тай адилтган тайлбарлаж буй. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “АНУ Венесуэлийг удирдаж, нефтийн салбарыг сэргээн, Америк компаниудыг оруулна” гэж мэдэгдээд байгаа. Одоогийн байдлаар Венесуэлд онц байдал зарлан, дэлгүүрүүд урт дараалал үүсч, иргэд айдастай байгааг хэвлэл мэдээллийнхэн онцолж байна. Харин энэхүү ажиллагааг Европ, зарим Латин Америкийн улсууд “ардчилсан шилжилт” хэмээн дэмжиж байгаа бол НҮБ, Орос, Хятад, Латин Америкийн улсууд "АНУ-ын түрэмгийлэл" хэмээн буруушаажээ. Боливарын Бүгд Найрамдах Венесуэл нь Өмнөд Америкийн умард хэсэгт, Карибын тэнгисийн эрэгт орших бөгөөд газар нутгийн хэмжээгээр дэлхийд 33-т ордог (916,445 км²), 30 сая орчим хүн амтай улс юм.

НЕФТИЙН МАГНАТ ВЕНЕСУЭЛ 

Тус улс нь дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй. Тодотговол 303 тэрбум баррель буюу дэлхийн нийт нөөцийн хориод хувийг эзэлдэг байна. Тиймдээ ч нефть экспорт нь эдийн засгийн гол тулгуур байсаар иржээ. Олон улсад ч АНУ нефтийг нь авах гэж түрэмгийлсэн гэж үзэж байгаа юм. АНУ ч нэг баррель нь 60 орчим ам.доллар учраас урт хугацаандаа ашигтай болно гэдгээ ч нээлттэй хэлсэн. Харин сүүлийн жилүүдэд улс төрийн хямрал, эдийн засгийн уналт, хориг арга хэмжээнээс болж нефтийн үйлдвэрлэл эрс буурч, өдгөө өдөрт нэг сая орчим баррель л үйлдвэрлэдэг аж. Урьд өмнө бол 3.5 сая барелль нефть үйлдвэрлэж байжээ. Одоо АНУ-ын оролцоотойгоор нефтийн салбар сэргэж магадгүй гэдгийг ч шинжээчид хэлжээ. Ер нь бол Венесуэл улс олон жил гипер инфляц, ядуурал, цагаачлалын хямралтай явж ирсэн. Инфраструктур муу, олон зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг дурджээ. Гэвч нефть олборлолт нь нэмэгдвэл дэлхийн зах зээлд нийлүүлэлт ихэсч, үнэ унах эрсдэлтэй юм байна. Венесуэлчуудын хувьд энэ үйл явдал нь өөрчлөлт найдвар авчирч магадгүй ч, олон улсын хариу үйлдэл, дотоодын эсэргүүцлээс шалтгаалан тодорхой бус улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж болзошгүй гэжээ. 

ЭДИЙН ЗАСАГ 

Венесуэл нь XX зууны сүүлчээр Өмнөд Америкийн хамгийн баян улсуудын нэг байжээ. Өнгөрөгч зууны 1970-1990-ээд онуудад нефтийн экспортоос ихээхэн орлого олж, ДНБ-ний нэг хүнд ногдох орлого Латин Америкийн дунджаас 2-3 дахин их байсан. Энэ үеэр эдийн засаг нь цэцэглэж, Уго Чавесын засаглалын үед (1999-2013) нефтийн орлогоос "Боливарын хувьсгал" нэртэй социалист бодлого хэрэгжүүлж, ядуурлыг 50 хувиас 25 хувь хүртэл бууруулсан юм. Харин 2026 оны нэгдүгээр сарын байдлаар Венесуэлийн эдийн засаг хүнд хямралд орсон хэвээр, гэхдээ зарим өсөлт ажиглагдаж байгааг дурджээ. Тухайлбал, 2013 оноос хойш ДНБ 80 хувь орчим буурсан, гиперинфляци буюу үнийн түвшин 2018 онд нэг сая хувь хүрч, долоон сая гаруй хүн цагаачилсан байна. Тиймдээ ч эдийн засгийн эрх чөлөөний индексээр дэлхийд 174-т буюу сүүлээсээ гуравт жагсжээ. Энэхүү уналт нь нефтийн хэт хамааралтай байгаагаас үүдсэн бөгөөд 2014 оноос нефтийн үнэ буурсан. Тодотговол, нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллароос 30 ам.доллар хүртэл буурснаар төсвийн орлогыг эрс багасгасан юм.

ВЕНЕСУЭЛИЙН ЗАСАГЛАЛ 

Венесуэлийн Засгийн газрын бодлого бол авлига гэжээ. Учир нь Чавес, Мадурогийн социалист бодлого буюу үнийн хяналт, төрийн өмчлөл нь үйлдвэрлэлийг бууруулж, хар зах үүсгэсэн. Авлига, менежментийн алдаанаас үүдэж, нефтийн компанийн удирдлага муу байсныг онцолсон. АНУ-ын хориг 2017 оноос эрчимжиж нефтийн экспортыг хязгаарлан, хөрөнгө оруулалтыг бууруулсан. Үүнийг Венесуэлийн Засгийн газраас "эдийн засгийн дайн" гэж үздэг бол шүүмжлэгчид дотоод бодлогыг буруутгадаг. Эцэст нь энэ бүхнийг улс төрийн хямралтай холбохоос өөр аргагүй. Учир нь 2018, 2024 оны сонгуулийн маргаан, луйвар, эсэргүүцэл, хүчирхийлэл нь эдийн засгийг улам доройтуулсан гэж үздэг. Мөнхүү нефтийн нөөцөөрөө дэлхийн том тоглогч байсан ч нөөцөө зөв ашиглаагүй, орлогыг төрөлжүүлээгүй зөвхөн нийгмийн зардалд зарцуулсан нь хямралд хүргэсэн. Жишээ нь, Саудын Араб шиг нөөцтэй улсууд хөрөнгө оруулалтын сан байгуулсан байдаг бол Венесуэл сан байгуулаагүй.

ЕРӨНХИЙЛӨГЧ НИКОЛАС МАДУРО 

Одоогийн байдлаар Мадуро Нью-Йорк хотын шүүхэд “гэм буруугүй” хэмээн мэдүүлсэн ч хоригдож байна. Венесуэлийн Дээд шүүх Делси Родригесийг түр Ерөнхийлөгчөөр томилжээ. Николас Мадуро 1962 онд Каракаст төрсөн, ажилчин гаралтай. Өсвөр насандаа улс төр сонирхон, ахлах сургуульдаа Оюутны холбооны ерөнхийлөгч болж байв. Ийнхүү 1986 онд Кубад сурч байхдаа Венесуэлийн Социалист Лигийн (марксист-ленинист нам) гишүүн болж, Каракаст буцаж ирээд Метроны жолоочоор ажиллахдаа Үйлдвэрчний эвлэлийн удирдагч болсноор улс төрийн карьераа эхлүүлсэн байна. Тэрбээр 1990-ээд онд Уго Чавесын хөдөлгөөнд нэгдэж, 1992 оны төрийн эргэлтэд оролцон, Чавесыг Ерөнхийлөгч болсны дараа 1998 онд парламентад сонгогдон, улмаар 2006 онд Гадаад хэргийн сайд болж байв. Чавес нас барахынхаа өмнө буюу 2013 онд Мадурог өв залгамжлагчаа хэмээн зарласан тул тэр сонгуульд ялж, Ерөнхийлөгч болсон. Түүний карьерыг Чавесын ивээл, үйлдвэрчний эвлэлийн туршлага хэмээн тодорхойлсон юм.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.