0

Унтахаасаа өмнө гэрлээ унтраасан өрөөнд ухаалаг гар утас ашиглах нь нүдний эрүүл мэндэд ноцтой хор нөлөө үзүүлж болзошгүйг нүдний эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн (SNU) Нүдний эмгэг судлалын захирал Жон Үй-сан харанхуй орчинд ухаалаг гар утас ашиглах нь нүдний олон төрлийн өвчний үндсэн шалтгаан болдог гэлээ. Түүний тайлбарласнаар, харанхуй үед хүүхэн хараа илүү их гэрэл авахын тулд гурван дахин тэлдэг бөгөөд талбайн хэмжээгээр тооцвол нүдэнд орж буй гэрлийн хэмжээ хэвийн үеийнхээс ес дахин их болдог байна.
Тэрбээр “Харанхуй өрөөнд ухаалаг гар утас ашиглах зуршил нь нүдний торлог бүрхэвчийг шууд гэмтээдэг. Тэлсэн хүүхэн хараагаар дамжин орж буй утасны цэнхэр гэрэл нь хамгаалалтгүй торлог бүрхэвчийн эсүүдэд нөлөөлж, шар толбо гаргаж, улмаар хараа алдах эрсдэлтэй” хэмээн анхааруулжээ.
Мөн дунд болон ахимаг насны эмэгтэйчүүд нүдний дотоод бүтцийн онцлогоос шалтгаалан илүү болгоомжтой байх шаардлагатайг онцолсон байна. Харанхуй орчинд доош харж ухаалаг гар утас ашиглах үед нүдний линз урагшилж, нүдний доторх шингэн гадагшлах суваг бөглөрснөөр даралт огцом нэмэгдэж, цочмог глауком үүсэх эрсдэл нэмэгддэг аж.
Түүнчлэн сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болсон чичиргээт массажны буу, нүдний эргэн тойрны массажны төхөөрөмжүүдийг мөн эрсдэлт хүчин зүйл гэж үзэж байна. Жон Үй-сан “Нүдээ гараараа үрэхэд нүдний доторх даралт хэвийн хэмжээнээс бараг 10 дахин ихэсдэг. Харин хүчтэй чичиргээ яс дамжин нүдэнд хүрэхэд дотоодод чичиргээ нэмэгдэж, мултрал үүсгэн, линзийг тогтоон барьдаг холбоосууд гэмтэх аюултай” гэж тайлбарлав.
Нүдний эрүүл мэндээ хамгаалахын тулд тэрбээр өндөр цэвэршилттэй омега-3 тосны хүчлийг тогтмол хэрэглэх, тамхи татдаг хүмүүс лууван, перилла навч зэрэг антиоксидантаар баялаг хүнсний ногоо хэрэглэхийг зөвлөжээ. Мөн гадаа гарахдаа дээрээс болон хажуугаас тусах хүчтэй хэт ягаан туяанаас хамгаалахын тулд нүдний шил, малгай хэрэглэх нь зүйтэйг сануулсан байна.
Эх сурвалж: kmib.co.kr
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.