dobu.mndobu

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын улстөрийн “COME BACK”-ийн цаана...

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-19

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын улстөрийн “COME BACK”-ийн цаана...

Хаврын улс төр санаж байгаагаас том өрнөх бололтой. Засаг унагаах, гишүүд эргүүлэн татах гэх мэт аар саархан зүйлээр төсөөлж суутал саяхан Төр хойморлож суусан МАН-ын дүү нар ах нараасаа өшөө авахаар тактик боловсруулж эхэлжээ. Аргагүй л дээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар төрийн хоймроос ямар шившигтэйгээр хөөгдсөн билээ. Ах нарын “Үгэнд орсонгүй” хэмээн хөөгөөд явуулчихсан энэ хоёр бацаан чинь өчигдөрхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сууж байсныг мартаж болохгүй. Тэд бол сэлмээ хуйнаас нь сугалж, тэсрэх бөмбөг атгачихаад дайтахаар өс өвөрлөсөн аснууд гэдгийг санах хэрэгтэй.  

Тэдний төлөвлөгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан “УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль”-иар хөллөх бололтой. Уг хууль нь парламентын ардчилалд халдаж, ард түмний сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн шүүмжлэлд өртөх болсон. Үндсэн хуульд ч харшлах магадлалтайг УИХ-ын гишүүд болон хуульчид тайлбарлаж байна лээ. УИХ дахь “Үндэсний эвсэл”, АН-ын гишүүд хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байгаа. МАН-д ч хуулийн эсрэг зогсож байгаа цөөнгүй гишүүд бий. 

Тиймээс Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын гишүүдийн эрхэнд халдаж, парламентын ардчиллыг үгүйсгэж байгаа гэх уг хуулиар далимдуулан, АН-ын 42, МАН-аас өөрсдийн талд хатуу байр суурьтай байсаар байгаа 22, Үндэсний эвслийн дөрөв, ИЗНН-ын хоёр гээд 66 гишүүнийг өөрсдийнхөө талд баттай зогсоочихсон гэдгийг эх сурвалж хэллээ. Гэхдээ одоо 20 шахам гишүүдийг эгнээндээ зогсоож байж 3/2 саналаар хуулийг унагаана. Бас л чанга. Жинхэнэ эрэмбэ дараалал, зангаргаа харуулж цаана нь гарна. Хэрвээ ах нарынхаа өөдөөс өрвөлзөөд ялахгүй бол дахин босохгүй даруулахаа мэдэх биз. 

Уг төлөвлөгөө гараанаас амжилттай гарвал цаашлаад “Ерөнхийлөгч Үндсэн хуульд халдсан” гэх асуудал босгоно. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг хөндөх эсэх тухай ярихыг үгүйсгэхгүй. Засгийн газар бол салхинд нь унана. Уг нь Г.Занданшатарыг засаг авах гэж “ноцолдож” байхад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд МАН-аас 29 гишүүн байв. Хэрэв 29 гишүүний үзэл бодол хэвээрээ хадгалагдаж байгаа бол 73 гишүүн тэдний талд байна гэсэн үг. Мэдээж хэрэг 29 гишүүнээс эрх ашгаа хөөн урвах хүмүүс бий. 

Залуусын төлөвлөгөөнд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хөндөх асуудал ч байх бололтой. Хэрэв энэхүү асуудлыг босгож ирвэл Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгчөө огцруулах гэсэн анхны оролдлого болно.    

Энд зөвхөн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын тухай биш ихэд өргөн агуулга гарч ирнэ. Тэдний талд үерхэлдээ үнэнч зогссон учраас Г.Занданшатарын засгаас хөөгдсөн С.Амарсайхан орж ирнэ. Түүний хувьд тун ч ичгүүртэй хөөгдсөн учраас өс зангидаж яваа нь ойлгомжтой. Тэгэхээр ах нарынхаа өөдөөс боссон залууст Н.Учралыг УИХ-ын даргаас буулган, С.Амарсайханыг Спикерээр тавих төлөвлөгөө бий. Яахав Н.Учралыг МАН-ын даргын хувиар тоглоомын Ерөнхий сайдаар тавьж, өөрсдийн дураар засаг бүрдүүлэх байх. Нэгэнт төлөвлөгөө ёсоор явахаар Төр засаглалын хуваарийг хэрхэн яаж хийх нь цаг хугацааны асуудал болж таарна. 

Гэтэл “Херо” Б.Баатарыг яах юм. Үе үеийн өндөр дээдсийн пиар технологийг угсарч, тэдний цаад наад санаа бодлыг ухаж явсан этгээдийг яах ч аргагүй. Монгол Улсын УИХ-ын эгэл жирийн гишүүнээс эхлээд Төрийн өндөрлөгүүд хүртэл пиарыг нь хийж явсан нөхөрт юу байна, баримт бий. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсэг. Том зочид бараа бологч, найз нөхдөө дагуулж ирээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө амин яриа өрнүүлдэг. Пиарчид нэвтрүүлэг эхлээгүй байна гэх боловч REC товч дарчихсан, яриаг нь бичиж суудаг нь энгийн үзэгдэл. Б.Баатарт ийн үлдээсэн архив тэвэр тэврээрээ байгаа гэхээр яах аргагүй тэсрэх бөмбөг. Тэр тусмаа гал усан дунд эрт орчихсон Б.Баатар. Нөгөө талаас Д.Амарбаясгалантай хамт МАН-аас туугдсан А.Амудараг ч мартаж болохгүй. Түүнийг пиарчны хувьд МАН, АН-гүй урьж, тэдний булхай луйврыг гэрэлтүүлэхээс эхлээд олон зүйлд гар шургуулж явсан гэхээр бас л нэг тэсрэх бөмбөг. Тэдний багт юу байна гэхээр ах нарыг дэлбэлэх тэсрэх бөмбөг хангалттай байна. 

Үүний зэрэгцээ суудал нь ганхаад байгаа Хотын дарга Х.Нямбаатар гэж юутай ч зүйрлэшгүй их хүч атган сууна. Л.Оюун-Эрдэнийн найдвартай ар тал нийслэлийн МАН-ын хороог нэр хүндтэй удирдаж байна. Цаашлаад МАН-ын Бага, Их хурал руу ороход Х.Нямбаатар дангаараа 50+1 хувь бүрдүүлэх том хүч. Эх сурвалжийн ярьж байгаагаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хотын МАН-ын хороог авах үүрэг хүлээсэн хүн аж. Тиймдээ ч “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр Э.Бат-Амгаланд энэхүү үүргийг хүлээлгэн Х.Нямбаатарын өөдөөс тавьсан ч цаадах нь булхайгаа ухуулаад дуусаж байгаа бололтой.  

Өнөөдөр Д.Амарбаясгаланг Бор тээгийн уурхайн асуудлаар буруутгаж, Л.Оюун-Эрдэнэд хилийн дагуу газар зарсан, Оюутолгой компаниас 20 сая ам.доллар гаргуулсан, нууц гэрээ гэх мэт хэд хэдэн зүйлээр буруутгаад байгаагаас нотолчихсон зүйл алга. Үнэн хэрэгтээ нүүрсний гэх асуудал, бүхий л нууц гэрээ Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байхад хийгдсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгээр онцолж, “Ерөнхийлөгчөөс санаачилсан хууль нь парламентын ардчилал, сонгох сонгогдох эрхэнд халдсан, цаашлаад Ерөнхийлөгчийн засаглал руу явах санаархал ч байж магадгүй. Тиймээс үүний төлөө тэмцэнэ” гэдгээ мэдэгдэнэ лээ. Том ахаасаа айхгүй байр сууриа илэрхийлж байгаагийн цаана томоохон төлөвлөгөө байж л дээ.  

Тэгвэл ах нарынхаа халуун мөрөөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж ирсэн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд ах нарынхаа бүхий л баримтыг үг үсэг гээхгүй мэдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл дүү нар ах нарт баримт байгаа бол бидэнд түүнээс ч илүү байна хэмээн халз үзэхээр бэлтгэсэн нь харагдана. Ихэд зоримог, өөртөө итгэлтэй байгаа зэргээс харвал ямар хэмжээний баримттайг нь бататгана. Л.Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяа болон бусад нөхөд байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа нь огтхон ч санамсаргүй хэрэг биш.  

Энд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын залуу үеийн лидерүүд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын дунд үеийн лидерүүд дундаа ноцолдохоор төр хямарч улс орон, ард түмний амьдрал уруудна. Тэгэхээр эв эеийг хичээх нь чухал санагдана.  

Өнөөдөр дэлхий дахин дайн дажинтай байна. Тэр тусмаа бидний мөнхийн хөрш ОХУ олон жил дайны хөлд нийгэм эдийн засгийн хувьд ч таагүй, өмнөд хөршийн АНУ-тай өрнүүлсэн худалдааны дайн ид өрнөж байна. Энэ хэрээр Монгол Улсын гадаад орчин, геополитикийн асуудал маш эмзэг байгаа. Ийм цагт хоёр их гүрнээр хүрээлүүлсэн жижиг улсын хувьд дотооддоо эв эеийг хичээж явахгүй бол биднийг алдааг хүлээн суугаа улс орон байхыг үгүйсгэхгүй.  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.