dobu.mndobu

Солонгосчууд орон нутгийнхаа төсвөөс Монголчуудыг эмчилнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-20

Солонгосчууд орон нутгийнхаа төсвөөс Монголчуудыг  эмчилнэ

Монгол Улсад оношлогдож, эмчлэх боломжгүй өвчний үед БНСУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй эмчлүүлэх, эмнэлгийн эмч, ажилтнуудыг сургах чиглэлээр хоёр улсын Эрүүл мэндийн яам хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Эрүүл мэндийн салбарын төлөөлөл дэлхийн эрүүл мэндийн салбарын сүүлийн үеийн чиг хандлага, мэдлэг, боловсролыг хуваалцах зорилгоор зохион байгуулагдсан "MEDICAL KOREA 2026"арга хэмжээнд оролцжээ.

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам нь дотооддоо эмчлэхэд хүндрэлтэй 25 нэр төрлийн өвчний эмчилгээний зардлын тодорхой хэсгийг Солонгосын орон нутгийн төсвөөс зарцуулах, Солонгост эмчлүүлэх өвчтөнд дэмжлэг үзүүлэх, хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг сэргээх, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх, Хавдар судлалын үндэсний төв II-ийн хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэндийн цахим шилжилт зэрэг чухал чиглэлүүдэд хамтран ажиллахаар болжээ.

2024 оны байдлаар Солонгост гадаад өвчтөнүүдийг эмчлэх гүйцэтгэлд Монгол өвчтөнүүд 25,731 хүнээр буюу 7-р байранд орсон ба нэг өвчтөнд ногдох эмчилгээний дундаж зардал нь Монгол өвчтөнүүдийн хувьд хамгийн өндөр буюу 11.87 сая вон байжээ.

Хоёр улсын засгийн газар мөн Солонгосын 24 шилдэг эмнэлгийн байгууллага, Монголын Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Солонгосын Эрүүл Мэндийн яам,  Хөгжлийн Хүрээлэнтэй хамтран өвчтөнүүдэд орон нутгийн санхүүжилттэй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ.

Солонгосын Эрүүл мэндийн яамны тайлбарласнаар энэ нь ноцтой өвчтэй монгол өвчтөнүүд Солонгост ирэхээсээ өмнө урьдчилан эмчлэх чадвартай эмнэлгийн байгууллагыг сонгох, улмаар тус улсад ирсний дараа тогтвортой эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг олгоно. Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэн нь Монголын эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын боловсрол, менежментийн чиглэлээр сургах, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Үүний дагуу эмнэлгийн эмч, ажилтнууд  ирэх долоодугаар сараас эхлэн нэг сар орчим сургалтад хамрагдахаар төлөвлөж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Бид Солонгосын анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг хуваалцаж байгаа нь Монголын ард түмний эрүүл мэндийг сайжруулах, эмнэлгийн эмч,  ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн тус болно" гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.