dobu.mndobu

Утга, уран зохиолын аян хөсгийг шинэ үеийнхэн түүчээлэх хурлын тэмдэглэлээс

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-20

Утга, уран зохиолын аян хөсгийг шинэ үеийнхэн түүчээлэх хурлын тэмдэглэлээс

Идэр есийн жавар тачигнасан өдөр Монголын зохиолчдын эвлэлийн XIX Их хурал болж, Монголын оюун санааны түүчээлэгчид, үгийн их дархчууд чуулав. Энэ бол зохиолч, уран бүтээлчид маань дөрвөн жилд нэг удаа чуулж, алдаа оноогоо цэгнэн, эрх зүйн орчин, хууль дүрмээ эргэн харж, Удирдах зөвлөл, удирдлагын багаа сонгодог чухал хурал. Уг нь Их хурал өнгөрөгч 2025 онд болох ёстой байсан ч чухам ямар шалтгаанаар нэг жилээр хойшилсыг мэдэх юм алга. 

Ямартай ч Монгол Улсын өнцөг булан бүрээс чуулсан 400 шахам төлөөлөгч жинхэнэ утгаараа “шаагиж” өнжив. Уран бүтээлчид, тэр тусмаа олон зохиолч, яруу найрагчийг нэгэн туган дор нэгтгэн, хуралдана гэдэг амаргүй. Цээжээ дэлдээд босоод ирэх нь ч бий. Цэцэрхээд үг сонсохгүй нь ч бий. Агсарч агсам тавих нь ч бий. Алмайраад алга болох нь ч бий. Гэхдээ л Монголын зохиолч, яруу найрагчид үеийн үед дөрвөн жилд хурлаа зохион байгуулж, удирдлагуудаа сонгохоос эхлээд эрх зүйн шинэчлэл болон бусад зүйлээ амжуулж сурсан хүмүүс. Энэ л утгаараа “Чингис” зочид буудалд хуралдаж, олон жил уулзаагүй нөхөд хөөрөг зөрүүлэн тухалж, сэтгэл сэтгэлээ эвлүүлж уулзалдсан нь сайхан хэрэг. 

Хурлын нэг онцлог нь үе үеийн Их хуралд ирдэг зочдоос өргөн бүрэлдэхүүнээр оролцсон явдал юм. Өөрөөр хэлбэл олон төлөөлөгчийг хамарч чадсан. Мөн “их айл”-д саатаж, ижил олон нөхдөөсөө чамгүй хугацаанд алс байсан Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан хуралд ирсэн нь олны анхааралд байв. Өнөөдөр цахим орчинд өрнөж байгаа шиг Ц.Хулангаас болж хэн нэгэн хурлаа орхисон зүйл үгүй л болов уу. Зохиолч, яруу найрагчид тэгэх ч хүмүүс биш л дээ. 

Мөн урьд өмнө ч хурлын чимэг болдог байсан зохиолч, сэтгүүлч Мөнхийн Амгалан ч улаа бутруулсанаас энэ удаад ямар нэг чимээ шуугиан дэгдээсэнгүй, нас ахисных биз ээ. Харин Дархан-Уул аймгийн төлөөлөгч Р.Лхамрагчаа үе үехэн оволзох ч ахмадуудын харцанд номхорч байв. Ийм л хүмүүс. Энэ үеэр аливаа хурал цуглаан, арга хэмжээнд шуугиан дуулианаараа гэм хоргүйхэн чимэж байдаг Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Л.Мягмаржав агсан ихэд үгүйлэгдэж байгааг олны чимээнээс сонсов, өөрөө ч мэдрэв. 

Миний хувьд анх 2001 онд Монголын зохиолчдын Их хуралд оролцсон хүн. Тухайн үеийн хуралдаанд дөрөө чангалсан ах нар олон, энэ хэрээр хуралдаан дуулиан шуугиан дунд өрнөдөг байв. Орон нутгаас ирсэн зохиолч, яруу найрагчид бол хуралдах гэж бус уулзалгүй удсан ахан дүүстэйгээ уулзах гэж ирсэн мэт л аашилдаг байв. Ерөнхийдөө хурал найр хоёр зэрэгцэн болдог ч жанжин шугамаасаа хазайж байсангүй. Харин сүүлийн жилүүдэд тэр тусмаа энэ удаагийн хуралдаан өмнөх хурлуудаасаа намуухан болж өнгөрлөө. Сүүлийн үеийн залуу зохиолч, яруу найрагчид бор дарснаас ихээ хол байгаа нь анзаарагдана. Сайн хэрэг. Мэдээж XIX Их хурлын төлөөлөгч дунд мань мэтээс эхлээд улаан зээрд нөхөд байлгүй яахав. Байхгүй бол бараг л алдас болохоор номлол дундуур туучиж ирсэн дунд үеийн хэдэн нөхөд дугараа тойруулахаа яаж мартахав. 

Дорноговь аймгаас СГЗ, яруу найрагч Л.Эрдэнэбат тэргүүтэй Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Сономын, Маамын хэмээх хоёр Чулуун, Б.Лхагвадорж болон Улаанбаатар хотод суугаа Ардын уран зохиолч Б.Догмид тэргүүтэй уран бүтээлчид тэрүүхэндээ нутгархах зэргээр өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид нутаг нугаа бараадаж яваа нь харагдана. Мэдээж хэрэг, Өмнөговь аймгийн Б.Баярмөнх, Дорнодын Н.Мөнхсайханаас эхлээд “ижил сүрэг”-ээ орхиод нутаг нутаг дамжин гүйх хүмүүс цөөнгүй. Хэнтийн Батхүү гэх хэнхдэг цээжээ сөхсөн нөхөр Сэлэнгэ, Хэнтий хоёрын дунд гүйж хоёр нутагтан гэдгээ харуулахаас эхлээд хурлын төлөөлөгчид бүгд л өөр өөрийн жим гүйдэлтэй. Гэхдээ өөр талаас нь харвал 400 шахам өөр үзэл бодол “Чингис” буудлын нэгэн таниимд багтсан нь их юм гэж бодогдохоор хүмүүс л дээ. 

Ийм л уур амьсгал дундуур Их чуулганы хуралдааныг МЗЭ-ийн хамгийн ахмад гишүүн, өдгөө 100 насыг зооглож буй МЗЭ-ийн шагналт зохиолч, ахмад чекист Дамбын Цогт-Очир нээж үг хэлсэн бол алсын Унгар улсад суугаа МЗЭ-ийн гишүүн Д.Ганболд, Швед улсад суугаа Б.Энхтуяа, Б.Болормаа нар, АНУ-аас МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт “Тулга” клубынхан мэндчилгээ дэвшүүлэв. 

Улмаар Хурлын тэргүүлэгчдээ сонгон, халаагаа өгч буй Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо “4х4” мөрийн хөтөлбөрийнхөө тайланг тавилаа. Б.Ичинхорлоо дарга мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зүйл, заалт бүрээр хэрэгжилтийг нь тайлагнасан товхимол хэвлүүлж чуулганд оролцогчдод тараасан ба МЗЭ-д 2022- 2025 онд явуулсан бодлого, баримталсан зарчим, олсон амжилт, цаашид анхаарах асуудлыг теле нэвтрүүлэг хэлбэрээр тайлагнасан. 

Хурлын зааланд “Өнгөрөгч дөрвөн жилд Зохиолчдын хороо ямар ажил хийсэн гэж тайлан тавьж байгаа юм. Юу ч хийгээгүй байж” гэх хөлчүү дуу ч сонсогдоно лээ. Энэ тал дээр гишүүд санал, шүүмжлэлээ хэлсэн. Үүний дараа Их чуулганаас МЗЭ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж, редакцын засвар хийн батлахаар шийдвэрлэснээр ажил ч шуудрав. Төлөөлөгчдийн нэг зорилго бол удирдах багаа сонгох явдал шүү дээ. Зарим нэг нь ч “морь” сойн хөтөлж ирсэн бололтой. Энд тэнд хүмүүсээр шинжүүлэн, битүүхэн дэмжиж санал өгөхийг шивнэж явав. Хаа ч байдаг л зүйл. 

Хуралдаанаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргад үе тэнгийнхэн, утга зохиол дахь бүлэг фракц, нэгдлүүд өөр өөрийн төлөөллөө сойв. “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Нямлхагва, залуу уран бүтээлчдийн зүгээс доктор Д.Нямдорж, мөн “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд нар тодорхой дэмжлэгтэй нэрээ дэвшүүлсэн. Харин Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир, МЗЭ-ийн шагналт Х.Эрдэв нар ямар нэг дэмжлэггүй гэж болохоор нэрээ дэвшүүлсэн. 

Монголын зохиолчдын эвлэлийн удирдлагад сүүлийн 25 жил ноёрхож буй ерээд оны төлөөлөл энэ удаад тодорхой дүр гаргаж ирсэнгүй, залуу үеийн төлөөлөл Д.Нямдоржийг дэмжсэн. Чухам ямар шалтгааны улмаас гэдгийг мэдэхийг хүссэнгүй. Өөрсдийн дүр ч бүдгэрсэн болов уу. Тиймдээ ч хурлын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж, Д.Нямдоржийг дэмжихийг шивнэж байв. Ах нарын дэмжлэг ч ихээхэн нөлөөсөн байх. Санал хурааж дуусахад Д.Нямдорж 46.4 хувь буюу 130 хүний саналаар ирэх дөрвөн жилд Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айлыг удирдахаар тодров. Удаад нь П.Нямлхагва 57, Д.Ганболд 56, Ү.Хүрэлбаатар 22, Ай.Төмөр-Очир 6, Х.Эрдэв 5 хувийн санал тус тус цуглууллаа. “Хойтон жилийн наадам хол байна даа” гэдэг шиг айсуй их хурал 2030 онд болно гэхээр зарим нэг ахмад нэр дэвшигчдэд бол ёстой л хол байж таарна. 

Хуралдаанаар шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн даргаа эсэргүүцэж л байдаг. Энэ удаад Д.Нямдоржид градустай градусгүй эсэргүүцэл ирээгүй байх. Намдуухан байгаа нь зөвшөөрсний хэрэг биз. Харин ч “Монголын зохиолчдын эвлэлийг одоо залуус удирдах цаг нь болсон, зөв зүйтэй” гэх уран бүтээлчид олон байв. 

Үнэнийг хэлэхэд өнгөрөгч хэдэн жилд Монголын зохиолчдын эвлэл маань ерээд оныхны удирдлага дор амь дүйж ирсэн учраас яах аргагүй залуу үеэ ил далд дуугүйхэн дэмжсэний илрэл болов уу. Ядахад л дөрвөн жилийн турш тавих тайлан ч үгүй явж ирсэн айл шүү дээ. Ерөнхийдөө ерээд оныхон утга, уран зохиолын их аян жингийн жолоо цулбуур эвхэж, дөрөө нэгэнт амраав уу гэж бодсон. 

Ингээд Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Д.Нямдоржид Монгол Улсын Гавьяат багш, утга зохиол судлаач Ч.Жачин МЗЭ-ийн тамгыг гардуулж, баяр хүргэсэн бол Удирдах зөвлөлийн Д.Нямдорж нэр дэвшин өрсөлдсөн нөхөд, чуулганы хуралдаанд оролцсон бүх хүнд талархлаа дэвшүүлээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монголын зохиолчдын эвлэлийг цаг үетэйгээ нийцсэн байгууллага болгож шинэчлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлсэн. 

Ингээд ирэх дөрвөн жилд Д.Нямдорж даргатай Удирдах зөвлөлийн гишүүдээ тодруулсан. Хамгийн өрсөлдөөнтэй Яруу найргийн үндэсний төвийг Ш.Лхамноржмаа тэргүүлж, Н.Гантулга, С.Начин нар гишүүнээр ажиллахаар болов. Хүүрнэл зохиолын үндэсний төвийг Б.Сарантуяа тэргүүлж, С.Пүрэвсүрэн, Жүжиг киноны үндэсний төвийг Х.Чойдогжамц тэргүүлж, О.Элбэгтөгс, Баримтат шог зохиолын үндэсний төвийг Ш.Сүхбаатар тэргүүлж, Ж.Сарантуяа, Хүүхдийн зохиолын үндэсний төвийг Г.Ганболд тэргүүлж, Ч.Наранцэцэг, Судлал шүүмжлэлийн үндэсний төвийг Г.Батсуурь тэргүүлж, Г.Галбаяр, Орчуулгын үндэсний төвийг Ж.Нэргүй тэргүүлж, Э.Батжавхлан нар Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаар олонхийн дэмжлэг авлаа. 

Цагийн сайханд Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айл Д.Нацагдоржийн Номын сантай, өөрийн гэсэн зуслантай, аж ахуйн хашаатай, граж зогсоолтой томоохон байгууллага байв. Харин өнөөдөр арай гэж гурван давхар байшинтайгаа үлдсэн гэдгийг ч хурлын үеэр ярьж байлаа. Тэр ч бүү хэл Төрийн шагналт зохиолч С.Оюун “Т.Галсан багш манай зохиолчдын сүүлчийн хурал байж мэднэ. Хорооны байшинг С,Батболд худалдаж авах гэж байна шүү. Их үнэтэй Чингис зочид буудалд  хурал хийж байна даа гэж бодож л байсан. Т.Галсан багшийн үг үүний тайлбар юм шиг санагдлаа” хэмээх үг ч хуралдааны нэгэн тавгүйхэн хачир байв. Хэн хүнд хардах эрх нь бий хойно яахав. Гэхдээ гурван давхар байшингаас өөр өмчгүй болсон бидэнд болгоомжлол хэрэгтэйг ч санахад илүүдэхгүй.  

Энэ мэт хурлын хачир дундуур Үндэсний төвүүдийн болон Хяналтын зөвлөлийн дарга нараа сонгон, гишүүдээ тодруулсан. Монголын зохиолчдын эвлэлийн үйл ажиллагааг дөрвөн жил хянаж ажиллахаар Э.Ганболд даргатай Д.Цэрэннадмид, Г.Лхагвадорж, А.Түмэнбаяр, П.Намуун, Д.Батбаатар, Б.Урангоо нар сонгогдов. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн Бага чуулганы гишүүдээ сонгодог уламжлалтай. Уламжлал ёсоор Яруу найргийн үндэсний төвөөс М.Наранболд, Н.Батжаргал, Б.Жамбалдорж, Ц.Эрдэнэбаатар, Д.Одгэрэл, Б.Лхагвадорж, А.Сүглэгмаа, Г.Ишхүү, Б.Батхүү, Я.Отгонбаяр, М.Отгонбаяр, Ч.Эрдэнэбаатар, Хүүрнэл зохиолын үндэсний төвөөс Б.Золбаяр, С.Баттулга, Б.Догмид, С.Оюун, Х.Дуламсүрэн, Г.Болормаа, Ш.Солонго, Ч.Баатар, Г.Батжавхлан, Т.Баянсан, С.Батжаргал, Н.Баасанжав, Жүжиг киноны үндэсний төвөөс Д.Төрбат, Б.Цогнэмэх, Ц.Хулан, Ж.Ууганбаатар, С.Баатарцогт, Э.Дашзэвэг, Баримтат, шог хошин зохиолын үндэсний төвөөс Ч.Туул, Ц.Галбадрах, Д.Цээсэд, Ж.Батсайхан, Г.Баатарнум, З.Ядмаа, Хүүхдийн зохиолын үндэсний төвөөс О.Сундуй, Д.Батжаргал, Э.Амарзаяа, Н.Мандал, Судлал, шинжлэлийн үндэсний төвөөс Х.Сүглэгмаа, А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Д.Цэвээндорж, Ц.Энхбат, Ү.Хүрэлбаатар, Орчуулгын үндэсний төвөөс О.Чинбаяр, Г.Билгүүдэй, Б.Монголхүү, Б.Хишиг-Ундрал, Э.Ганболд, Б.Дорж нарыг тус тус сонгов. 

Ерөнхийдөө Монголын зохиолчдын эвлэлийн байгууллага нэн шинэ үеийн төлөөллийн гарт очсон. Удирдах зөвлөлийн хувьд үе үеийн төлөөлөөс бүрдэж байгаа гэхээр ирэх дөрвөн жилд сайн стратеги төлөвлөгөө гарган ажиллахад мэдлэг чадвар, авьяас билэг, туршлага гээд “юм” “юм”-тай Удирдах зөвлөл бүрэлдсэн гэж харж болно. Гагцхүү энэ муу хэдэн зохиолч, яруу найрагчдынхаа онгод сэтгэлийнх нь галыг өрдөхгүй бол ер нь үнс нурам төдий бужигнах гээд байгааг юуны өмнө анхаарна биз ээ. Нуухгүй хэлэхэд үйл ажиллагаанаасаа эхлээд бүхий л зүйл нь зогсчихсон байгууллагыг шинэ баг хүлээн авч байгаа учраас ихээхэн чармайлт хэрэгтэй байж таарна. 

С.Ууганбаяр 


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.