dobu.mndobu

Анхаар дотор чимээгүй !!!, энд Н.Алтаншагай сууж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-07

Анхаар дотор чимээгүй !!!, энд Н.Алтаншагай сууж байна

УИХ-ын 126 гишүүнээ А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхэлсэн билээ. Энд хүн гүтгэхгүй, харлуулахгүй бодит нөхцөл байдлыг хүргэнэ. Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, таван мандаттай тухайн тойрогтоо жагсаалтын 3-т буюу  48.527 хүний санал авч сонгогдсон УИХ-ын гишүүн Наранцэцэгийн Алтаншагайг онцолж байна.

Д.Сумъяабазар, Х.Нямбаатар хоёрын дунд тэлээ хурга шиг явсан нөхөр эрхэм хоёрыгоо сураггүй болохоос өмнө амжаад УИХ-д ороод ирчихсэн гэхээр азтай л хүн. Түүнээс 2024 оныг орхисон бол Н.Алтаншагай гэх гишүүн бүү хэл Засаг дарга ч байхгүй байж мэдэхээр улс төр өрнөж байна. Яг энэ цаг мөчид эрхэм хоёрын фракцaд данстай бүхнийг “хяргах” шахам байхад Н.Алтаншагайг юу гэж босго алхуулав гэж. Харахгүй юу, Д.Сумъяабазар сураг алдарсан. МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга гэх хэрэггүй шахам албан тушаалтай л амь тээж үлдсэн. Одоо Х.Нямбаатарыг “намнах” ажиллагаа нэгэнт эхэлчихэж.

Гэтэл Н.Алтаншагай гэх нөхөр таван мандаттай тойргоос 48,527 хүний санал аваад айргийн гурваар ороод ирчихсэн, одоо тойргоо услаад явж байхад юу алзах билээ. Бас чиг болоогүй, шинэхэн гишүүн гэхэд Агаар, орчны бохирдлын дэд хорооны дарга сэтэртэй гэж байгаа. Одоогоор бүрэн эрхийнхээ хугацааг хугсалж байгаа ч элдэв хэл аманд өртсөнгүй. Яаж ч хэл аманд өртөх билээ. Огт дуу чимээ гарахгүй юм чинь. Ер нь бол парламентын хэлгүй дүлий нөхдийн нэг л дээ. Ёстой л өнөөх “Анхаар дотор чимээгүй !!! энд Н.Алтаншагай сууж байна” гэсэн шиг байдаг хүн. Сүүлдээ манай энэ гишүүн чинь хэлтэй билүү гэж бодохоор сууна даа. Энэ хэрээр ямар нэг хууль дүрэм батлуулсангүй. УИХ-ын гишүүний ажлаа хийхгүй байна л гэсэн үг. Гагцхүү Сонгинохайрхан дүүргээ л аргадаад мөрөөрөө явж байдаг бололтой юм. Цөвүүн цагт энэ нь ч зүгээр юм уу.

Үнэн хэрэгтээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар гэх хоёр өрсөлдөгчийн дунд тал алдахгүй явж чадсан гэхээр айхтар буурьтай нөхөр. Үүнийг “Улс төрийн нууц амраг” гэх болсон юм билээ. Одоо тэр хэдэн ч нууц амрагтай болсон байж мэднэ.

Уг нь тэр яах аргагүй бөхийн өлгий нутаг Арын сайхан хангайд төрж өссөн хүүхэд учраас багадаа жүдо бөхөөр хичээллэж, аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, аймгаа төлөөлөөд улсын аваргад оролцож, нэрэмжит тэмцээний шагнал хүртэж байсан гэхээр ирээдүйд шаггүй сайн жүдочоо улс төрд алдчихсан юм биш үү гэмээр. Хэлбэр хийц талаасаа ч боломжийн шүү.

Олимп, дэлхийд гардаггүй юм гэхэд Ази хавиас хангалттай медаль зулгаачих хэмжээний тамирчин байхыг үгүйсгэхээргүй л харагддаг. Тэр аймгийнхаа Биеийн тамир, спортын хорооны дэргэдэх бөхийн сургуульд дөрвөн жил суралцсан төдийгүй “Шонхор” бөхийн дээд сургуульд суралцсан гэхээр тэр чигээрээ бөхийнхөө замналаар явсан бол Архангайн харьяат Аймгийн арслан, жүдо бөхийн Ази тивийн аварга, ОУХМ, өдгөө спортын зүтгэлтэн явж байх болов уу. Тиймдээ ч өдгөө Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээнд ойр явж ирсэн хүн. Сонгуулийн үеэр Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд тодорхой хандив өгч байгаа дуулдсан. Энэ дэвжээнээс сайн бөхчүүд ч төрдөг, саар улстөрчид бас төрдгийг санах хэрэгтэй. Нэгэн үед “Бөхбилэгт” дэвжээг “Алдарт” Т.Бадамжунай, “Фортуна” Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Болор, сайд асан Ж.Мөнхбат гээд бас л үймээн шуугианы эзэд тэргүүлж явсан. Бүгд л хууль шүүхийн өмнө бөхийсөн хүмүүс гэдгийг бүр ч санах хэрэгтэй. Ер нь л бүгдээрээ карьергүй болчихсон.  

Тэгэхээр ази, тив, дэлхий рүү явчих гээд байсан “сайн” бөхийг ямар нэг далдын хүч их улс төр рүү татчихаж. Тэр нь юу байж болох уу гээд хөөгөөд байхаар бас чиг их ухааны хүн бололтой юм. Спортын нас богино, гэмтэл бэртэл авахаар яахав. Нэг өдөр спортын нас дуусахад чухам юу хийхээ мэдэхээ больчихсон байна гэх зэргээр олон талд тунгааж байгаад сургуулиа ч сольж, намд ч элсчихэж байгаа хориодхон настай залууг их ухааны хүн гэж хэлэхээс яахав. Улс төрд орж ирээд дамжиж байгаа шат дамжлаг, дагаж байгаа хүмүүс гээд ажаад байхад нэлээд цөлх ухааны хүн бололтой юм. Анзаарч байхад түүнийг 2008 онд Нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтнаар улс төрийн босго алхаж байхад Д.Сумъяабазар дөнгөж НИТХ-д хөл тавьж, Х.Нямбаатар дөнгөж багшийн ширээний араас гарсан нөхөр хууль дүрэм яриад явж байв. Тэгэхээр л энэ хоёртойгоо ижил шахам гараанаас эхэлсэн. Мэдээж хэрэг нас шүд, хөрөнгө, зангараг гээд бичигдээгүй хуулийн дагуу энэ хоёроо дагахаас өөр арга байгаагүй болов уу.

Тэгээд ч ухаан гаргаж сүйхээтэй, хөрөнгөтэй хоёр хүн дагасан нь өнөөдрийн өндөрлөгт авчирсан. Дээр хэлсэнчлэн “Улс төрийн нууц амраг”-тай, тэднийгээ дунд нь муудалцуулсангүй өнөөдөрт авч ирсэн хүн. Түүнээс өөр хүн байсан бол нэгэн цаг үед МАН-ын босго алхачихаад би түрүүлж явах ёстой гэж дайрч байгаад өөрөө дайруулаад хоосон үлдэнэ. Гэтэл тэр цөлх ухаан гүйлгэж, хөрөнгө мөнгөтэй арга сүйхээтэй хоёр хүний эвийг олон дагаж явсаар тэр хоёр нь ч дээш явсан, өөрөө ч дээшээ явчихлаа. Архангайханд нэг тийм гэхийн аргагүй чанар бий. Өнгөн талдаа сайхан зочломтгой, хэзээ ч хүнд муугаа үзүүлдэггүй. Тэгсэн байж цаанаа давхар “мэх” бодчихсон явдаг тийм нэг чанар бий. Тэр л нутаг усны онцлогоо дагасан байх.

Харин боловсролын хувьд мань мэтийн өрөөсөн дугуй. Бөхийн “Шонхор” сургуулиас Улаанбаатар Эрдэм Их сургууль гэхээр ерээд онд байгуулагдсан нэг тиймхэн, байдаг л хувийн сургууль төгссөн. За өнөөх алдарт МАН-д данстай хэн ч бүртгүүлээд төгсөж болдог Удирдлагын академи ч яахав, тэндээс дипломоо авчихаж. Үүгээр зогсоогүй МУИС-д Улс төр судлалын магистр хамгаалчихсан гэхээр дотоодын стандартаа бол хангачихсан гэсэн үг. Ухаан, ур дүй, харилцаа байхад улс төрд том том боловсрол яриад ч яах юм.

Анх 2008 онд МАН-д хөл тавьж байсан бол 2011 оноос МАН-ын хорооны Зохион байгуулалтын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны Дэд дарга гээд очихдоо гарцаагүй Сонгиныг “онилж” очсон нь харагддаг. Төд удалгүй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч гээд удирдах албанд морилчихсон. Ингээд Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын дарга болоход Дэд дарга болж өссөн бол шуудхан л өндөр авч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар заларсан. Дүүргийн хэмжээнд чухам яаж ажилласныг мэдэхгүй. Ямартай ч таван мандатын голоор шургалах хэмжээнд очсоноо харуулсан юм даг.

Түүнд ил далд бизнес байдаггүй бололтой. Чухам яаж хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгө зардаг сонгуульд өрсөлдөөд ялсан юм бол хэмээн гайхах байх. Эрх биш нийслэлийн томоохон дүүрэг засаглаж байсан хүн цааш нааш “юм” хөдөлгөө байлгүй. Түүнээс бизнес байхгүй, хур хөрөнгөгүй хүн сонгуульд өрсөлдөх юм биш. Гэхдээ л 2017 онд Засаг даргын орлогч байхдаа 20 сая төгрөгийн жилийн орлоготой, гэр бүлийн орлого нь 9,6 сая төгрөг, 150 сая төгрөгийн нийтийн орон сууцтай, 17 сая төгрөгийн автомашинтай, 14 үхэртэй хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өчиж байсан бол 2023 онд өөрийн жилийн орлого 45,6 сая төгрөг, 348 сая төгрөгийн орон сууцтай болж, 30 сая төгрөгийн автомашинтай гэх зэргээр өссөн байна лээ. Их бага хөдөлмөр хийж байгаа хүний хөрөнгө зоорь өсөлгүй яахав. Түүнийг Хотын дарга асан Т.Билэгтийн туслахаар ажиллаж байсан гэдгийг тэр бүрий хүмүүс мэдэхгүй байх. “Хотын мафи”-ийн сүүлчийн дүр Т.Билэгтийн туслах байсан нөхөр бас бус зүйл сурч үлдсэн байж таарна.

Тиймдээ ч Хавдрын шинээр барих эмнэлгийн газар олгох болон бусад асуудалд нэр холбогддог. Яагаав, нэг удаа хэл ороогүй юу, Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, тус хоригийг хэлэлцэх үеэр тэр Хавдрын шинэ эмнэлэг барих байршил, түүний ногоон байгууламж, төсвийн талаар сүрхий дуугарч байгаад аваад үлдээгүй юу. Үүнээс харвал өнөөх хэлгүй нөхөр чинь өөрийн ч гэх юм уу, бусдын чинь гэх юм уу эрх ашгийнхаа төлөө хэлд орж чадаж байна гэсэн үг. Цаашид ч томоохон эрх ашиг хөндөгдөөд байвал улам л хэлд орно.  

Тэр бизнес үгүй ч “Амь нэгтэй Архангай”, “Хангайн залуус хөгжил клуб”, Архангай аймгийн Жаргалант сумын Нутгийн зөвлөл, “Бөхбилэгт” дэвжээ гээд ТББ-уудыг бол гаргаахгүй, бүгдэд нь данстай явдаг юм билээ. Ийм л нэгэн бодьгал хэлгүй, дүлий мэт парламентад сууна. Сонгиночууд гишүүнээ хэзээ нэг хэлтэй болгож, сонорыг нь сэргээхийг хэлж мэдэх юм алга. Юутай ч “Анхаар дотор чимээгүй !!!, энд УИХ-ын Н.Алтаншагай сууж байгаа шүү”, хүмүүс ээ.  

С.Ууганбаяр

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.