0

Ууган намын дарга Н.Учрал “Ардын нам авлигачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ. Ардын нам эрх чөлөөг хамгаалж түмнийхээ сэтгэлд, иргэдийнхээ итгэлд дахин төрнө” хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа. Энэ нь туйлын үнэн.
Тэгэхээр өнгөрөгч 2016 оноос хойш ялагдлын индэр дээрээс буулгүй гурав дараалан ялсан Ардын нам авлигачдаа өршөөж биш өшиглөж байж ирэх сонгуульд орохгүй бол яагаад ч болохгүй. МАН-ын даргын хэлсэнчлэн авлигачдаа чөлөөлж байж л ард түмэндээ эргэн ирнэ. Үүнийг ойлгоход нэг их онол ном хэрэггүй.
Үүний зэрэгцээ МАН-ынхан өнгөрөгч долоо хоногт Бага хурлаа зохион байгуулж, бодлогоо танилцуулахдаа авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар нэр бүхий дөрвөн гишүүнээ намаас хөөчихсөн. Ингэхдээ ч МАН-ын дарга дээрх алдарт үгээ давтаж байгаа нь айсуй сонгуулийн стратеги, ялалт ялагдлын тухайд ямар нэгэн дохио авсан байх. Ядахад л Стратеги академи гэх судлаачдаас бүрдсэн сүрхий байгууллага МАН-ын дэргэд ажилладаг учраас тэндээс ямар нэгэн тааруу судалгаа ч удаа дараа гаргасан байж болно.
Хамгийн гол нь дөрвөн гишүүн намаас хөөж, шүүхийн үүдэнд аваачсанаар цэвэрхэн болчих улс төрийн хүчин бол МАН биш. УИХ-д “бүрэн эрх”-ээр халхавчилсан олон сэжигтнүүд сууж байгааг мартаж болохгүй. Сүүлийн хэдэн жил авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийг ард түмэн бултаараа мэднэ. Хэдийгээр шүүхээр эцэслэн тогтоогдоогүй ч сонгогчид “Энэ бол гэмт хэрэгтэн” гэдэгт өндөр итгэлтэй байгаа. Дээр нь тэдгээр нэр холбогдсон нөхдийн тухай баримтыг мэдээллийн хэрэгслээр удаа дараа дэлгэсэн, хариуцлага бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ч баримтууд дэлгэсэн. Ингэхээр итгэхгүй яах юм.
Мөн нэг шалтгаан нь МАН ялалтынхаа индэр дээрээс 10 дахь жилдээ нийгэм, эдийн засгийн маш өөдрөг үзүүлэлт танилцуулж байгаа ч айл өрхийн үүдээр орсон нь нэгээхэн ч үгүй. Үүнийг орон даяараа мэднэ. Эрчим хүч, дулааны цахилгаан станц, хүнд, хөнгөн үйлдвэр, зам харгуй, уул уурхай, эрүүл мэнд гээд маш олон салбарт төсөл хөтөлбөр хэнээс болоод царцсан гэдгийг ч түмэн мэднэ. Үүний зэрэгцээ гадаад дотоод олон гэрээг хуудуутай хийснийг эзэн холбогдогчтой нь Хууль зүй, дотоод хэргийн сайд зарласан. Тиймээс энэ бүхнээ хуу цэвэрлэж байж сонгуульд орохгүй бол МАН ялах нь бүү хэл ялагдлын ёроолд унана.
УИХ-ын сонгууль гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн сонгууль бараг үүдэнд ирчихсэн. Энэ бүхнийг намаасаа дэвшүүлсэн Ерөнхийлөгчтэйгөө нийлээд ч болтугай цэгцлэхгүй бол дараалсан олон сонгуульд өвдөглөнө гэсэн үг. Ард түмний нүдэн дээр гэмт хэрэгтнүүдээ хаацайлаад сонгуульд орно гэвэл цааш явах аргагүй болсон нам гэдгээ юуны өмнө ухаарах хэрэгтэй.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.