0

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөс Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран зохион байгуулж буй “Investment and Trade Agency Week” долоо хоногийн арга хэмжээний хоёр дахь өдөр “Эдийн засаг, санхүүгийн салбарын онцлох өдөр” сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө.
Арга хэмжээг нээж, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хэлсэн үгэндээ хөрөнгө оруулагчид аль улсын макро эдийн засгийн үзүүлэлт тогтвортой, хөрөнгө оруулалтад таатай, шударга орчин бүрдсэн эсэхийг харгалзан шийдвэр гаргадаг болохыг онцлон тэмдэглэв. Тиймээс Монгол Улс эдийн засгийн бодлого болон шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын Төсвийн хүрээний төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Мягмардорж “Макро эдийн засгийн төлөв ба стратегийн бодлогын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлогын чиглэлийн талаар мэдээлэл хүргэв. Тэрбээр урьдчилсан тооцооллоор эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар голлон нөлөөлж байгааг дурдаж, экспортын үзүүлэлт жилийн туршид тодорхой хэлбэлзэлтэй байсныг танилцууллаа. Ялангуяа оны дунд үед нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор экспортын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан ч оны төгсгөлд биет хэмжээ сайжирч, нүүрсний экспорт 90 сая тоннд хүрснийг онцлов.
Түүнчлэн “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд ирэх долоо хоногийн даваа гарагт эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх эдийн засгийн чиглэлтэй хууль, эрх зүйн чухал асуудлуудын талаар танилцуулга хийлээ. Үүнд татварын багц хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг дурдсан юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэж, эдийн засгийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн чиглэлийг тодорхойлох, хөрөнгө оруулагчдад ил тод мэдээлэл өгөхөд чиглэсэн юм.
“Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мэдээллийн технологийн салбарт чиглэсэн “Хөрөнгө оруулалтын ганцаарчилсан зөвлөгөө” арга хэмжээгээр үргэлжилнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.