dobu.mndobu

“Монгол хүн-Баялгийн эзэн" Зөвлөлдөх санал асуулгад 1570 иргэнийг оролцуулна

“Монгол хүн-Баялгийн эзэн" Зөвлөлдөх санал асуулгад 1570 иргэнийг оролцуулна

Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.

“Монгол хүн - Баялгийн эзэн" Зөвлөлдөх санал асуулгыг холбогдох хууль тогтоомжийн дагуу үe шаттайгаар зохион байгуулах зорилгоор Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын алба, дэд ажын хэсгүүдийг байгуулж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар,  хоёрдугаар үе шатыг ирэх сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.

Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан.  Үүний дагуу нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно.

Бэлтгэл ажлын хүрээнд "Баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулж, холбогдох салбарын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид оролцсон. 

Уул уурхайн салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд, банк, санхүүгийн салбар болон залуу эрдэмтэн, судлаачдын оролцоотой хэлэлцүүлгийг 27-нд  зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сайжруулах боломж, шийдлийн талаар санал солилцоно. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.