0

Google-ын хөгжүүлсэн Gemini хиймэл оюун ухааны хэрэглэгчид Nano Banana Pro-г ашиглан хоёр сар хүрэхгүй хугацаанд нэг тэрбум зураг бүтээжээ. Тус зураг үүсгэх, засварлахад зориулсан Nano Banana Pro-г арваннэгдүгээр сарын 20-нд албан ёсоор танилцуулсан юм.
Анх нэвтэрснээсээ хойш дэлхий дахины анхаарлыг ихээхэн татаж, өмнөх хувилбараасаа илүү олон төрлийн бүтэц, фонт, мөн студийн түвшний зураг засварлах боломжуудтай болжээ.
Үнэгүй хувилбарын хэрэглэгчид өдөрт гурван зураг үүсгэх боломжтой. Харин Google AI Pro эрхтэй хэрэглэгчид өдөрт 100 хүртэл зураг, Google AI Ultra эрхийг авснаар өдөрт 1000 хүртэл зураг бүтээх боломжтой байна.
Nano Banana Pro нь олон хэл дээр заавар хүлээн авч чаддаг бөгөөд монгол хэлийг сайн ойлгодог онцлогтой. Мөн хэсэгчилсэн засвар хийх, камерын өнцөг өөрчлөх, фокус болон гэрэлтүүлгийг тохируулах зэрэг “студийн чанартай” засварлах боломжуудыг санал болгодог. Мөн 2K, 4K зэрэг өндөр нягтралтай инфографик, диаграмм үүсгэхэд ашиглах боломжийг нээж өгчээ.
Аюулгүй байдлын үүднээс Nano Banana Pro-ийг ашиглан аливаа зураг болон видеог хиймэл оюун ухаанаар үүсгэсэн эсэхийг шалгах боломжтой болсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.