0

Могой жил мурилзан одож, Морин жил үүрсэн айсуй энэ мөч дор сайн цагийн дохио хэмээн ард түмэн ихэд бэлгэшээн угтаж байна. Одож буй могой жил ч тайван амгалан, элдэв аюул заналаас хол, байгалийн давагдашгүй хүчин зүйлгүй дөлгөөхөн гулсаж өнгөрлөө. Энэ бол мал аж ахуйн орны хувьд том завшаан. Гэхдээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт сайн байсангүй. Бодит амьдрал дээр ч нөхцөл байдал эерэг байгаагүй ч сайны эрэлхийлэл, зөвийн чанад явж ирсэн гэхэд болно. Энэ бол Морин жилдээ хийж гүйцэтгэх ажлынхаа хөрс суурийг Могой жилд сайтар тавьж өгсөн болов уу гэж бодогдоно. Олон ч зүйл дээр сургамж өгсөн он байсныг улс төр, нийгмийн нөхцөл байдал харууллаа.
Морин жил нь Дорнын зурхайн 12 жилийн мөчлөгийн долоо дахь жил бөгөөд амжилт, аз хийморь, эрч хүч, хурд, тэсвэр тэвчээрийг бэлгэддэг. Ерөнхийдөө хүн зоны хувьд буянтай, зуд турхангүй, тайван амгалан жил болох төлөвтэйг зураглажээ. Морин жилд төрсөн хүмүүс ажилсаг, биеэ даасан, халуун сэтгэлтэй, урам зоригтой шинжээрээ онцлог гэсэн нь ч цаанаа учиртай.
Сүрээр дарагч хэмээх гал Морин жилийг монголчууд ихэд бэлгэшээн, хүлээж байгаа нь цаанаа учиртай. Ямар нэг гайхамшигтай өөрчлөлт бий болно, бүх юмс сайхан болно, сайн цаг ирнэ гэсэн найдвар олон хүний сэтгэлийн мухарт гэрэлтэж байгаа учраас ийн сүсэглэн хүлээн авч байгаа хэрэг. Ер нь аливаа жилийн өмнө монголчууд ямар нэгэн байдлаар тухайн жилийг сэтгэлдээ төсөөлж зөгнөн угтдаг. Тэнгэр хангай, ирээдүйн амьдралаа зөгнөн хэлэлцдэг учиртай түмэн.
Тэртээх 1944 оны алдарт зуд угтсан намрын нүүдэл нэг л уйтгартай хөвөрч сунжирсан, хүн бүхэн нэг л бодлогшронгуй, шувууд хүртэл сүрэглэн суугаа нь бөхөлзөөд уйтай байсан хэмээн тухайн үеийн хүмүүсийн дурсамжид байдаг даа. Монголчууд билэгдлийн бөгөөд зөнтэй ард түмэн. Аль тэртээ ная гаруй жилийн өмнө нүүрлэсэн тэр их зудыг намар нь зөгнөж байсан бололтой.
Харин Морин жил хаалга тогшин буй энэ цаг дор монголчууд бүхий л талаараа “Сайхан жил гарч байна, ийм ч ажлаа эхлүүлнэ, тийм ч зүйл босгоно” хэмээн итгэл төгс дүүрэн байгаа нь сайн цаг ирж байгаагийн нэгэн дохио биз ээ. Зохиолч яруу найрагчид хүртэл эмхэтгэж, бэлтгэсэн номоо “Морин жилд хэвлүүлнэ” хэмээн дарчихсан бол анд нөхөд хүртэл “Энэ жил ч яахав өнгөрлөө. Морин жилд л нэг сайхан байр, машин худалдаж авна” гэх зэргээр өвөр зуураа ярилцаж байна.
“Гандантэгчэнлин” хийдийн зурхайч лам Ч.Очирбат “Сүрээр дарагч гэдэг бол далд утгатай нэр. Ган, зудгүй, өлсгөлөнгүй, амар амгалан жил болохыг хэлж буй юм. Гал морин жилд сайхан жил гарч байгаа. Хууль засгийн хувьд жаахан чанга байж, юм цэгцрэх шинжтэй” гэж тайлбарлажээ.
Энэ нь ч ард олны сэтгэл зүйд оволзон буй Морин жилийн тэр бадрангуй хүсэлтэй яв цав нийцэж байна. Монгол Улсад хууль засаг нь чангахан байгаад ган зудгүй, өлсгөлөнгүй, амар тайван байхад болчихно. Ийм сайхан жилийн босгон дээр монголчууд маань цог хийморио бадруулан зогсож байна. Тиймээс сэтгэлийн тань гичирт үүрсэн буй Морин жилдээ эрүүл энх байж, ухаан саруул, уужим сайхан сэтгэж, аз хийморьтой ажиллаж амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
“Dobu.mn” сайтын редакци
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.