0

7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа.
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33 настай А нарыг энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернет банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болох нь тогтоогдсон юм.
Уг этгээдүүд нь хаус, орон сууц, ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Тус хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн зохиомол, хуурамч нөхцөл байдалд авталгүй өөрийн мөнгийг бусдад шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийсэн тохиолдолд интернет банкинд нэвтэрч шалгах, хуурамч мөнгөн дэвсгэрт эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.