dobu.mndobu

Нурлыбек САМАТУЛЫ Хамхуул (өгүүллэг)

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-09

Нурлыбек САМАТУЛЫ Хамхуул (өгүүллэг)

Нурлыбек САМАТУЛЫ Казахстаны Кызылорда мужид төрсөн. Кызылордагийн Багшийн дээд сургуулийн Казах хэл, уран зохиолын факультетийг төгссөн. Тэрбээр дээд сургуульд багш, Мужийн телевиз, радио нэвтрүүлгийн компанид, улсын "Ана тили" сонинд, "Хабар" телевизийн сувагт, "Жулдыз" сэтгүүлд ажиллаж байсан. Одоо утга зохиол, урлагийн "Тан-Шолпан" сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байна. Казахстаны Зохиолчдын эвлэлийн гишүүн. Утга зохиолын уралдаануудын болон Кемел Токаевын нэрэмжит адал явдалт уран зохиолын уралдааны тэргүүн шагналт. Үргэлжилсэн үгийн хэд хэдэн ном хэвлүүлсэн.

Нурлыбек САМАТУЛЫ  Хамхуул (Өгүүллэг)

Нүдэнд харагдах ямар ч  товгоргүй, агь, бударгана, хааяа нэг сарвалж, нохойн шээрэн холилдож ургасан хязгааргүй өргөн уудам тэгш тал. Өвс ургамал зунжин жаргалаа эдэлж, намар гэхэд шарлаж, хатаж дуусчээ. Эзгүй хээр тал нэг л гунигтай.  Энэ газраар ойрын үед ямар ч амьд амьтан яваагүй юм шиг нам гүм. Үүний  цорын ганц гэрч нь тэртээх өндөрлөгөөс уудам талыг тоймлон харж, хөх тэнгэрийг ганцаараа эзэгнэж яваа үзэсгэлэнт Нар бөлгөө.

Оройнхондоо  огцом доошилсон нар тэнгэрийн хаяаг час улаан өнгөөр ​​бүрхэв. Аажмаар хөх торгон нөмрөг нь  хойш хумигдаж, гэрэл нь бүдгэрч эхлэв.

Буйд талын нэг бөөрөнд наалдан эрвийж ганцаараа ургасан Хамхуул заримдаа ягаан, заримдаа шаргал өнгөөр, заримдаа ногоон өнгөөр будагдан тоо тоймгүй янзаар өөрчлөгдөгч Нарны нүд рүү сүүлчийн удаа ширтэнэ.

Намрын харамч салхи түүний  дөнгөж хатаж эхэлсэн сул мөчрүүдийг шаржигнуулан хөдөлгөнө. Хөдөлгөөн бүрд агшигч жижигхэн, булцгар навчнууд чичирч, биенээс нь бүгд арчигдан унахад бэлэн. Хөөргөн салхины хүчээр дүнгэнэн янз бүрээр  чимээлж, эгэл бус аялгуу гаргахаас өөрцгүй мэт. Цуурын аялгуу шиг уяран уйлах чимээг газар шүргэн яаран ирсэн сагсуу салхи эзгүй хээр талд аваачиж, тэр даруйдаа үгүй хийсээр.

Хамхуул гол нь хатаж эхэлсэн бололтой гаднах бүрхүүл нь агшиж, зай гарч урагджээ. Үе мөчийг нь янгинуулж, хамаг биеийг  шархируулж, сэтгэлийг нь зовоогч нэг өвчин байгаа нь илэрхий. Урьд талын хонгор салхинд цээжээ дэлгэн, эрхлэн найгадаг байсан навчсын эрин үе өнгөрчээ. Гэнэт тэр эрин үеийг өнгөрөөсөн мянга мянган навч нь хачин авир гаргаж, хүнгэнэж эхлэв. Тамир тэнхээ нь муудаж, ядарч зүдэрсэн бие нь улам доройтов. Юу ч ойлгосонгүй. Амьдралдаа анх удаа сарнин бутарч, ядарч зүдэрч, ягдаж буй нь энэ ажээ. Маргааш... үгүй ​​ээ, маргааш биш, яг одоо, хэдхэн хормын дараа бүр тавгүйдэж, өнгөлзөн балбаж буй хуй салхи ямар гай гамшиг тарихыг таах боломжгүй.  Тэр үүрд ийм эрвийсэн хэвээр байхгүй, нэг л өдөр агуу өөрчлөлт дэлхийг доргиох болно гэдгийг аль хэдийнэ ойлгосон бололтой.

Нов ногоон өнгөөр хучигдан газрын хөрснөөс халиуран гарч ирсэн тэр цагаас л улам өндөр ургахыг тэсэн ядан хүлээж байв.  Дэмий л ургах гэж байгаагаа удахгүй ойлгов. Урт, нарийхан, турхан мөчрүүд нь гэдийж өндөр ургахын оронд мурийж, дотогшоо бөхийж, сүлжилдэж, орооцолдож, мушгирч эхэлсэн тэр мөчөөс л илүү өндөрт хүрэх итгэл нь талаар өнгөрсөн. Тэр өндөрт тэмүүлэх шаардлагагүй, хэрэв  тийнхүү тэмүүлбэл аюулд учирна гэдгийг уйгаүй сануулж,  чихэнд үргэлж хонх уяж  байдаг ид шидтэй  хүчний үнэнд чин сэтгэлээсээ итгэдэг болжээ. Тийм мэдээ түүнд салхиар дамжин  хүрч ирсэн үү? Эсвэл энэ нь үндэснээс ирсэн дохио байв уу? Үнэхээр мэдэхгүй байна. Хаанаас? Яаж? Яг одоо түүнийг ялгаж салгах тамир тэнхээ байгаа бил үү?  Зөвхөн ганц үнэнээс хазайж чадахгүй гэдгээ л мэдэж байв.

Тэр гол нь хатаж, улам гандаж байгаагаа ойлгов. Биенд нэг ч дусал чийг үлдээгүй, хатаж дууссан нь үүний шинжийг илтгэнэ. Навчнууд тал тал тийшээ тарж, эмх замбараагүй харагдаж байгаа нь лав сайн юм биш. Дөнгөж сая өнгө өнгийн гэрэлд умбаж, ер бусын сайхан харагдаж байсан ертөнц гэнэт бүдгэрч, эргэн тойрон үнэхээр харанхуйд автаж байгаа гэж үү. Үндэснээс шим тэжээл авах гэсэн оролдлого нь ч талаар болов. Үндэстэй холбогдсон том үеийн чийг нь  хатан тамиргүйдэж, шарласан хэвэл нь өвчинд нэрвэгдсэн мэт  баргар болжээ.

Омголон салхинд адлагдсан жижиг навчнуудын шаржигнах нь айдас хүргэмээр. Иш нь нүцгэрсэн байхад амьдрал утга учиргүй ​​болох нь ойлгомжтой. Өөр юу байх вэ? Өнгө зүсээ алдаж, нүцгэрч сүеэ болон хувирах нь гарцаагүй.

Одоо хээр талд шовойн ганцаараа өссөн Хамхуулын эгзэгтэй амьдрал нь  өөр ертөнцөд ороход яадаг бол? Харъя. Өвсөн гаралтнууд ч бие биенээ өрөвдөх мэдрэмжгүй гэлтэй. Ямар ч зовлонг даван туулах тавилан зөвхөн өөрт нь заяагдсан гэдгийг мэдэрснийх бололтой, гол нь хөлдөж эхлэв. Өмнө нь тулж ирсэн ганцаардлаас хэн ч зугтаж чадахгүй гэдэг нь үнэн.

Цаашид яахыг мэдэхгүй байгаа нь горьгүй. Ямар ч байсан  дахин ургах найдваргүйгээ тэр ойлгов. Үгүй ээ, үгүй, түүний зүрх сэтгэл нь цөхрөлд автагдсан нь түүнээс биш, өөр юм байсан. Мөчрүүдэд нь нимгэн хальс тогтож, бүх биеийг нь агшуулж, боож буй өвчин нь хэзээ намдах нь тодорхойгүй. Хамаг хүч нь шавхагдаж, гол нь тамиргүйджээ. Үе мөч нь янгинаж,  ёолж, өвдөж, амар заяа үзүүлэхгүй. Тун удахгүй хугарч унах юм шиг санагдана.  Доороос ирэх шим тэжээлээс ч, дээрээс ирэх нарны гэрлээс ч юм алга.

Хорвоо дэлхий гэрэл гэгээгээ цацаж, амьдрал эхлэх үед  бий болсон навчис гэнэт нир нир хийн тасарч, тал тал тийшээ тархан хийсэж одов. Дэврүүн салхи тэднийг ухаан жолоогүй хөөн тууж, тэр даруй алга хийв. Яг тэр мөчид тэдний орь дуу чимээ нь ч таг болов. Тэр дор нь анх соёолж ургасан навчны доор үүссэн цэцгийн зангилаанаас зөндөө  үр   асгаран унав. Нурууных  нь өвдөлт ёололт нь асгарагч тоо томшгүй үрийн хамт шулагдан унасан мэт гэнэт намжиж, тамир тэнхээгүй болсон бие нь хөнгөрч эхлэв. Тэр агуу өөрчлөлт гэж хүлээж байсан нь нүд ирмэх зуур болж өнгөрсөнд бага зэрэг гайхаж, бас бага зэрэг тээнэгэлзэж байв. Сэтгэлийн шаналгаа нь тайлагдаж, амьсгал нь хөнгөрч, тайвшрах шиг болов..

Зунжин навчаар хучигдаж, нарны туяаг халхлан сүүдэрлэж, өлгийтэй юм шиг тасралтгүй бүүвэйлж өсгөсөн сая сая үр нь гэнэт унасанд сэтгэл нь  тайвширсан бололтой. Дээр үед өөрөө ч үр байхдаа мөчрөөсөө яг ингэж  салж, гэнэт доошоо унаж эхэлснээ санаж байв. Бүгд санаанд тод үлджээ. Зөвхөн өөрөө ч биш, түүний эргэн тойронд шавааралдан бөөгнөсөн бүх үр  тэр даруй газарт унаж, мөчир бүхэн ёолж, найган дуу алдсан билээ. Тэр үед ч яг өнөөдрийнх шиг ийм хав харанхуй шөнө байсан. Хорон салхи сүнгэнэж байлаа. Мөчрөөс уралдан асгарсан жижигхэн амьдралын нэг нь болж  газарт унаж байсан мөчийг  мартаж болно гэж үү? Чухам тэр үед  газар ямар тухтай, ямар зөөлөн болохыг мэдэрсэн юм. Тэр зөөлөн орчинд хэр удаан хэвтсэнээ мэдэхгүй ч нэг мэдэхэд  эргэн тойрон нь гэрэл гэгээтэй байлаа. Нүд сохлох мэт хурц нартай. Зургаан хөлтэй, тас хар аймшигтай амьтад түүнийг тойрон эргэлдэнэ. Шоргоолж. Шавааралдан бужигнана. Өлсгөлөнгөөс дөнгөж ирсэн мэт бүлтийсэн нүд нь гялалзаж, нүүр царай нь нэг л зэвүүн, аймшигтай.  Зургаан хөл нь алдаагүй хөдөлсөн түргэн алхаатай  амьтад тал тал тийш тархсан үрийг зуугаад зайдуу зүг руу яаран авч одно. Яаруу гэдэг нь жигтэйхэн. Гэнэт түүний яг хажууд нь сүүлээ тасралтгүй хөдөлгөсөн  нэгэн бор шувуу буув. Эргэн тойрноо байн байн харснаа хошуугаа дүрээд үрийг тоншиж эхлэв. Яагаад тоншиж байна, тоншсоны дараа юу болох вэ? Юу ч ойлгосонгүй. Өөрийгөө ч тоншиж магад гэж хүлээж хэвтэв. Тэр ер анзаараагүй байх, түүний хажуугаар нимгэн арьс нь  үрчийж нүцгэрсэн хөлөөрөө үсрэн өнгөрч, пир хийн нисэн одоход далавчнаас нь үлээсэн хүчтэй салхи түүнийг газарт булж орхив. Үүний дараа юу болсныг санахад хэцүү. Тэр хэр удаан хэвтсэн эсэхээ мэдэхгүй ч сэрээд нүдээ нээхэд хорвоо дэлхий дулаахан, гэгээлэг байлаа. Түүний цээжинд нэг л таатай  баярын  гал дүрэлзэж эхлэв.

Энэ бүхний тухай голд нь нэг ч дусал чийг үлдээгүй, хатаж  туйлдсан ийм үедээ бодоход, цээж нь тоо томшгүй мөрөөдөлд автагдаж эхлэнэ. Үе үе санаанд орж ирсэн дурсамжууд түүнд хуй салхийг мартуулж, түр зуур  амсхийж, чив чимээгүй болов.

Одоо ширүүн салхи хийсгэж, үхсэн навчнуудын доор ургасан дотор талын навчнуудад ч зовлон учирч, чичирч эхлэв. Тэд өмнөх навчнуудын адил хүйтэн салхийг даган унаж, шарласан навчнуудын дуу чимээ сонсогдож, эцэст нь нүх жалгыг бараадан дүнгэнэх чимээ болон хувирав.

Энэ удаад тэр айдсаа ч мартах шигээ. Ийм байх ёстой юм шиг санагдав. Салхинд урагдсан навчнууд мөчрөөсөө салж, зүг чигээ олохыг тэр тэвчээртэйгээр хүлээж байлаа. Орогнох газаргүй үлдсэн мянга мянган боловсорсон үрээс салах нь ч түүний үүрэг гэдгийг ч мэдсэн. Тэднээс салах нь Бурхан тэнгэрийн түүнд даалгасан агуу үүрэг гэдгийг   ч мэдэрч байв. Түүнийг л биелүүлчихвэл үе мөч нь янгинаж, бүх биеийг нь идэж, хавиргыг нь урж байгаа өвчин нь нам дарагдах юм шиг санагдав.

…Бүхэл зуныг ганцаараа өнгөрүүлсэн санаа зовох зүйлгүй, амар тайван амьдрал нь одоо  бүрмөсөн алга болжээ. Яг энэ мөчид өөрөө ч бас мөчрөөс унаж газарт унасан үр, байдаг л нэг хөгширч нүцгэрсэн бутны үргэлжлэл нь  байсандаа гэдгээ гэнэт санав. Бүхэл биеийг нь хачиг шиг боож зовоосон эдгээр мянга мянган, сая сая үр ч  ирэх хавар өөрөө болж ургах нь гайхалтай. Тэд бас бүр эхнээс нь улам өндөр ургахыг хүсдэг болов уу? Сонирхолтой! Үр бол бутны үргэлжлэл гэдэг нь энэ бөлгөө. Эсвэл бут нь үрийн үргэлжлэл үү? Мөнхийн нууц. Эцсийн эцэст амьдрал тасралтгүй үргэлжлэх нь сэтгэлд таатай.

Мөчир бүхэн нь  янз бүрийн цэцэгсээр дүүрч, дэлгэрч ургах нь зуны богинохон амьдралын хамгийн аз жаргалтай нь билээ.. Жижиг цэцгүүд дэлбээлж, үржихийн өмнө ер бусын өнгө орж гялалзах нь гайхалтай биш гэж үү?   Бүрэн боловсорсон, хөөрхөн эм үрс жижигхэн амаа дуртайяа  ангайж, тэднийг тойрон хүрээлж буй эр үрс түүнд нь  үрээ шуналтайгаар цутгаж байгаа   нь дур хүслийн оргил үе юм. Эр нэртэй бүхний ​​амьдрал нь ингэж төгсдөг  нь өрөвдмөөр. Харин давхар биетэй цэцгүүд дэлбээгээ хаяж, бэлхүүс нь бүдүүрч эхэлсэн цагаас өнгөрсөн  үеийн баяр баясгалангаар дүүрэн тэр мөч нь юугаар ч зүйрлэшгүй гайхамшиг  болж үлддэг. Товчийн чинээ цэцгийн хэвлийд өчүүхэн амьдрал үүсч байхад үүргээ гэмгүй биелүүлсэн эр үрс цөмөөрөө үхэн үрэгдэж, хөл доорхи нойтон түлээ шиг хэвтэж байдаг. Хэрэв хаа сайгүй тархах гэж буй үр нь  үгүй бол энэ бүхэн заримдаа бодит бус төсөөлөл төдий санагдах байсан.

Үрс нь дэлхийгээр нэг тарж байгааг мэдрэхэд түүний зүрх сэтгэлд үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгалан мэдрэгдэж, өөрөө ч энэ замд ямар ч зовлон бэрхшээлд, тэр ч байтугай амь насаа золиослоход бэлнээ ойлгов.

Тэр хоромхон зуур: “Салхи улам хүчтэй салхилдаг байсан бол. Догшин салхи уранхай ноорхой болгон хаядагсан бол. Газраас суга татаасай! Ухаан жолоогүй хээр тал руу авч явдаг байсан бол!" гэж хүсэв.

 Хэрэв ийм өдөр ирсэн бол тэр бал шиг амттай таашаалаас төрсөн үр нь мөчирт наалдан үлдэхгүй,  Бурхан тэнгэр хүссэн хөрсөндөө хурдан хүргэх байсан!

"Салхи! Салхи, өө салхи! Чи хаана байна аа, салхи! Галзуу салхи! Салхил, намайг сэгсэрч салхил!" гэж тэр дотроо гуйв. Бүх юм хүссэнээрээ болж, эргэлдэн ирж хажуу талаас нь хүчтэй дайрсан нөөлөг салхи хуурай мөчрүүдийг тас няс хугалж орхив. "Илүү хүчтэй! Илүү хүчтэй дайраач! Хүчтэй цохь! Бүү өрөвд! Чи галзуу ш дээ! Би чиний галзуу занд хайртай шүү!".

Хатсан навчнуудын дахин нэг хэсэг нь тал тал тийш нисэн одож, мянга мянган боловсорсон үр газарт асгаран унав. Яг энэ мөчид үндэстэй холбогдсон  мөчрийн том үе нь хугарч, солбицон уялдасан зааг нь задрав. Зунжингаа үндэстэй зууралдан хөдөлж чадахгүй байсан тэр хөгнөнөөсөө нь суллагдсан ишиг мэт үсрэн гарч,  нүд алдам өргөн уудам тал руу нисэн одов. Хуй салхины сүйд майд хийн жанчисныг ч, царай зүсээ алдаж, урагдан бутарснаа ч үл тоон, чимээгүйхэн бууж өгөв.

          Зүг чиггүй өнхөрч байсан Хамхуулыг салхи догшрон хөөж,  тэнгэрт  нисгэж, газарт унагааж, тамирдан унах хүртэл тоглоом болгож, зугаагаа гаргав. Тэглээ гээд бах нь ханах шинжгүй.  Газарт цохигдох тусам  үр нь асгарсаар л. Асгарах тусам хөхрөн инээсээр байлаа. Тэр инээдээ барж чадахгүй байв.

“Цохь! Цохиод өг! Балба! Бүү өрөвд! Галзуу салхи! Гал-зуу сал-хи! Чи гал-зуу шүү!". Ядарч туйлдсан бие нь хөнгөрч, баясан зугтав. Бурхан минь, өвс ногоо ургаж, ногоорсон газар үндсээсээ салж чадахгүй зууралдан гацахаас намайг авар! Эс тэгвэл хамаг биенд чинь шоргоолжнууд шавна, шоргоолжнууд шавахаар чамд хоосон сүеэгээс өөр юу ч үлдэхгүй. Амьдралыг чинь үргэлжлүүлэх үр чинь ховдог шавьжны аманд  үлдэх болно. Ховдог шавьжны хоол болсноос  газар газар руу тараад явсан дээрээ! Хар даа, энд хачиг шиг боосон үрийн дахин нэг хэсэг нь асгарч унав.  Бурхан тэнгэрийн хайр хишиг гэж энэ шүү дээ!

"Ах-а-ха! Гайхалтай!"

Гэхдээ үр болгон жигд асгарч дуусаагүй байна. Мөчрүүдийн хөндий, нүхэнд хавчуулагдан бөөгнөрсөн хэвээр байна. Маш их байна. Мөчрөөсөө салж хөрсөө олох талаар бодоо болов уу? Бүр зүтгэж, наалджээ. Бурхан тэнгэрийн зарлиггүйгээр унах ямар ч шалтгаан үгүй. Тэднийг алс хол бөглүү газар аваачих нь мөрөөдөл юм. Хэрэв салхи эрч хүчээ алдаж, нам гүм болчихоогүй бол тэнд хүргэх нь гарцаагүй.

Тэр хамаг хурдаараа хийсэж явахдаа хэдэн мөчир нь хугарсныг, хугарсан мөчир нь хоцорч, сунжирч үлдсэнийг анзаарч амжив. Одоо тэдэнд түүн шиг  бор бургасан дээрээс үсэрч, өнхөрч хийсэх боломж яаж байх вэ? Энэ л муухай юм. Үр нь газарт унахгүй, мөчирт нь үлддэг нь үнэхээр харамсалтай. Үрийн жаргал хөрсөнд байдаг. Харин өөрөө газар дэлхийн  дөрвөн зүг, найман зовхисыг хэрэн хэсүүчилж, ойр хол гэхгүй үрээ цацна. Ганц найдвар нь салхи. Түүний хувьд салхигүй өдөр бол там гэсэн үг. Амьгүй биед амь бэлэглэж чадах цорын ганц ид шид бол салхи.Тийм салхины ачаар л тэр  тэвдэн тэмцэж, яаран сандарч явна.  Өөрийгөө золиослон  байж үрээ  цацах хувь тавилантай болохоор өөр аргагүй биз дээ.

...Тэр ямар нэгэн юманд тээглэж зогсов. Тээглэсэн юм нь өргөст бут байжээ. Өргөст бутны ёроолд нь үрээ асгаж амжжээ. "Ээ халаг, сүүдэрт ургаж чадвал дээр байхсан, бид Нарны гэрэлд дуртай шүү" гэж бяр тэнхээгүй  болсон тэр харамсан үглэв.

Орооцолдсон нэг мөчир нь  өргөст бутны  их биетэй зууралдаж,  салхи хэчээн балбаж хөөсөн ч  салгаж чадаагүй.

“Тавиач ээ, өргөст бут!” гэж дотроо хичээнгүйлэн гуйв. Өвс  ургамлууд ярьж чадахгүй нь ямар харамсалтай вэ. Бурхан тэнгэр хэлтэй болгочихгүй яав даа? Өө, гэхдээ хэлтэй байсан ч өргөст бутыг  аргалах боломжгүй, өргөсөө босгож, нам гүм байдлаа алдахгүй хэвтсээр байх болно. Эс тэгвээс хаашаа нисэхийг салхи мэддэг түүний агуу их мөрөөдөлд нь  гай болохгүй байса-ан!

Өргөст бут  тоох шинжгүй, гөлөрсөн хэвээр.

“Салхи! Салхи аа, салхи! Догширч салхил!"

Сагсуу салхи дүрсгүйтэж улам хүчтэй балбасан ч гүн үндэстэй өтгөн өргөст бут ёзоор руу нь ойртуулах шинжгүй. Янз бүрээр дуугарч, дүлэн ухасхийсэн дүрсгүй салхины эрчийг  дор нь зогсоож байв. Догшин салхи хамаг уураа гарган эргүүлэн цохиход хэсэг өргөст бут ганхаж байгаад хуучин хэвэндээ оров. Зууралдсан мөчрийн үе нь хугарч, арай гээд мултарсан Хамхуул буйд тал руу ухаан жолоогүй нисэн одов.  Өргөст бутад орооцолдсон уур хилэнг нь исгэрээ салхи л  тайлж, даруй тайтгаруулав. Одоо жаахан шилэрч явбал  үр болгоноос үүрд салж, өөрөө ч юу ч үгүй үлдэх бололтой.

Гэнэт урдаас нь хүчтэй  халуун урь үлээж эхлэв. Түүний өмнө гал  дүрэлзэн асаж байв. Ув улаан гал тэнгэр өөд дүрэлзэн асаж, илч нь тэртээ холоос нүүр руу төнөнө. Зүг чигггүй, хараа хяналтгүй хэсүүчилж яваа Хамхуулыг догшин салхи үлдэн хөөсөөр дүрэлзэж буй галын улаан хоолой руу шидчихэв.

Дүрсхийж агшин зуур шатаж унтарсан Хамхуулын  үнс нь ч үлдсэнгүй.

 

3.01.2020 он.

Орчуулсан З.Маулет

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.