dobu.mndobu

Хяналтын менежер ТӨК-д эхнэртэйгээ ажиллаж болох уу, Х.Ганчулуун захирал аа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-15

Хяналтын менежер ТӨК-д эхнэртэйгээ ажиллаж болох уу, Х.Ганчулуун захирал аа

Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн өмчит компаниудад томилогдсон менежерүүдийг чөлөөлж, 29 тэрбум төгрөг хэмнэнэ гэсний дагуу намуудаас томилогдсон 128 Бүтээмж болон Хяналтын менежерүүдийг чөлөөлж эхэлсэн. Харин зарим Төрийн өмчит компани Засгийн газар, Ерөнхий сайдынхаа энэхүү шийдвэрийг сөрж байгаа нь илт. Тухайлбал, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит компанид АН-аас томилогдсон Хяналтын менежер Н.Мөнгөншагай өнөөдрийг хүртэл алба хашиж байна. Бүр АН-аас томилогдсон Хяналтын менежерийг өнөөдөр хүртэл ажиллуулж байгаагаас харвал тус компанийн захирал Х.Ганчулуун Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын бодлогыг сөрж байгаа нь илт. Тэр ч бүү хэл Х.Ганчулуун захирал Хяналтын менежер Н.Мөнгөншагайгийн эхнэр Б.Шинэтуяаг Хуулийн Зөвлөхөөрөө ажиллуулж байгааг юу гэж үзэх вэ. Бодлого сөрөхийн дээдээр сөрж байна гэсэн үг.

Үүнээс гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2-т "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ хэмээсэн.

Мөн хуулийн 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гэсэн байна.

Тэгвэл хуулийн 3.1.5."хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэснээс харвал хууль зөрчиж.

Харин 2023 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийг дагуулан дагаж мөрдөх журмын тухай хуулийг хийсэн. Үүнд “Албан тушаалтнуудын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа бол тухайн этгээдийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна” гэж заасан. Үүнээс харвал яах аргагүй хууль зөрчин гэр бүлийн хоёрыг ажиллуулж байна.

Хяналтын менежер бол удирдах албан тушаал мөн биз дээ. Тэгээд ч Хяналтын менежер нөхрийнхөө гаргасан шийдвэр тушаал, аливаа бичиг баримтыг Хуулийн зөвлөх эхнэр нь засаад сууна гэдэг яав ч болохгүй зүйл. Жинхэнэ ашиг сонирхол энд л үүснэ биз дээ. Х.Ганчулуун захирал  хууль зөрчсөн үйлдлийн талаар цөөнгүй мэдээл байдаг. Арай ч энэ мэт бодлого сөрсөн зүйл бол хараагүй юм байна.

Гэхдээ тэр 2021 оноос Улаанбаатар цахилгаан түгээх станцаас эхлэн ажиллахдаа эхнэрийнхээ нэр дээр байгуулсан “Ар хөв энерги” компаниараа дамжуулан тендер авсан гэдэг бол одоо “Мэнхэн тахилга” компаниар дамжуулан тендер авдаг гэх мэдээлэл ч гарч байсан. Мэдээллийн хэрэгслийн архивт ч баримтаараа байна.  

Тэрбээр “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирлаар очсон ч энэ байдал давтагдаж байгааг хэлсэн. Тухайлбал, 2025, 2026 он дамжсан төсөл арга хэмжээг тендерийн болон төсвийн хууль зөрчин гүйцэтгэсэн. Тухайлбал, Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн барилгын ажлын төсөвт 2025 онд 550 сая төгрөг тусгаж, үлдсэн мөнгийг нь 2026 онд шилжүүлэх байсан ч 912 сая төгрөг шилжүүлсэн нь төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, мөнгө хэтрүүлэн шилжүүлж хууль зөрчсөн. Мөн Ерөнхий инженерийн өрөө, захирлын Туслахын өрөөний засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх тендер зарласан ч тендер шалгаруулаагүй байхад ажлын байрны засварын ажил дууссан. Тухайн өрөөнүүдийн засварын ажил өнгөрөгч 2025 оны есдүгээр сарын 25-нд дуусаж, харин 2025 оны аравдугаар сарын 08-ны өдөр тендерт шалгарсан хоёр компанийн нэрийг зарласан. Гүйцэтгэгч нь тодорч, төсөв мөнгө нь шийдэгдээгүй байхад засвар үйлчилгээний ажлыг ямар мөнгөөр ямар компани гүйцэтгэв гэдэг нь хачирхалтай.

Ерөнхий сайд Г.Занданшатар хөдөө орон нутагт ажиллаж, газар дээр зарим асуудлыг шийдвэрлэж байгаа. Хууль зөрчсөн зарим нэгэнд ч хариуцлагаа тооцож байгаа. Тэгэхээр Та Багануур хотод ажиллаж, тэр тусмаа “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” гэх мэт Төрийн өмчит компаниудад байгаа энэ мэт хууль бус явдлыг нүдээр харж, чихээр сонсон, Х.Ганчулуун мэт захиралд газар дээр нь арга хэмжээ авах хэрэгтэй.

С.Данзан

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.