0

Гэртээ ганцаараа амьдардаг хүмүүст зориулсан “Та үхчихсэн үү?” нэртэй гар утасны аппликейшн сүүлийн үед Хятадад олон нийтийн анхаарлыг татаж, маргаан дагуулаад байна. Тус аппликейшн нь ганцаараа амьдардаг хүмүүс золгүй осол, гэнэтийн өвчний улмаас нас барсан тохиолдолд ойр дотнын хүмүүс нь удаан хугацаанд мэдэхгүй өнгөрөх эрсдэлээс сэргийлэх зорилготой ажээ.
Тодруулбал, Аппликейшн ашиглагчид хоёр хоног тутамд нэвтэрч, “амьд байгаагаа” баталгаажуулах товч дээр дарна. Хэрэв хэрэглэгч тогтоосон хугацаанд нэвтрээгүй тохиолдолд уг аппликейшн ойр дотнын хүнд нь тухайн хүний байдалд асуудал үүссэн байж болзошгүй талаар мэдэгдэл илгээдэг байна.
Тус аппликейшн өнгөрсөн оны тавдугаар сард нээлтээ хийсэн ч анх олны анхаарал таталгүй байсан бол сүүлийн үед цахим орчинд эрчимтэй тархаж, шуугиан дэгдээгээд байгаа юм. Үнийн хувьд 8 юань буюу ойролцоогоор 4080 төгрөгийн төлбөртэй.
Аппликейшний амжилт нь этгээд, шууд нэршилтэй нь холбоотой байж магадгүй ч зарим хэрэглэгч уг нэрийг “азгүйдэл дагуулах” хэмээн болгоомжилж, “Та зүгээр үү?”, “Та сайн уу?” зэрэг илүү эерэг нэршилд өөрчлөхийг уриалжээ. Үүнтэй холбоотойгоор тус аппликейшныг хөгжүүлсэн “Moonscape Technologies” компани одоогийн нэрийн талаарх шүүмжлэлийг хүлээн авч, нэрээ өөрчлөх боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна.
Анх гурван хүн хамтран ердөө 1000 юанийн төсвөөр уг аппликейшнийг бүтээсэн бол одоо компанийнхаа хувьцааны 10 хувийг нэг сая юаниар худалдахаар төлөвлөж байгаа нь олны анхаарлыг дахин татаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.