0

Ардчилал, түүнийг бэхжүүлэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах, социалист нийгмээс салаад удаагүй монголчуудын эрх чөлөөг хангах, өөртөө итгэх итгэлийг бадраахад баталгаа нь болж бичигдсэн ардчилсан Шинэ Үндсэн хуулиа баталсан цаг мөч өнөөдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд шинэ нийгэмд хөл тавиад удаагүй ч Монгол Улсын хөгжил дэвшилд нэгэн шинэ хуудас нээсэн нь түүхийн эгзэгтэй цаг үеийг эхлүүлсэн юм. Үндсэн хуулийг “Алганд багтдаг жижигхэн Монгол Улс” гэж зүгээр ч нэг хэлээгүй байж таарна.
Тиймдээ ч Шинэ Үндсэн хуулийн өмнөтгөлд “улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн бичсэн хэрэг.
Өдгөөгөөс 34 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны 10.00 цагт Ардын Их Хурлын II хуралдааны 57 дахь өдөр хуралдаанд нийт депутатуудын 84 хувь буюу 356 нь хүрэлцэн ирснээр шинэ Үндсэн хуулиа ёсчлон баталсан билээ. Тухайн өдрийн хуралдааныг АИХ-ын дарга Ж.Уртнасан даргалж, Ерөнхийлөгч П.Очирбат оролцсон байдаг. Уг хуулийн эх баригч, нэрт хуульч Б.Чимид хуулийн эхэд оруулсан найруулгын засварыг депутатуудад уншиж сонордуулжээ.
Ийнхүү эл өдрийн 11.31 цагт Шинэ Үндсэн хуулиа баталсан юм. Энэ өдрийн 11.35 цагт Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан гарын үсэг зурж, тамга даран батламжилсан бол мөн өдөр Үндсэн хуулийн эхийг нотолж, төрийн сүлд, далбааны эхийг залах ёслол Ардын Их Хурлын танхимд болжээ. Ардчилсан Үндсэн хуулийн эх дээр “Үндсэн хуулийн уг эх энэ болой. БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат. 1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр” хэмээн бичжээ.
Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан нь Ази тивд анх Үндсэн хуультай орон болж, улмаар 1940, 1960, онуудад Үндсэн хуулиа шинэчилсэн. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхарга, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль болж чадсан юм. Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн Ардын их хурлын 430 депутат 76 хоногийн турш хэлэлцэн Шинэ Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй.
Харин Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 2000, 2019, 2022, 2023 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан гэхээр 2024 онд анх батлагдсан “Эцэг” хуульдаа нийт зургаан удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тиймээс ардчилсан Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийн мэндийг хүргэж, Монгол Улс тусгаар тогтнолоо улам бүр бэхжүүлж, монгол иргэн бүр хуулийн дор эрх чөлөөгөө ханган, сайн сайхан амьдрахын ерөөл өргөн дэвшүүлье.
Dobu.mn
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.