dobu.mndobu

"Хүүхэд хамгааллыг сайжруулахгүй бол үе тэнгийн дээрэлхэлт улам даамжирна"

"Хүүхэд хамгааллыг сайжруулахгүй бол үе тэнгийн дээрэлхэлт улам даамжирна"

Өнөөдөр /2026.03.12/ Хүний эрхийн үндэсний комиссоос цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод заналхийлж буй асуудлын талаар мэдээлэл хийжээ.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хэлэхдээ, "Үе тэнгийн дээрэлхэлтийг ямар ч тохиолдолд зөвшөөрч болохгүй. Монгол Улсад үе тэнгийн дээрэлхлийг шалгах, хариу арга хэмжээ авах механизмууд хэрэгжиж байгаа ч боловсролын салбарт хүүхэд хамгааллын тогтолцоо дутагдаж байна. Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын үнэлгээ гаргах чиг үүрэгтэй бүтэц сургууль бүрт байдаг ч үр дүнтэй ажилладаггүй.

2021 онд Хүүхэд хамгааллын хамтарсан баг хүүхэд хамгааллын цэг хангалтгүй ажиллаж байгааг танилцуулж, сайжруулах зөвлөмж өгч байсан.

Үе тэнгийн дээрэлхэлд хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллах ёстой бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.

Эдгээр хүүхдүүд хариуцлага хүлээхгүй мултарна гэсэн шүүмжлэл цахим орчинд их тархаж байна. Гэхдээ 14 нас хүрсэн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Гэвч хүүхдэд өөрийгөө засах, эргэн нийгэмших боломж олгох нь чухал.

Хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд санхүүжилт, боловсон хүчнийг бэлтгэх, хариу арга хэмжээг үр дүнтэй болгох шаардлагатай. Ингэснээр хүүхдэд “үнэхээр хамгаалдаг юм байна” гэсэн итгэл төрж, тулгамдаж буй асуудлаа мэдээлэх боломж нэмэгдэнэ.

Хүүхэд хамгааллын хуульд бүх зүйл нарийн заагдсан бөгөөд хүүхэд гомдол мэдээлэл гаргавал бага дээр нь арга хэмжээ авах, үргэлжилсэн хугацаанд ажиллах, анги хамт олон, гэр бүлтэй нь хамтран ажиллах ёстой.

Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээдэг бөгөөд хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсийн зан үйл, харилцаанаас суралцдаг тул зөв үлгэрлэл үзүүлэх нь чухал.

Газар авч буй үе тэнгийн дээрэлхэл, доромжлолыг бууруулахын тулд бага дээр нь хариу арга хэмжээ авч, шударгаар шийдэх, үр дүн гаргах шаардлагатай байна" гэлээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.