0

Украины хоёр дахь том хот болох Харьков хотод дайны нөхцөл байдал боловсролын салбарт сөрөг үр дагавар авчирч, сургуулиудыг метроны буудал буюу газар дор шилжүүлэхэд хүргэжээ.
ОХУ-ын хилээс ердөө 40 км зайд орших тус хотод байнгын агаарын довтолгооны аюул тулгарч байгаа тул сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор метроны буудлуудыг “газар доорх сургууль” болгон ашиглаж байна.
Тухайлбал, хотын зүүн өмнөд хэсэгт байрлах Александр Масельский өртөөнд ахлах сургуулийн захирал, англи хэлний багш Максим Тристапшон сурагчидтайгаа өдөр бүр газар дор уулзаж, хичээл зааж.
Газар доорх метроны буудлыг засварлан жижигхэн анги танхим болгож, долоо хоногийн турш ээлжлэн хичээллэж, 2000 орчим сурагчийг хүлээн авч байна.
Хүүхдүүдийн хувьд энэ нь гэртээ онлайн хичээл хийхээс илүү аюулгүй, нийгэмших боломжтой орчин болжээ.
Орос-Украины дайн эхэлснээс 2022 оноос хойш Харьков мужид 100 гаруй хүүхэд, 3000 орчим энгийн иргэний амь үрэгдсэн байна. Дайны байдал хүндэрснээс болж агаарын түгшүүр өдөрт хэд хэдэн удаа дуугарч, пуужин, дроны халдлага үргэлжилж, Харьков хотод метро болон бункерт байрласан нийт 18 орчим сургууль үйл ажиллагаа явуулж, 20 мянга гаруй сурагчийг хамруулж байна. Эдгээр сургуулиудад хүүхдүүдэд хичээлээс гадна хоол хүнсээр хангаж, үе тэнгийнхэнтэйгээ харилцах боломжтой орчныг бүрдүүлжээ.
Албаныхны мэдээлснээр "Дайн эхэлснээс хойш Украин даяар 4000 гаруй сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль эвдэрч сүйдсэн бөгөөд зөвхөн Харьков хотод л гэхэд сургуулийн гуравны хоёр нь нурсан" гэв
Ийм нөхцөлд боловсролын салбар аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хүүхдүүдийг хамгаалангаа сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх шинэ шийдлүүдийг хэрэгжүүлсээр байна.
Эх сурвалж: Daily express
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.